Монгол орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө тэмцэж хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр – Монголын ахмадын баярын мэндийг Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласны дагуу манай улс энэ өдрийг Ахмад настны баярын өдөр болгож 29 дэх жилдээ орон даяар өргөн тэмдэглэсээр ирлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, шударга ёс тогтоохын төлөөх ил тод тэмцэл, манлайлагч нөлөө өндөр байсны дүнд УИХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж сонгогчдын итгэлийг хүлээж Засгийн газраа дангаараа байгуулан ажиллаж байгаа онцлог үед ахмадын баярыг төв, орон нутагт өргөн тэмдэглэж байна.
УИХ, Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд ахмад настнууд руу чиглэсэн олон чухал шийдвэрүүд гаргаж Ахмад настны тухай, Насны хишиг олгох тухай хуулиуд баталсан. Ахмад настны тухай хуулиар нийт ахмадуудын эрх, нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх үндэсний хэмжээний бүтэц, тогтолцоо бүхий “Монголын ахмадын холбоогоор ахмадын холбогдолтой төрийн тодорхой чиг үүргийг гэрээлэн гүйцэтгүүлж байх” асуудлыг хуульчилж улмаар Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол гаргаж Монголын ахмадын холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн хүрээг тогтоосноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой жил бүр хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа нь эрх зүйн чухал ач холбогдолтой шийдвэр болсон.
Засгийн газрын 2019 оны 221 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийт байгууллагын удирдлагад тусгайлсан үүрэг даалгавар өгч, нийслэлд “Ахмадын хөгжлийн ордон” байгуулах зураг төсөв, газар болон холбогдох зардлыг 2020 оны нийслэлийн төсөвт тусган шийдвэрлэхээр уг тогтоолд заасан нь Ахмад настны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
2020 оны эхээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэнд олон мянган ахмадууд талархал илэрхийлсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 389 дүгээр тогтоолоор “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталж түүнийг хэрэгжүүлэх талаар төв, орон нутгийн ахмадын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Төр, засгаас баталсан дээрх хууль, тогтоол шийдвэрийг цогцоор нь хэрэгжүүлэх, эхлүүлсэн ажил, арга хэмжээ бүрийг бүх түвшинд нэг ойлголт, нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлж төрийн ажлын залгамж чанарыг хадгалж ажиллах нь онцгой чухал болж байна.
Саяхан Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс Монгол улсын Ерөнхий сайдад хандаж ахмадуудын өмнө тулгамдсан доорх асуудлуудад анхаарлаа хандуулж холбогдох арга хэмжээ авах талаар санал хүргүүлээд байна. Үүнд:

  1. Засгийн газраас тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож тэтгэврийн зөрүүг арилгахад тухайн тэтгэвэр авагчид хэдэн төгрөг нэмж шаардагдахыг тогтоож, 2010 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгахад онцлон анхаарах, ялангуяа 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2021 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн барагдуулах, жил бүрийн улсын төсөвт зөвхөн тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж 200-гаас доошгүй тэрбум төгрөгийг нэмж тусгах замаар 2021-2024 онд багтаан бүрэн шийдвэрлэх бодлого баримтлах
  2. 2021 он бол түүхт ойнууд олон тохиох онцлог жил бөгөөд Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой болох тул энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Монголын ахмадуудын улсын II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг хэлэлцүүлж бодлогоо тодорхойлох
  3. Нийслэлд “Монголын ахмадын хөгжил төв” байгуулах зураг төсөв, газрын асуудлыг 2020 онд бүрэн шийдвэрлэж, Герентологийн үндэсний төвийн барилгыг 2021 онд ашиглалтад оруулахыг 2021-2022 оны улсын төвлөрсөн төсөвт тусган цогц шийдэх
  4. Ахмадуудын амьжиргааг дэмжих, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд зориулж ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20 хүртэл хувийг тусгайлан хуваарилж ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмждэг журам тогтоох
  5. Орон гэргүй ахмадуудад “түрээслэн эзэмшээд өмчлөх” зарчмаар түрээсийн орон сууц олгох журмыг хялбаршуулж ахмадуудад оногдох квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх
  6. Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмадуудад хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жорыг өрхийн эмнэлгүүд сарын туршид бичиж тухайн сардаа аль ч эмийн сангаас чөлөөтэй авах журам тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудад хүрэлцээтэй хуваарилж, ахмадуудад чирэгдэлгүй үйлчлэх шуурхай арга хэмжээ авах
  7. Монголын ахмадын байгууллагуудын интернет сүлжээ, техник тоноглол, материаллаг баазыг бэхжүүлэхэд гадаад, дотоодын хандив тусламж төсөл, хөтөлбөрөөр дамжуулж тусгайлан дэмжлэг үзүүлэх, ялангуяа Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолыг үндэслэн Монголын ахмадын холбооны санхүүжилтийн хэмжээг Ерөнхий сайдын 2018 онд Ахмадын дээд, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөний төлөөлөгчидтэй уулзах үеэр илэрхийлсний дагуу жилд 450.0 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлж, ахмадын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
  8. Засгийн газрын 2019 оны 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, орон нутагт ахмадын байр, ордон өргөө, танхим байгуулж тохижуулах, хэвийн ажиллуулахад тухайн шатны Засаг дарга нараас бодитой туслалцаа үзүүлэх, ахмадын байгууллагуудын үйл ажил-
    лагааны зардал, идэвхтэн сонгуультны цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт чиглэл өгөх
    Эдгээр асуудлыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд анхаарлынхаа төвд байлгаж ахмадуудын олон жилийн туршид тавьсан санал хүсэлтэд бодитой хариу өгч дэмжлэг үзүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Ахмадын баярын өдрийг угтсан бүтээлч хоёр сарын ажлын хүрээнд настан буурлууддаа зориулсан соёл урлаг, спортын арга хэмжээг орон даяар зохион байгуулж орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагуудаас ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсээр байна.
    Эрхэм хүндэт ахмад буурлуудаа Ахмадынхаа өдрөөр сайхан баярлаж эрүүл энх, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөл өргөн хүндэтгэе.
    МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.СҮХБААТАР

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here