Эхлэл Мэдээ Төв банкнаас Засгийн газарт зарим хүсэлтийг хүргүүлжээ

Төв банкнаас Засгийн газарт зарим хүсэлтийг хүргүүлжээ

238
0

Д.МӨНХЖАРГАЛ

– БИЗНЕСИЙН БОЛОН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АСУУДЛЫГ АРИЛЖААНЫ БАНК ШИЙДНЭ –

Энэ долоо хоногийн лхагва гарагт Монголбанк, Монголын банкны холбоо хамтран өнөөгийн нөхцөлд банк, санхүүгийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Уг цахим хэвлэлийн бага хуралд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, мэдээлэл хийхийн зэрэгцээ зарим асуултад хариулт өглөө. Эдгээрээс иргэд, олон нийтэд хамаарал бүхий асуудлыг тоймлон хүргэж байна. МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ ЗУРГААН ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛЛАА Монголбанкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ нь бүхэлдээ “COVID-19” цар тахлын үед улс орны эдийн засаг, банк санхүүгийн салбарт учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд тулгарах санхүүгийн хүндрэлийг зөөллөхөд чиглэж байгааг тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллийнхээ эхэнд онцолж байлаа. Энэ сарын 23-нд Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Юуны өмнө, мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар буулгаж, зургаа болгосон нь бодит секторт илүү их мөнгө нийлүүлэх зорилготой нийцэж байгаа аж. Бодлогын хүү буурснаар санхүүжилтийн зардал багасах, зээлийн эх үүсвэр нэмэгдэх, зээлийн хүүг бууруулах боломж нээгдэнэ.

Хоёрдугаарт, арилжааны банкуудад заавал байлгах нөөцийн хэмжээг зургаан хувьд хүргэжээ. Энэ нь банкны системд хадгалагдаж буй 400 тэрбум төгрөгийг чөлөөлж байгаа хэрэг юм. Өмнө нь арилжааны банкууд иргэдээс хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлсэн нийт хөрөнгийнхөө 8.5 хувийг Төв банканд байршуулж хадгалуулдаг байсан бол түүний 400 тэрбум төгрөгийг “суллаж”, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж байна. Гуравдугаарт, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах /2021 оны долоодугаар сарын 1 хүртэл/ арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ. Өмнө нь тавдугаар сард болсон Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар энэ оны төгсгөл хүртэл дээрх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байсан юм. Үүний үр дүнд өрхийн зээлийн дарамт буурах, хэрэглээг хамгаалах, ирээдүйд зээлжих боломжийг хангахаас гадна банкны үйл ажиллагааны тогтвортой байдалд ч эерэг нөлөөтэй гэж үзжээ. Энэ шийдвэрийн хүрээнд өрхийн орлого нь хумигдаж, зээлийн эргэн төлөлтөд нь ачаалал үүссэн иргэн хугацаагаа сунгах боломжтой болж байна. Үүнд хамрагдсан иргэний зээлийн чанарын ангилалд ямар ч өөрчлөлт орохгүй гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч хэлж байсан юм. Дөрөвдүгээрт, ЖДҮ, уул уурхайн бус салбарыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх нь. Үүнд оны сүүлийн улиралд 230 тэрбум төгрөгийг ашиглахаар төлөвлөснийг арилжааны банкууд Төв банкны бодлогын хүүний орчимд авч, зээлийн санхүүжилтээр ашиглаж болох юм байна. Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд иргэний зээлийн үлдсэн өр, хүүгийн төлбөрийг хойшлуулахыг арилжааны банкуудад чиглэл өгсөн бөгөөд нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй, хүү, төлбөрийг нэгтгэж зээлдэгчид дарамт учруулахгүй байхыг анхааруулжээ. Монголбанкны статистик мэдээлэлд үндэслэн зээлийг аж ахуйн нэгжид олгодог бизнесийн, иргэдэд хамааралтай хэрэглээний, төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээний буюу ипотекийн гэж гурав ангилж үздэг аж. Ипотекийн зээл нь тав, зургаа, найман хувийн гэх ангилалтай бөгөөд үүнд 78 мянган зээлдэгч хамрагдаж байгаа иргэн энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх жилийн долоодугаар сарын 1 хүртэл зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж болох бөгөөд энэ хугацаанд хүү бодогдохгүй байх юм. Энэ нь иргэнийг зээлийн дарамтаас хөнгөлж байгаа сайн талтай боловч орон сууцныхаа зээлийг барагдуулж, өөрийн эзэмшилд авах хугацаа төдий хэмжээгээр хойшилж байгааг Монголбанкны ерөнхийлөгч сануулаад боломж нөхцөл байвал хүү, төлбөрөө сар бүр барагдуулаад явах нь зүйтэйг ч анхааруулж байлаа. Харин бизнесийн болон хэрэглээний зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлдэг учраас Төв банк үүнд оролцох боломжгүй байдаг аж. Тиймээс зээлдэгч нь харилцагч банктайгаа ярилцаж, харилцан тохиролцох боломжтой юм.

ТӨВ БАНК ЗАСГИЙН ГАЗАРТ ТОДОРХОЙ АСУУДЛААР ХАНДЖЭЭ

Монголбанк өөрийн эрх мэдлийн хүрээнд дээрх арга хэмжээг авахын зэрэгцээ зарим асуудлаар Засгийн газарт санал хүсэлтээ тавьсан байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард баталсан “COVID-19”-тэй холбоотой хуульд харилцах дансанд хүү төлөхийг зогсоосон байсантай адил хадгаламжид хүү тооцохгүй байхыг хүсчээ. Энэ нь хугацаагүй хадгаламжид хамаарах юм. Мөн энэ оны эцэс хүртэл үйлчлэлтэй дээрх хуулийн хугацааг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл сунгах зайлшгүй шаардлага байгаа аж. Үүнээс гадна гадаад валютаар гүйлгээ хийх заалтыг үргэлжлүүлэх, ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргаж, Төв банк үнэт цаас худалдаж авах заалтыг нэмж тусгах саналтай байгаа нь түрээсийн орон сууцыг санхүүжүүлэхтэй холбоотой юм. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, банкны салбар технологио сайжруулах ажилд жилдээ 100 сая төгрөгөөс багагүй хөрөнгө зарцуулж байсан нь үр дүнгээ өгч, үйл ажиллагааныхаа 90-ээд хувийг цахимжуулсан. Энэ нь цар тахлын хүнд нөхцөлд иргэн, зээлдэгчидтэйгээ харилцах, тэдэнд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд маш дөхөм, хялбар байгааг мэдээллийнхээ эхэнд онцолж байлаа. Гэхдээ банкаар үйлчлүүлж, тэтгэвэр, халамжийн мөнгөө бэлнээр авдаг цөөн тооны иргэн байгаа бөгөөд тэднийг кредит картжуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Жишээ нь, 440 мянга гаруй иргэнд хүүхдийн мөнгө олгодог нэг банкны 5000 иргэнд данс нээх, карт олгох ажлыг хийжээ. Ипотекийн зээлийн тухайд арилжааны банкууд нэгдсэн байр суурь, бодлогод санал нийлж, хүсэлтээ гаргасан иргэн бүрийн цалин, орлогоос зээлийн болон хүүний төлбөрийг авахгүй байхаар тогтсон байна. Дээрх мэдээллийн дараа хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн цахимаар ирүүлсэн асуултуудад хариулт өгсөн юм. -Ипотекийн зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг хойшлуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ хугацаанд хүү тооцохгүй гэж байгааг тайлбарлаж өгнө үү? -Хүсэлтээ гаргаж харилцах банкнаас нь зөвшөөрөл олгосон тохиолдолд зээлдэгч ипотекийн зээлийн үндсэн өр болон хүүний төлбөрийг зогсоосон гэж ойлгож болно. Бизнесийн болон хэрэглээний зээлийн хувьд арилжааны банкууд зээлдэгчдээ ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээ шийднэ гэсэн үг. Арилжааны банкны зээлийн зардлын 60 хувь нь эх үүсвэр, 20 хувь нь эрсдэлийн зардал байдаг бол 12 хувийг банкны үйл ажиллагааны зардал эзэлдэг. Тиймээс энэ 12 хувийн хүрээнд зардлаа танаж, хүүг багасгах арга хэмжээ авах боломжтой юм. Эх үүсвэрийн зардлын тухайд харилцах дансанд хүү төлөхгүй байгаа, хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх саналыг оруулах зэргээр аль болох боломж бололцоогоо ашиглахыг хичээж байна. Банканд тусгай нөхцөлтэй хадгаламж гэж нэг бүтээгдэхүүн байдаг. Үүнд тооцдог хүүг энгийн хадгаламжтэй адил болгох бас нэг боломж байгааг дээр ярьсан саналдаа тусгаад явж байна. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа нь хязгаарлагдсан зээлдэгчдэд ямар хөнгөлөлт, чөлөөлөлт олгох талаар бид ярилцаж байна. Банк болгоны үйлчилгээний зарим бүтээгдэхүүн өөр, сигмент нь харилцан адилгүй учраас нэгдсэн шийдэлд хүрэхэд амаргүй ч бид үйлчлүүлэгчдэдээ аль болох хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаа. Үүний дотор 12 хүртэл хувийн хүүтэй бизнесийн зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгохоор ярилцаж байна. Төрөөс баталгаа гаргаж өгвөл энэ асуудлыг шийдвэрлэх эх үүсвэр банкуудад байгаа юм. -Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулбал зээлийн түүхэнд нөлөөлөх үү. Банкнаас өндөр хүүтэй зээл авч, орон сууцтай болсон иргэнд энэ хөтөлбөр хамаарах уу? -Нэгэнт Төв банкны зохицуулалтаар хийж байгаа ажил учраас иргэний зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй. Ипотекийн хөтөлбөрт хамрагдаагүй ч банкнаас өндөр хүүтэй зээл авч, орон сууц худалдаж авсан иргэн энэ хөтөлбөр рүү орох боломжтой. Ийм зохицуулалтыг хийж байна. Хугацаатай хадгаламжийн хүүг тэглэх ямар ч боломжгүй гэдэгт Төв банкны байр суурь хатуу байгаа. Банкны салбар харилцах болон хадгаламжаар 21 их наяд төгрөгийн эх үүсвэр татаад, 17 их наядыг нь эдийн засгийн эргэлтэд оруулчихсан учраас байнга хөдөлгөж байх ёстой. Хадгаламжийн хүүг зогсоовол төгрөгийн үнэ цэнийг алдагдуулах, долларжилтыг нэмэгдүүлэх, банкны салбараас мөнгийг зугтаалгах зэрэг сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээр хэлсэн 17 их наяд төгрөгийн зээлийг 1.3 сая иргэн, аж ахуйн нэгж авсан байдаг. Тэдгээрийг нэг дор шийдэх боломжгүй учраас хүсэлтээ гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүд хүлээцтэй хандахыг уриалж, хүсэж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here