Эхлэл Мэдээ Бүтээн байгуулалтын болон цаг үеийн ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлэх чиглэл өглөө

Бүтээн байгуулалтын болон цаг үеийн ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлэх чиглэл өглөө

55
0

    Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын Даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, өнгөрсөн долоо хоногийн ажлын мэдээллийг сонсов. Шуурхай зөвлөгөөнөөр  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй цаг үеийн болон томоохонбүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийн явцыг эрчимжүүлж, бодитой урагшлуулах үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил, нийгмийн цехүүдийн засвар үйлчилгээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах зэрэг ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг даруй шийдвэрлэхийг ажил хариуцсан орлогч, удирдлагуудад үүрэг болгосон. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй, хэвийн ажиллаж урьдчилан сэргийлэх ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн байна. ХАБ-ын дөрөвдүгээр шатны хяналт шалгалтыг Ил уурхайд зохион байгуулж, тус цехийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд “хангалттай” үнэлгээ өгчээ. Мөн ХАБЭА-н цахим сургалтад нийт 256 хүн хамрагдсан байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, ариутгалын  ажлууд тогтмолжиж, өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд 29 хүн тусгаарлагдаад буй аж.

     Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт хэвийн үргэлжилж, намар өвлийн бэлтгэл хангах 292 ажил төлөвлөгдсөнөөс 40 гаруй хувийн биелэлттэй байна. Намар өвлийн бэлтгэл ажилд цех нэгжүүд онцгой анхаарч, цаг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхийг Үйлдвэрлэлийн хэлтсээс анхааруулав. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, газар хэлтсийн удирдлага 7 хоногийн ажлын тайлан мэдээлэл болон ойрын зорилт төлөвлөгөөг танилцуулсны дараа Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нар мэдээлэл хийв. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд үйлдвэрийн залуу ажилтны уулзалт, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн удирдах ажилтнуудын хагас жилийн ажлын үнэлгээ гаргаж байгааг газрын дарга О.Отгонбаяр мэдээллээ. Ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Эрчим хүчний ажилтны өдрийг тохиолдуулан зарим ажилтанд Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн төр захиргааны байгууллагын шагнал гардуулсан. Эрчим хүчний яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Цахилгааны цехийн инженер П.Ганчимэг, тус яамны “Хүндэт жуух” бичиг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух” бичиг, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Монгол-Оросын найрамдлын 70 жилийн ойн дурсгалын медалиар М.Бямбасүрэн, О.Отгонбаяр нарын нийт найман ажилтныг тус тус шагналаа.  

Фото Б.Баттөгс

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here