Эхлэл Тойм Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган өөдрөг төсөөлөлтэйгөөр өндөрлөлөө

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган өөдрөг төсөөлөлтэйгөөр өндөрлөлөө

81
0

ДИСКОВЕРИ МОНГОЛИА

Д.МӨНХ

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнгийг тодорхойлдог “Дисковери Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт боллоо. Уг чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулж, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр одоо уул уурхайн салбарт явуулж байгаа үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг “COVID-19” цар тахлын үед хадгалахыг чухалчилж байгаагаа онцолж байлаа. Уг асуудалтай холбогдуулан “Дисковери Монголиа-2020”-д оролцсон зарим төлөөллийн байр суурийг хүргэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БИДЭНТЭЙ МАШ БОЛГООМЖТОЙ ХАРИЛЦАЖ БАЙНА

Д.Хаянхярваа: (“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал)

-Тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод үйл ажиллагаатай нь нарийвчлан танилцлаа. Компанийн засаглалыг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын түвшинд ярилцаж шийдэхээс гадна бизнесийн зарчмаар шийдвэрлэх асуудалд улс төрийн оролцоог багасгах шаардлагатай юм. Нөгөө талаар төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн боловсон хүчний бодлого чухал. Үүнээс гадна санхүүгийн сахилга бат, бүтэц зохион байгуулалт бүрэн утгаараа хэрэгжиж, төгс төгөлдөр болчихжээ гэж дүгнэх боломжгүй мэт харагдаж байна. Энэ бүхэнд суурилж ажлынхаа чиг баримтлалыг гаргах болно.

Бид өнөөдөр Баялгийн сангийн тухай хуулийн талаар ярилцаж байна. Үүнийг Ирээдүйн өв сангийн тухай хуультай харьцуулж, ямар зааг ялгаа байх ёстой, аль орлогоо энд төвлөрүүлэх, бүтэц зохион байгуулалтыг яаж хийх талаар нарийвчлан тусгах шаардлагатай. Улс төрийн зөв шийдвэр, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал манайд Баялгийн сан бий болох боломж, чадавх тодорхой хэмжээнд байна.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ тогтвортойгоор өсөх хандлагатай байгааг шинжээч, судлаачид хэлж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдыг татаж болох байх гэж найдаж байгаа ч бидэнтэй маш болгоомжтой харьцаж буй нь ажиглагдлаа. Бид хөрөнгө оруулалтын орчин тогтвортой, нээлттэй, хууль эрх зүй нь тууштай байх, нэгэнт байгуулсан гэрээ хэлцлээ мөрдөх зэрэгт хангалтгүй ажиллаж ирсэн гэж би үздэг. Тиймээс энэ талаар бат итгэлтэй, тогтвор суурьшилтай байж гэмээнэ гаднын хөрөнгө оруулагчдыг татна.

ЗЭСИЙН ҮНЭ ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ТЭНЦВЭРГҮЙ БАЙДЛЫГ ҮҮСГЭЖ БАЙНА

Арманда Торрес: (“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал)

-Өнөөдөр дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ өсөж, ихээхэн таатай нөхцөл бүрдэж байна. Цар тахлын үед энэ нь бидэнд багагүй дэм болох юм. Гэхдээ үнийн төлөвийг таамаглахад хэцүү ч эерэг талаас нь харвал манай худалдан авагчид, хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тэдэнд манай компанийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмал хэрэгтэй.

Олон улсын эдийн засаг тогтворжихгүй бол одоогийн зэсийн үнийн таатай үе удаан үргэлжлэхгүй байж магадгүй. Дэлхийн улс орнуудын зарим нь цар тахлыг хяналтдаа авч, эдийн засгаа сэргээж байна. Гэтэл нөгөө хэсэг нь “COVID-19”-тэй тэмцсээр л байгаа юм. Зэсийн үнэ ханшийн хэлбэлзэл нь энэхүү тэнцвэргүй байдалтай холбоотой гэж үзэж байна.

Цар тахлаас шалтгаалан нэг хэсэг нь үйлдвэрлэлээ хумьж буй одоогийн нөхцөл байдалд эдийн засаг санхүүгийн бие даасан чадвараа хамгаалах нь чухал.

ДЭЛХИЙГ ХАМАРСАН ЦАР ТАХАЛД УУЛ УУРХАЙН САЛБАР БАГА НЭРВЭГДСЭН

Г.Ганболд: (Голомт банкны ерөнхий захирал)

-Энэ жил “Дисковери Монголиа” чуулга уулзалт ихээхэн онцлог нөхцөл байдалд болж байна. Юуны өмнө “COVID-19” цар тахлыг хохирол багатай даван туулах ёстой. 18 дахь удаагийн энэ чуулганыг тасалдуулалгүй, цахим хэлбэрээр бус зохион байгуулж, нүүр тулан ярилцаж байгааг давуу тал гэж бодож байна. Бид уул уурхайн салбарыг дахин сэргээх, тогтвортой ажиллуулах талаар ярилцаж байгаа. Уул уурхайн салбар манай улсын ДНБ-ий 40 гаруй, экспортын 80-аад хувийг дангаараа бүрдүүлдэг. Хамгийн гол нь маш том ажил олгогч гэдэг эдийн засгийн чухал үзүүлэлт энэ салбарт ногдож байна.

Өнөөдөр алтны хувьд үнийн таатай нөхцөл олон улсад үйлчилж байна. Голомт банк сүүлийн таван жилд уул уурхайн салбарт нэг их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Судалгаанаас үзвэл, алтны салбар “COVID-19”-т нэрвэгдсэн салбарт тооцогдохгүй байгаа. Энэ нь зээлийн чанарын үзүүлэлтэд уул уурхайн салбарын эзлэх хувь харьцангуй бага байгаагаас ч харагдана. Одоо хайгуулын лицензүүдийг эргүүлэн сэргээж, уул уурхайн олборлолтыг идэвхтэй явуулах боломж нөхцөлийг хангаад өгчихвөл цар тахлын дараах үеийн хүндрэлийг давж гарахад илүү дөхөм болох болов уу гэж бодож байна. Үүний тулд улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засаг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орчныг сайжруулах нь чухал юм. Үүний тод жишээ нь Оюутолгойн гэрээ юм. Уг гэрээ Монголын эдийн засагтаа маш тодорхой, том хувь нэмрийг оруулсан. Одоо бид энэ гэрээнээс сургамж авч, алдаа оноогоо цэгнэх цаг болсон гэж бодож байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here