Эхлэл Хэлэлцүүлэг Ирэх оны төсвөөс 60-70 тэрбумыг хэмнэнэ

Ирэх оны төсвөөс 60-70 тэрбумыг хэмнэнэ

250
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ удаагийн төсөв хоёр онцлогтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газраас өргөн барьсан анхны төсөл төдийгүй дэлхий нийтийг түгшээж буй цар тахлын үеийнх гэдгээрээ өмнөх төсвөөс ялгаатай. Цаашилбал, ээлжит сонгуулийн дараа бүрдсэн УИХ-ын шинэ гишүүдийн хэлэлцэн батлах анхны төсөв. Төсвийн хэлэлцүүлэг дөнгөж эхэлсэн энэ үед төрийн өмчит үйлдвэрийн газруудын төдийгүй аж ахуйн нэгжүүдийн үргүй зардалтай холбоотой таагүй мэдээлэл гарч эхэлсэн учраас үүнд тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай гэж УИХ дахь эрх баригч намын бүлэг үзжээ. Энэ тухайд 2021 оны төсвийг хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Засгийн газраас өргөн барьсан төсвийн хувьд нэлээн өөдрөг төсөөлөлтэй төсөл болсон. 2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12.8 их наяд төгрөг байсан бол 2020 оны тодотголоор 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийг 13.1 их наядаар төлөвлөсөн. Энэ нь энэ жилийнхээс даруй 2.4 их наяд буюу 20 хувиар өндөр байгаа. Тиймээс бид энэ орлогыг оруулж чадах эсэхийг харж байна. Жишээлбэл, төрийн аж ахуйн нэгжүүд буюу улсын үйлдвэрийн газрууд, орон нутгийн улсын төсөвт үйлдвэрийн газруудын зүгээс төсөвт оруулж буй орлого хангалтгүй байна. Засгийн газраас ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, реформын шинжтэй ажлуудыг хийхээр болсон. Үр ашиггүй энэ олон аж ахуйн нэгжийг төр хэл ам татлан байж авч явх хэрэгтэй эсэхийг эргэж харах ёстой гэж үзсэн. Ингэснээр төсөвт төдийгүй ард түмэндээ ээлтэй байх талд яаралтай арга хэмжээ авч, өөрчлөлтийг 2020, 2021 онд хийж, үр дүн нь 2022 онд гарах зохион байгуулалтыг Засгийн газар нэн даруй хийх хэрэгтэй.

Ажлын хэсгийн зүгээс тэвчиж болох хөрөнгө оруулалт болон хэмнэж болох урсгал зардлуудыг судалсан. Ингэснээр урьдчилсан байдлаар 60-70 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж үзлээ. Үүнээс том дүнтэйг нь дурдвал халамжийн зардлуудыг нэрлэж болох юм. Энэ жил 1.3 их наяд төгрөгийг халамжийн зардалд зориулсан. Түүнээс 860 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгө, үлдсэн 500 гаруй тэрбум төгрөгийг 68 нэр төрлийн, хуулиар олгодог халамжид зарцуулсан. Эдгээр халамжийн сүүлийн жилүүдийн төсвийн харилцааг судлахад 3.5 хувийн хэмнэлт гаргаж болох судалгаа гарсан. Тиймээс ямар нэг эрсдэл гаргахгүйгээр, 25 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж болох санал гарсан. Мөн тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, нэг удаагийн урсгал зардал, томоохон арга хэмжээний зохион байгуулалтаас 20 орчим тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн байна” гэлээ. Ямартай ч төр, улсын гэх тодотголтой үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төсвийн захиран зарцуулалт, орлого төвлөрүүлэлтэд Засгийн газраас тусгайлан анхаарал хандуулж, оновчтой менежмент хийх чиглэлд ажиллаж эхэлжээ. Улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр олны анхаарлыг татсан бас нэг асуудал нь УИХ-ын гишүүдийн мэдлийн буюу тойрогтоо зарцуулахад зориулагдсан 200 гаруй сая төгрөгийн зарцуулалт юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд энэ мөнгийг төрийн бус байгууллагаар дамжуулан авдаг буюу татвараас зугтдаг гэх шүүмжлэл өрнөж эхэлсэн. Энэ асуудлын хүрээнд болон ирэх оны төсвийн төслийн талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.

Ч.ХҮРЭЛБААТАР: АЛИВАА АЛДАА ДУТАГДАЛ, АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗҮЙ БУС ҮЙЛДЛИЙГ ЦЭГЦЛЭХ ҮҮДНЭЭС ТӨСВИЙГ БОЛОВСРУУЛСАН

-Төсвийн сахилга батыг сайжруулах тухайд бид маш нухацтай хандаж байгаа. Үүний нэг илрэл нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс 4-5 төсөвтэй явж ирснийг болиулж, нэгтгэсэн. Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлсэн. Төрийн бүх мэдээллийг ил тод болгож эхэллээ. Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлж, улсын төсвийн хөрөнгийг үргүй зардаг байдлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа. Энэ байр сууриа бид 2021 оны төсөвт ч мөн нэлээд сайн тусгасан. Төсвийн хуваарилалт тэгш бус байна гэх шүүмжлэл байнга л гардаг. Энэ жилийн тухайд Баянхонгор аймгийн төсвийг онцлоод байгаа юм. Би үүнийг дахиад тайлбарлая. Завханд хэсэгхэн буюу 20-30 км газарт засмал зам тавьчихвал бүх аймаг хатуу хучилттай авто замтай болчихож байгаа юм. Аймгуудыг хатуу хучилттай авто замтай болгох ажил сүүлийн 20 жил үргэлжиллээ шүү дээ. МАН анх мянганы замын ажлыг эхлүүлж байсан. Тэгэхээр аймгуудад зам тавих ажлын төсвийг улсын төсөвт тусгаж таарна биз дээ. Тиймээс энэ замын ажлын төгсгөл буюу Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн авто замын ажлын зардлыг 2021 оны төсөвт тусгасан нь ил харагдсан учраас олон нийтийн шүүмжлэлд өртчихөөд байгаа юм. Нөгөөтэйгүүр Хэнтий аймагт өндөр төсөв тавьсан гээд байгаа юм. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээний ажил үргэлжилж байна шүү дээ. Бид дөрвөн жилийн өмнөөс бодлогоо гаргасан. Аялал жуулчлалын салбарын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь л энэ. 2021 онд Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж байгаа. Үр ашиггүй байдлыг нь таслан зогсоох, тэр бүү хэл засаглалынх нь асуудлыг хүртэл авч үзэх ёстой. Цаашлаад удирдлагуудад нь хариуцлага тооцох механизмыг улам сайжруулах ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа. Үүнийгээ бид 2021 оны төсвийн төсөлд маш тодорхой тусгасан. Үр дүн нь гарна гэж бодож байгаа.

Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд тухайн үйл ажиллагаа явуулахдаа хамгийн бага зардлаар, зөв менежментээр явуулдаг байх ёстой юм. Улсын төсөв дэх бүх алдаа дутагдал, албан тушаалтнуудын зүй бус үйлдлийг цэгцлэх үүднээс ирэх оны төсвийг боловсруулсан.

Х.БУЛГАНТУЯА: УЛСЫН ТӨСВИЙН ТООЦОО, СУДАЛГААНД ИРГЭД САЙТАР АНХААРАЛ ХАНДУУЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Ирэх оны хувьд төсвийн алдагдлыг өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин багасгасан. Гэсэн хэдий ч алдагдалтай хэвээр байгаа учраас аль болохоор багасгах үүрэг чиглэлтэйгээр төсвийн ажлын хэсгийнхэн ажиллалаа. Ингэхдээ шаардлага хангахгүй, эдийн засгийн хүнд цаг үед онцын шаардлагагүй зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах нь зүйтэй гэж харж байгаа. Мөн зарим төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хойш нь тавих санал, санаачилгыг гаргаж байна. Урсгал зардлын хувьд улсын төсөвт байгууллагын дийлэнхээс нь зардал хэмнэх шаардлага тавьчихаад байна. Харин эсрэгээрээ шинээр хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвт суулгасан. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй холбоотойгоор 2019 онтой харьцуулахад ирэх оных бараг хагас их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд ч гэсэн “COVID-19”-тэй холбоотой аливаа эрсдэл байсаар байна гэж тооцоолсон. Тиймээс эрүүл мэндийн салбарын төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзсэн. Ер нь өнгөрсөн дөрвөн жилд ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэлээд хэдэн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авахдаа Монгол Улсын Засгийн газар томоохон үүрэг хүлээсэн. Тухайлбал, төсвийн сахилга батыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна нийгэм, эдийн засгийн тооцоо судалгааг маш сайн хийсэн байх ёстой гэж үзсэн. Улсын төсөвт иргэд олон нийтийн зүгээс анхаарал хандуулах ёстой хамгийн чухал зүйл нь төсвийн хөрөнгө оруулалтын цаадах тооцоо судалгаа байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, ямар тооцоо судалгааг хэрхэн хийсэн, үүнд аудит хяналтаа тавьсан уу гэдэгт сайтар анхаарч, хяналт тавих ёстой юм. Жишээлбэл, яамдад хуваарилсан төсвийн тооцоо судалгааг санхүүгийн асуудал эрхэлсэн яам өөрөө хянах нь магадгүй учир дутагдалтай байж болох учраас иргэдийн хяналтыг чухалчлаад байгаа юм.

УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулахаар авдаг 200 гаруй сая төгрөгийг төрийн бус байгууллагуудаар дамжуулдаг буюу татвар төлөхгүй байна гэх асуудлын хувьд үйл ажиллагааны чиглэлээс шууд хамаарна. Хуулиар бол төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах, санхүүжилт гаргахыг хориглосон заалт байхгүй.

С.АМАРСАЙХАН: ТӨСВӨӨС ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ ГАРГАСАН

-Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд тэвчиж болох зардал гэж үзээд хэд хэдэн асуудалд анхаарал төвлөрүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх буюу хэчнээн төгрөгийн халамжийг улсаас тарааж, түүнийг нь хэн авч байна вэ гэдгийг эргэж харъя. Очих ёстой эзэндээ очиж байгаа эсэхэд хяналт тавина гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн өмчит үйлдвэрийн газар маш олон бий. Тэндээс тэвчиж болох зардлуудыг нь таная гэж байгаа юм. Хэчнээн үйлдвэр ашигтай, хэчнээн нь ашиггүй ажиллаад байгааг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж ажиллахаар болж байна. Гуравдугаарт, орлогоо нэмэгдүүлэх тухайд төвлөрч ажиллана. Ер нь бид улсын төсөв гэж таван тэрбум ам.долларын л асуудал яриад байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид орлогоо хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, байгаа хэдэн төгрөгөө юунд хүргэх вэ гэдэг л асуудал юм шүү дээ. Тиймээс зах зээлийн урт хугацааны бодлоготой уялдуулах ёстой гэж үзэж байгаа юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд улсын төсвийг хэлэлцэх хүрээнд нийслэлийн төсвийг танах тухай асуудлыг хөндөж эхэлсэн. Миний хувьд үүнд хатуу байр суурьтай байгаа. Нийслэл хотын хүн амын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ хэрээр нийслэлийн зүгээс улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгөн дүн өссөөр ирсэн. Хүн амаа бодсон ч хэрэгцээ шаардлагаа харсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа учраас нийслэлийн төсвийг танаж болохгүй. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой орлогынх нь хэмжээг жил ирэх бүр нэмдэг атлаа захиран зарцуулах хөрөнгийнх нь хэмжээг танаад байж болохгүй. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах болон хууль санаачлах, бусад зардалд зарцуулах төсвийн дээд хязгаарыг 200 сая гэж тогтоосон байдаг. Энэ мөнгийг тийш нь төдийг өг гэсэн нарийвчилсан заалт байдаггүй. Аливаа үйл ажиллагааны зардал гарсан тохиолдолд УИХ-ын Тамгын газарт мэдэгдэж, зардлаа гаргуулж авдаг. Миний хувьд өнөөдрийн байдлаар ямар нэгэн зардал гаргуулж авсан зүйл алга.

Г.АМАРТҮВШИН: УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

-Улсын төсвийг сайн, муу боловсруулсан гэхээсээ илүү бид эхлээд төсвийнхөө хуваарилалтад анхаарал хандуулах ёстой юм. Хамгийн гол зүйл нь зарцуулалт шүү дээ. Нийт зарлагын 75 хувь нь урсгал зардал байдаг бол үлдсэн нь хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр юун түрүүнд урсгал зардлаа хэрхэн, яаж бууруулах ёстой юм бэ гэдэгт төвлөрч ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Хуваарилалтаа зөв хийхээс бүх зүйл эхлэх учраас энэ маш чухал. Нөгөө талаас эдийн засгийн өсөлт. Төсвийн орлого нэмэгдэж байвал улс эх орон бүсээ чангалах бус шаардлагатай аливаа ажилд хөрөнгө оруулалтаа гаргаад зарцуулаад явж болно гэсэн үг. Эсрэгээрээ орлого дутуу байвал асуудал үүсэх нь тодорхой. Улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр бидний ярьж, баримталж буй гол зарчим бол танах. Зарлага тал дээр тэвчиж болохоор зүйл байна гэж хараад байгаа юм. Миний хувьд алдагдлын санхүүжилтэд төдийлөн санаа зовохгүй байгаа. Учир нь санхүүжигдэх боломжтой гэж тооцоолж байгаа. Төсвийн хуваарилалт тэгш бус болсон байна гэх шүүмжлэл маш их өрнөж байна. Гэтэл энэ нь өнгөцхөн дүгнэлт буюу зөвхөн тоон дүн яриад байгаа юм. Цаасан дээрх тоо хараад шүүмжлэхэд амархан шүү дээ. Нарийвчилсан задаргааг маш сайн харах хэрэгтэй гэж хэлье. Өмнө нь баталсан төсөл хөтөлбөрүүд нь он дамжин үргэлжилж байгаа ажил ч бий. Нөгөө талаас санхүүжилтийг нь харах хэрэгтэй. Азийн хөгжлийн банкнаас болон бусад томоохон байгууллагаас санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бид үргэлжлүүлээд явах учиртай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here