Эхлэл Боловсрол Хүүхдийн номын санд Монголын ирээдүй бий

Хүүхдийн номын санд Монголын ирээдүй бий

74
0

Г.СОНИНБАЯР

“ЭВТ ҮЗЭГ”-ТЭЙ НОМЫН ӨРГӨӨ

Хөгшин, залуу, хүүхэд нялхасгүй дэлгэцийн хамааралтай болж, гар утсанд донтож, сэтгэл зүйн эмгэгтэй болж буй өнөө цагт хүүхдийн номын сан танхим дүүрэн уншигчтай, тасалгаа дүүрэн номтой байна гэдэг сайхан хэрэг. Хүүхдийн төв номын сан жилд үйлчлүүлсэн уншигчдынхаа тоогоор Үндэсний номын сангаас давдаг гэх мэдээлэл магнай тэнийлгэнэ. Хүүхдийн ном нимгэхэн, жижиг болохоор хурдан уншдаг, тиймээс танхимаар болон гэрээр авч уншсан номын тоо ийм өндөр гардаг хэмээн томчууд барьцах аястай байдаг гэх. Аль нь ч байлаа гэсэн хүүхэд багачууд номд дурлаж байгаа нь л хамгийн гэрэл гэгээтэй мэдээ билээ.

Ном уншихын төлөө хотын төвийг зорьдог мянга мянган бяцхан иргэдийн хувьд Хүүхдийн төв номын сан мөрөөдлийн өргөө, аз жаргалын ордон нь.

Тэнд очиж дуртай номоо уншиж, бас тоглож наадаж, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхийг хүсдэггүй хүүхэд гэж үгүй биз ээ. Хүүхдийн төв номын сангийнхан нийт зургаан танхимаараа өдөрт 300 гаруй хүүхэд хүлээн авч үйлчилдэг бөгөөд жилдээ соёл, гэгээрлийн 200 гаруй үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Энэ нь тус номын өргөөнд өдөр алгасахгүй шахам номын баяр, уншигч, зохиолчдын уулзалт, өдөрлөг, уран уншлагын тэмцээн, чанга уншлага зэрэг төрөл бүрийн сонирхолтой, өгөөжтэй ажлыг зохиодог гэсэн үг. Энэ бүхэн хүүхдүүдийг номд дурлуулах, улмаар номын ачаар зөв хүмүүжил, төлөвшлийг олж авах, өөрийгөө хөгжүүлж, тал бүрийн мэдлэгтэй болоход нөлөөлдөг нь мэдээж.

Ийм таатай нөхцөл орчин бүрдүүлж, ном, соёлын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаагийн цаана хүүхэд багачуудын ойлгож, мэдэхгүй олон асуудал бас бий аж. Мэдээж тэр нь томчуудад хамаатай гэдэг нь ойлгомжтой. Наад зах нь Хүүхдийн төв номын сангийн байр савны хүрэлцээ, гадна дотно орчны стандарт, норм, аюулгүй байдал гээд яривал асуудал олон. Тэр “олон”-ы зах зухаас тодруулж, сурвалжлахаар хүүхдийн номын өргөөг зорив. Биднийг очиход тус номын сангийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийнхөн “Шидэт номын найзууд” нэртэй ээлжит уулзалт, уран үгсийн чуулганаа хийж таарсан юм. Бяцхан уншигчид дуртай дуу, шүлгийнхээ зохиогчидтой уулзан, тэдний шинэ уран бүтээлийн дээжээс сонсож, басхүү өөрсдийн сурсан дуу, шүлгээ уншиж өгч тун хөл хөгжөөнтэй байлаа. “Эвт үзэг” төвд зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач зэрэг хүүхдийн 30 гаруй уран бүтээлч харьяалагддаг гэнэ. Хүүхдийн зохиолч О.Сундуй, Д.Батжаргал, Г.Ганболд, Н.Саалуут, А.Найгалмаа, Ц.Байгалмаа, Ц.Энхтүвшин, хөгжмийн зохиолч, хөгжмийн багш Б.Соронзонболд, яруу найрагч, зураач М.Амархүү гээд олон сайхан уран бүтээлч “Эвт үзэг”-т гар, сэтгэл нийлэн, ирээдүйн иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Байгуулагдаад найман жил болж байгаа энэхүү уран бүтээлийн төв Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг, нэг ёсондоо тэдний нэг бүтэц, бүрэлдэхүүн, хамт олных нь салшгүй хэсэг шиг болтлоо дотносож, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр нэгдэж нягтарчээ. Зуны урин дэлгэр цагт “Эвт үзэг”-ийнхэн уран бүтээлээ дээжлээд, Хүүхдийн төв номын сангийнхан номоо ачаад хөдөө орон нутгаар аялж, хүүхэд багачуудад урлаг, соёлын тоглолт, номын баяр, өдөрлөг, сургалт хичээлээр бэлэг барьдаг аж. Найрагч, зохиолчид шинэхэн шүлгээ уншиж, хөгжмийн зохиолчид тэр дор нь аялгуу зохиогоод хүүхэд багачуудад зааж өгөхөд тэд цагийн дотор сураад, шинэхэн дууг нь дуулаад л гэртээ харьцгаадаг байна. Хүүхдийн төв номын сангийнхан “Эвт үзэг” төвийнхөнтэй хамтран ийнхүү хөдөө аймгууд болон нийслэлийн алслагдсан дүүрэг, хороо, тосгонуудад олонтаа очжээ. Ийм таатай мэдээлэл сонсож, уран бүтээлийн өдөрлөгийг нь нүдээр үзсэн хэдий ч энэ удаа хүүхдүүдийг биш томчуудыг сурвалжлах гол зорилготой очсон тул Хүүхдийн төв номын сангийн захирал болон удирдах ажилтнууд, номын санчидтай уулзахаар яарав.

ХҮҮХДҮҮД ТОМЧУУДААС ИЛҮҮ УНШДАГ

Эдүгээгээс таван жилийн өмнө буюу 2015 оны зургаадугаар сарын 30-нд тухайн үеийн Хүүхдийн номын ордныг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судалж үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасан Засгийн газрын шийдвэр гарч байжээ. Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлэхийг БСШУ-ы сайд Л.Гантөмөрт мөн үүрэг болгосноор тус номын сан нь 32 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Түүнээс өмнөх түүхийг нь сөхвөл Хүүхдийн номын ордон нь БСШУ-ы сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар тухайн үеийн Улсын төв номын сангийн харьяанд байгуулагдан, 2003 оноос дөрвөн уншлагын танхим, 16 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ. Тухайн үедээ Хүүхдийн номын ордон нь Улсын төв номын сангийн нэг салбар гэсэн статустай байсан бол 2004 оноос Хүүхдийн номын ордон гэдэг төсөвт байгууллага болж бие даажээ. Өөрөөр хэлбэл, ийнхүү 16 жилийн өмнө Монгол Улсад хүүхдийн номын сан бий болсон гэж үздэг юм байна. Эдүгээ Хүүхдийн төв номын сан монгол, англи, герман, орос, хятад зэрэг хэлээр хэвлэсэн 80 мянга гаруй ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй, зургаан уншлагын танхимаар жилд 4000 гаруй байнгын уншигч, 80 мянган иргэнд үйлчилж байгаа ажээ. Хүүхдийн төв номын санг Хүүхдийн номын ордон нэртэйгээр Улсын төв номын сангийн салбар болж байгуулагдах цагаас нь хойш 18 жил удирдаж буй хүний хувьд Д.Оюунбилэг  захирал байгууллагынхаа үүх түүх, өнөөг хүртэл явж ирсэн замналыг нэвт шувт мэддэг ажээ. Түүнчлэн энэ байгууллагын ирээдүй хэтийн төлөв ч түүний тархинд зурагдаж, төсөөлөлд нь биеллээ олчихсон явааг ярианаас нь мэдэрсэн юм. Хүүхдийн төв номын сан жилдээ Үндэсний номын сангаас хоёр дахин олон уншигчдад үйлчилдэг бөгөөд номын эргэлт маш сайн байдаг гэнэ. Эднийх бяцхан уншигчдадаа нийт зургаан төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд, уншлагын танхимаар үйлчлэхээс гадна гэрээр ном олгох үйлчилгээ хамгийн эрэлттэй байдаг гэнэ. Мөн алсагдсан дүүргүүдийн хүүхэд багачуудад зөөврийн номын сангаар үйлчилдэг байна. Ийм зөөврийн номын сангаар үйлчилдэг 20-оод төвөөрөө дамжуулан номын сангийн үйлчилгээ тэр бүр авах боломжгүй, эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч ажиллахыг чухалчилдаг байна. Сүүлийн үед номоор эмчлэхүй гэдэг аяныг өрнүүлж байгаа нь Хүүхдийн төв номын сангийн нэг шинэлэг үйлчилгээ болжээ. Ийнхүү анагаах ухааны эрдэмтдийн судалгааны үндсэн дээр хүнд өвчтэй болон асрамжийн газрын хүүхдүүдэд ном уншуулах үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа гэнэ. Ном уншсан хүүхдүүд өвчнөө мартагнаж, сэтгэл зүйн хувьд өөдрөг болдог төдийгүй эмчилгээ авахдаа хурдан болдог байна. Түүнчлэн ном солилцоо хийх нь тус номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг. Өөрийн номын санд байгаа номуудыг бусад газрууд, ялангуяа сургуулиудын номын сангуудтай солилцож хэрэглүүлдэг байна. Үүнээс гадна Хүүхдийн төв номын сан аман болон бичгийн лавлагаа өгөх үйлчилгээтэй. Орчин үеийн чиг хандлагаа дагаад цахим номын сангийн үйлчилгээг мөн нэвтрүүлжээ. Энэ бүх үйлчилгээний хүрээнд тус номын сангийн 80 гаруй мянган ном бүрэн эргэлтэд ордог бөгөөд жилдээ давхардсан тоогоор 100 гаруй мянган номоор үйлчилдэг байна. Ийм хэмжээнд хүүхдийн ном эргэлтэд орж байна гэдэг том үзүүлэлт. Хүүхдийн номын сан жилдээ 30 сая төгрөгөөр шинэ ном худалдан авч сан хөмрөгөө баяжуулдаг. Үүн дээр зохиолчид өөрсдийн хэвлүүлсэн шинэ номоо хандивладаг бөгөөд энэ нь жилд долоогоос найман сая төгрөг болдог байна. Дэлхий нийтийн практикт номын сангийн хамгийн идэвхтэй уншигчид нь хүүхэд, залуучууд байдаг жишиг манайд адил байгаа нь сайшаалтай. Хүүхэд, залуучууд маань бусад улс, үндэстний өсвөр үеийнхнээс дутахгүй, бүр болж өгвөл тэднээс илүү уншиж байж ирээдүйд эрдэм боловсрол төгөлдөр хүмүүс болно. Хүүхэд багачууд ийнхүү ном унших дадалтай, номд дуртай болж байгаа нь 20-оод жил уйгагүй “ноцолдсон”-ы үр дүн хэмээн Д.Оюунбилэг захирал өгүүлсэн. АНУ, ОХУ, БНХАУ, Австрали зэрэг улсад хүүхдүүд номын санд чин сэтгэлээсээ дурладаг. Ном унших дадал зуршил амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон учир номын санд очихгүй л бол болдоггүй бүхэл бүтэн давхарга байдаг аж. Өнөөгийн нөхцөл орчныг нь улам сайжруулаад өгвөл монгол хүүхдүүд ч гэсэн номын санд илүү олноороо ирэх болно. Үүний төлөө Хүүхдийн төв номын сангийнхан чармайн ажиллаж, хичээн зүтгэж байгаа ажээ.

ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО

Хүүхдийн төв номын сан байгуулагдсан цагаасаа хойш 18 жилийн турш айлын хаяа бараадаж, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хаяаг нь түшсэн айл нь Соёлын төв өргөө хэмээх нийслэлийн өмчит том байгууллага. Эдний нэг жигүүрт Уран зургийн галерейтай бөөр нийлсэн байранд Монголын хүүхдүүдийн цорын ганц номын сан байрладаг. Түрээсийн байр учир бие даасан номын сангийн шаардлагыг тэр бүр хангадаггүй байна. Хүүхдийн номын сангийн гадна, дотно орчин, уншлагын өрөө тасалгаа бүгд тусгай стандарттай. Энэ стандартууд Хүүхдийн төв номын санд зөрчигддөг. Тухайлбал, гадна талдаа хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой. Гэтэл өнөөгийн байгаа байрны нөхцөл байдал хоёр талаараа авто замтай, эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж ирэхдээ авто машинаа тавих зогсоол байхгүй, номын сангийн дөнгөж үүдэнд нь зэргэлдээх үйлчилгээний байгууллагууд тамхи татах цэг байгуулчихсан зэрэг олон хүндрэл бий. Ганц жишээ дурдахад Хүүхдийн төв номын сангийнхан гадаадын байгууллагад хандан уншлагын танхимаа тохижуулахаар санхүүжилт хүсэж төсөл бичиж хандахад үүдэн дэх тамхины цэгээ шийдчихээд ирвэл асуудалгүй хэмээн амыг нь тагласан гэнэ. Хүүхдийн байгууллага бүрд байдаг хүүхэд хамгааллын бодлого Хүүхдийн төв номын сангийн хувьд ийнхүү өөрсдөөс нь шалтгаалахгүй хүчин зүйлүүдээс болж зөрчигдсөөр байгаа аж. Дээр хэлсэнчлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг тул уншлагын танхимуудын хүрэлцээ хангалттай биш. Тиймээс 0-10 нас хүртэлх хүүхдүүд “Их мэдэх” гэж нэг л танхимаар үйлчлүүлдэг. Хэрвээ байр хүрэлцээтэй бол 0-3, 3-6, 6-10 гэх мэтээр нас насны онцлогт нь тохирсон уншлагын танхимууд нээх ёстой аж. Стандарт, норм, норматив зөрчигдсөнөөс үүсэж буй хүндрэл энэ мэтээр олон бий. Тиймээс Хүүхдийн төв номын сангийнхан 2012 онд хүүхдийн номын сан ямар байх талаар концепц боловсруулан ССАЖЯ-нд өргөн барьж байжээ. Гэвч хоёрхон жил болоод уг яам татан буугдаж, соёлын салбарынхан эзэнгүй болсноор юун хүүхдийн номын сангийн концепц вэ, тэр тухай битгий ярь гэх нь халгүй сайд, дарга нар гарч иржээ. Харин өнөөдөр Хүүхдийн төв номын сангийнхан тун баяртай байгаа аж. Эдүгээгийн Засгийн газар Соёлын яамыг 30-аад жилийн дараа анх удаа бие даалган байгуулснаар энэ салбарынхан магнай тэнийж байгаа. Хүүхдийн номын сангийнхан ч тэдний нэг. Учир нь, Засгийн газар Хүүхдийн төв номын сангийн барилгыг барихаар болж, газрынх нь асуудлыг бараг шийдэж байгаа юм байна. 2012 оноос хойш 24 удаа албан бичиг нааш, цааш шидэж, энэ асуудлыг хөөцөлдсөн ч бүтэл муутай байсан нь хэдхэн сарын дотор ажил хэрэг болох шатандаа орсонд Д.Оюунбилэг захирал баяртай байгаагаа хэллээ. Тэрбээр “Өмнө нь бид сайд, дарга нарт асуудлаа танилцуулж, албан бичиг хүргүүлж, араас нь өөрсдөө хөөцөлдөж гүйдэг ч үр дүн муутай байлаа. Гэтэл өнөөдөр Соёлын яам байгуулагдсанаар байдал өөр болж байна. Соёлын сайд салбарынхаа бүх байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудалтай нь танилцсан. Удалгүй яамнаас ярьж биднээс танилцуулга, судалгаа, тайлбар гээд олон бичиг цаас шаардаж, асууж сураглаж эхэлсэн. Бидэнд ингэж анхаарал тавьж байсан удаагүй тул үнэхээр баяртай байгаа. Бүх шаардлагатай материалуудыг нь бэлтгэж өгсөн. Ингээд Хүүхдийн номын сангийн барилгыг барь гэсэн Засгийн газрын тогтоол гарсанд бид баяртай байгаа” хэмээн өгүүллээ. Ташрамд дурдахад УДЭТ, Үндэсний их театрын бөөрөнд байрладаг Хүүхэлдэйн театр ч мөн тусдаа байртай болохоор болжээ. Юутай ч Хүүхдийн төв номын сангийн барилгын зураг төсөл энэ жилдээ багтаад бэлэн болох хүлээлттэй байгаа гэнэ. Хүүхдийн төв номын сан өөрийн байртай болсноор санаа амарч болохгүй. Цаашид хүүхдийн номын санг дүүрэг, хороолол, хотхон бүрд байгуулах шаардлага ч бий. Олон улсын жишгээр бол шинээр баригдаж ашиглалтад орж байгаа орон сууцны хотхон, хорооллын байрнуудын нэгдүгээр давхарт заавал хүүхдийн номын сан байгуулдаг аж. Түүнчлэн ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос хамтран гаргасан тунхаглалд хүүхэд гэрээсээ явганаар алхаад 10-15 минутын дотор очих зайд номын сан заавал байх ёстой гэдэг заалт бий гэнэ. Олон улсад мөрддөг энэ норм, стандарт, зарчмуудыг баримталбал Улаанбаатарт дүүрэг, хороо бүрд хүүхдэд зориулсан номын сан, уншлагын танхимууд бий болох ёстой. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, бас бус шалтгаанууд түр зуурын юм. Тодорхой хугацааны дараа эдийн засаг эргэж сэргэнэ, хүн төрөлхтний амьдрал хэвийн горимдоо орно. Хүүхэд багачуудад сургуулиас дутахгүй ач холбогдолтой, тав тухай орчин номын санд бүрдэх учиртай. Номын санд Монголын ирээдүй бий гэдэгт итгэнэм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here