Эхлэл НИЙГЭМ Ж.Батсуурь: Айл өрхүүд тоолуураа идэвхтэй ашигладаг сайн жишиг тогтсон

Ж.Батсуурь: Айл өрхүүд тоолуураа идэвхтэй ашигладаг сайн жишиг тогтсон

65
0

С.ИЧИНХОРЛОО

Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриатайгаар улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Уг өдөрлөг ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилготой байв.

Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг монголчууд бидний усны жилийн хэрэглээ жилд 500 сая шоо метр байдаг аж. Үүнээс нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээ, 38.5 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс хэрэглээгээ хангадаг. Харин 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас 9.1 хувь нь булаг, шанд, гол, горхины усыг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Усны хэрэглээний түвшин харилцан адилгүй байдаг бөгөөд орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-250, хөдөө орон нутаг болон гэр хороололд амьдардаг иргэд 5-10 литр ус хэрэглэдэг байна. Үүнээс ус ашиглалтын хэмжээ жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсууриас тодруулахад “Улаанбаатар хотод ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ хариуцдаг 100 гаруй байгууллага бий. Хэрэглэгчээ дээдэлж тэдний санал гомдлын хүлээн авч, барагдуулан ажиллаж байна. Надад олон жилийн усны хэрэглээний судалгаа бий. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нийслэлийн усан хангамжийг хариуцсан том байгууллагын олборлодог усны хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй. 2011 оныг 2019 онтой харьцуулахад 1.3 сая шоо метрээр бага ус олборлосон. Энэ нь усны хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч алдагдаж байсан алдагдлыг бууруулж чадсантай холбоотой. Түүнчлэн айл өрхүүд усаа хэмнэж, тоолуураа идэвхтэй тавиулсан сайн жишиг тогтоолоо. Одоогоор 80 гаруй мянган өрхөд тоолуур суурилуулснаар усны зүй бус хорогдол нэмэгдэхгүй. Усны байгалиас олборлож байгаа нөөц сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад нэмэгдээгүй байна. Орон сууц, барилга байгууламж жил ирэх тусам нэмэгдэж байхад усны хэрэглээ хэвийн хэмжээнд байгаагаас усаа иргэд усаа ариг гамтай хэрэглэж, усны алдагдлыг бууруулсан үзүүлэлттэй байна. Энэ нь техник тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой. Хотын усан хангамжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь Улаанбаатар хотын усан хангамж, төвлөрсөн шугам сүлжээг нэмэгдүүлнэ. Мөн гэр хорооллын ус түгээх байруудын ухаалаг усны шугам сүлжээтэй болгох, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дахиж цэвэршүүлээд техникийн зориулалтаар ашиглах зэрэг олон ажлыг шат дараатайгаар хийх юм” гэлээ.

“УХААЛАГ СӨХ” АППЛИКЭЙШН НЭВТРҮҮЛНЭ

Эгнүүлэн зассан асарт байгууллага бүр өөрийн мэдээллийг байрлуулснаас гадна иргэдийн асуултад хариулж, тэдний санал гомдлыг цаг алдалгүй яаралтай шийдвэрлэж өгч байлаа. Орон сууцанд халаалт ирээд удаагүй байгаа учир “Халуун ус тасалдаж, халаалт ирэхгүй байна. СӨХ нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэхгүй. Ажлаа муу хийдэг” гэсэн гомдлыг холбогдох албаныханд иргэд хэлж байгаа нь чих дэлсэв.

Тэгвэл орон сууцанд амьдардаг айл өрхүүд Сууц, өмчлөгдийн холбоог бүгд мэддэг. Харин СӨХ-ны төлбөр хэдэн төгрөг байх ёстой, юунд зарцуулдаг, тэд иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх ёстойг тус холбооны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодруулахад Иргэдэд тулгамдаж байгаа асуудал бол хаана хандаж, санал гомдлоо хэнд хэлэхээ төдийлөн мэддэггүй. Тиймээс бид нээлттэй хаалганы өдөрлөгөөр ямар асуудлаар СӨХ болон контортоо хандахыг зөвлөхөөс гадна иргэдийнхээ санал гомдлыг сонсож, асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэж байна. Манай байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1500 гаруй СӨХ-г хариуцан ажилладаг. Гомдлын дийлэнх нь манай чиг үүрэгт байдаггүй асуудлын талаар байдаг. СӨХ орон сууцны байгууллагын дундын өмчлөлийг хариуцаж ажиллана. Цэвэрлэгээ, үйлчилгээ болон хонгилд байрлах инженерийн шугам сүлжээг засуулах, дээвэр, лифт, орцоо цэвэрлэх ёстой. СӨХ-д тулгардаг олон асуудал бий. Нэг айлаас 2500-3000 төгрөгийг жижүүр үйлчилгээний төлбөр гэж хурааж авдаг. Энэ мөнгийг 36 айлын тоонд үржүүлэхээр цалингийн доод хэмжээнд хүрч чаддаггүй. Тэгэхээр ийм бага цалинтай ажиллах хүн олдохгүй. СӨХ-ны үйлчилгээ нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Өдрийн цэвэрлэгчийн үйлчилгээ нэвтрүүлж чадлаа. Манай байгууллагын зөвлөлөөс СӨХ-г шинэ түвшинд гаргахыг зорьж байна. “Ухаалаг СӨХ” апп-ыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Үүгээрээ дамжуулж иргэдийн санал гомдлыг авна. Хог цэвэрлэгээ үйлчилгээг хэрхэн хийж байгааг харуулах боломжийг бүрдүүлнэ. СӨХ-ны тайлан мэдээ болон ажлын чиг үүргийг иргэдэд хүргэх зорилготой. Ажлыг хянах гол субьект иргэд юм” хэмээн хариуллаа.

Б.Батдэлгэр: ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД ӨДӨРТ 4000-5000 ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВДАГ

Орон сууцанд амьдардаг иргэдтэй нягт холбоотой ажилладаг газар бол ОСНААГ. Иргэд 70005454 дугаарт дуудлага өгч ус алдах болон бусад төрлийн тусламжийн үйлчилгээг авдаг. ОСНААГ-ын газрын ажилчид 24 цагийн турш иргэдэд үйлчилж ажилладгаараа онцлогтой. Энэ талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Б.Батдэлгэрээс тодрууллаа.

-Танай байгууллагаас нээлттэй хаалганы өдөрлөгт хэдэн төвийн ажилчид оролцож, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна вэ?

-Хэрэглэгчид үйлчлэх 16 төв, гурван түгээх төв, Удирдах газар гэсэн 20 салбарын бие бүрэлдэхүүн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. Энэ нь хэрэглэгчид хүргэдэг үйлчилгээг түргэн шуурхай өгөх, асуудал тулгарсан бол шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Иргэд ихэвчлэн ямар санал, гомдол ярьж байна. Газар дээр нь хэрхэн шийдвэрлэж байгаа юм бол?

-Манай байгууллага нийслэлийн 100 мянга гаруй айл өрх, 10000 аж ахуйн нэгжийн халаалт, халуун ус, дулаан түгээх, ариутгал татуургын ашиглалт үйлчилгээг хариуцаж ажилладаг. Хэрэглэгчид үйлчлэх 16 төв зургаан дүүрэгт байрладаг. Дуудлага өгсөн айл хол зайтай бол 30-40 минутад очиж байна. Яаралтай дуудлага буюу ус алдсан, цахилгааны дуудлага ирэхэд 15-30 минутын дотор очиж, засвар үйлчилгээг хийдэг.

-7005454 дугаарт өдөрт хэдэн дуудлага ирдэг вэ?

-Энэ тусгай дугаараар дуудлага хүлээн авч нийт 19 салбараар дамжуулж, дуудлагаа хуваарилж байна. Дуудлага ирсэн даруйд яаралтай очиж засвар хийж, үйлчилдэг байгаа. Хэрэглэгчид үйлчлэх төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Оргил ачааллын үе буюу айл өрхөд халаалт тавьсны дараа дулааны горим жигдэртэл өдөрт 4000-5000 дуудлага ирдэг. Зуны улиралд оршин суугчид засвар үйлчилгээ, ус алдсан, цахилгааны зэрэг 1500-3000 орчим дуудлага өгдөг юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here