Эхлэл Мэдээ Хөл хорио ба Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид

Хөл хорио ба Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид

287
0

Хөл хорио ба Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр ирэх сарын 1-нийг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Хэдийгээр хүнс, шатахууны худалдан авалт, эмийн сангаар үйлчлүүлэх эрхийг иргэдэд нээлттэй үлдээсэн ч дотоодын тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд “COVID-19”-ийн цар тахалтай холбогдуулж, хэрэгжүүлж эхэлсэн хөл хорио хүнд тусаж, түрүүчээсээ үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжиж, зарим нь хаалгаа барихдаа тулжээ. Уг асуудлаар дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн газартай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

А.УЯНГА: ХАЛДВАР ХАМГААЛЛАА МӨРДӨӨД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

“Үр минь” брэндийг үүсгэн байгуулагч А.УЯНГА: -Манайх хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн 10 болон цагийн найман ажилтантайгаар “Үр минь” брэндийг бий болгодог. Хөл хорио тогтоосон эдгээр өдөрт үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаагаас эргэлтийн хөрөнгөгүй болж байна. Манай брэнд “Шангрила молл”, “Үр минь” нэрийн дэлгүүр, үйлдвэрийн байр гэсэн гурван газарт түрээс төлдөг. Хэдий цар тахалтай холбоотой бидний үйлдвэрлэл зогссон ч түрээсийн төлбөр одоогоор зогсоогүй. Аж ахуйн нэгжүүд нэг өдөр зогсоход л байгууллагын хэмжээнээс хамаараад ашиглалт, түрээс, харилцаа холбоо, харуул хамгаалалт зэрэг зардал гарсаар байдаг. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хүү зогсдоггүй учраас сар бүр төлөх зардал гарсаар байна. Нөгөө талдаа орлогогүй болж байгаа нь биднийг хүнд байдалд оруулж байна. Энэ хэцүү цагт эргэлтийн хөрөнгөгүй болж, банкнаас зээл авна. Ингэснээр цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй. Зээл авсан ч банкны хүү төлнө гэдэг нь үйлдвэрлэлийн зардлыг нэмж байгаатай адил. Бид ажилчдаа, тэдний гэр бүлийг маш сайн мэддэг. Манай ажилчид олон хүнтэй ойртох шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад үйлдвэрийн нөхцөл байдлыг мэдэхгүй ч халдвар хамгааллаа сайн хийгээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болохоор харагдаж байна. Үйлдвэрлэлээ үргэлжлүүлж олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс мэргэжлийн хүргэлтийн байгууллагаар дамжуулж, бүтээгдэхүүнээ түгээснээр цар тахлыг тархаахгүй, эдийн засгаа бүр унагаахгүй байж болохоор харагдаж байгаа юм.

Г.НЭРГҮЙ: ХӨЛ ХОРИОГ СУНГАВАЛ МАНАЙХ ХААЛГАА БАРИНА

WE брэндийг үүсгэн байгуулагч Г.НЭРГҮЙ: -Манай брэнд үндэсний дээл, өдөр тутмын хувцас үйлдвэрлэдэг. Хэдийгээр үйлдвэрлэл эрхлээд таван жил болсон ч үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй, өдрийн орлогоосоо эргэлтийн хөрөнгөө татдаг. Нэг өдөр ажил зогсоход тэр хэрээрээ алдагдал хүлээдэг. Үйлдвэрлэлийн байрны түрээс, банкны зээлийн асуудал тулгарч байна. Хоёр дэлгүүр, үйлдвэрийн байр гэсэн гурван газарт 10 орчим сая төгрөгийн түрээс төлдөг. Банкны зээлийг хойшлуулж болох ч эдийн засгийн эргэлт багассан нь борлуулалтад шууд нөлөөлж байна. Энэ нь зээл төлөхөд маш том хүндрэл болж байна. “COVID-19” цар тахал гарснаас хойших жилийн хугацаанд ямар ч ашиггүй зөвхөн ажилчдаа орлоготой байлгах гэж л үйл ажиллагаа явуулж ирсэн. Манайх үндсэн 30 ажилтантай байсан. Цомхотгол хийгээд одоо 20-уулаа ажиллаж байна. Бүгд гэр бүлээ авч яваа бүсгүйчүүд. Ажил нэг сар зогсоход бүгдийнх нь амьдралд шууд нөлөөлнө. Нэг сар тэвчиж болох ч дахиж орлогогүй гэртээ суух боломжгүй гээд гомдол саналаа ирүүлдэг. Өрх толгойлсон түрээсийн байранд амьдардаг ээж нар ч цөөнгүй. Тэд маань ирэх сараас түрээсээ төлж чадахгүйд хүрч байна. Энэ бол зөвхөн эхний жишээ. Үндсэн хөрөнгийн барьцаа гэдэг асуудал бүх шатанд тээг болж байна. Үнэнийг хэлэхэд бид тэгээс эхэлсэн. Банкны зээл хөөцөлдөхөд бүх шаардлагыг хангадаг ч барьцаа хөрөнгөгүй учраас авч чаддаггүй. Барьцаагүй олгодог багахан хэмжээний зээлийг авдаг. Засгийн газраас тусламж хүсэхээс илүү ажиллах боломжийг нь нээлттэй байлгавал бусдаараа болгосоор ирсэн. Хэрвээ хөл хориог сунгавал цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ. Өөр ямар ч сонголт, гарц алга.

Г.БАТБОЛД: ЯМАР Ч ОРЛОГОГҮЙ МӨРТЛӨӨ ГАРАХ ЗАРДАЛ ИХ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

“B&B МONGOLIAN FASHION” үүсгэн байгуулагч Г.БАТБОЛД: -Манай брэнд гурван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Охид бүсгүйчүүдэд зориулсан даашинз, ажил хэрэгч өмд цамцны хослол хийдэг. “COVID-19” цар тахлыг дотооддоо алдсан хэцүү цаг үед хөл хорио тогтоох нь зөв. Гэхдээ хөл хорио уртсах тусам хүмүүсийн амьдрал амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хүнд байдалд орно. Тэр тусмаа жижиг дунд үйлдвэрүүд санхүүгийн хямралд илүү өртөнө. Манай брэндийн хувьд дэлгүүр болон үйлдвэрийн байрны түрээс, ажилчдын цалин, банкны зээл төлөлтийн асуудал тулгарч байна. Ямар ч орлогогүй мөртлөө гарах зардал их. Засгийн газраас хүсэх зүйл гэвэл ЖДҮ эрхэлж буй иргэддээ түрээсийн хэлбэрээр өөрийн гэсэн ажлын байртай болгох нь чухал.

О.ЭНХБИЛЭГ: ТОВЛОСОН ХУГАЦААНД БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

 “Debra Mongolia” дотуур хувцасны брэндийг үүсгэн байгуулагч О.ЭНХБИЛЭГ: -Манай брэнд дотуур хувцасны үйлдвэрлэл, худалдаа эрхлээд дөрвөн жил болж байна. Энэ сарын 15-нд ажилчдынхаа цалин, дэлгүүр болон үйлдвэрлэлийн байрны түрээсээ өгсөн. Одоогоор зээлээ хойшлуулах хүсэлтийг холбогдох банканд өгчихсөн байгаа. Гэрийн нөхцөлд ажиллаж болох ч дотуур хувцас үйлдвэрлэл шат дамжлагаар бүтдэг. Ажилчдадаа хувааж өгөөд хийлгэе гэсэн шийдэл олсон ч нимгэн торон материалаар хийдэг учраас хоол ундны үнэр шингэх асуудал гарна. “COVID-19” гарахаас өмнө үйлдвэрийн байраа томруулж, орон тоогоо нэмсэн. Гэвч зарим ажилчнаа цомхотгоод цөөхүүлээ үлдлээ. Түрээсээ хувааж төлөх нөхцөлийг зөвшөөрсөн тулдаа л хөл дээрээ зогсож байна. Худалдан авалт эрс багассан. Тиймээс онлайн захиалга авдаг болсон. Дотуур хувцас хийхэд жижиг нарийн ажиллагаа их шаарддаг. Хонон өнжин хийж цөөн тоогоор хийнэ. Өмнө нь олон тооны захиалга ирж, үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг урьдчилгаа байдлаар авсан нь одоо асуудал үүсгэж эхэллээ. Мөнгөөр нь материал авчихсан ажил эхэлж байсан. Гэтэл хөл хорио тогтоосон учир товлосон хугацаанд гаргаж өгөх боломжгүй болчихлоо.

Т.РЕНЦЭНХАНД: БОЛОВСОН ХҮЧНЭЭ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛААД БАЙНА

“Дэгжин гоо” брэндийг үүсгэн байгуулагч Т.РЕНЦЭНХАНД: -Манайх дотооддоо эсгий гутал үйлдвэрлэж, борлуулалт хийдэг. Хөл хорионы үед үйлдвэрлэл болон борлуулалт зогссон нь ажилчдын хувьд утгаараа санхүүгийн тэг зогсолт болж байна. Бидний хувьд ажилчдаа, ажилтай орлоготой байлгахын тулд гэрээр нь хийлгэж байгаа ч гол буюу үйлдвэрийн ажилчид ямар ч боломжгүй болчихоод байна. Энэ нь бүх ажилчид гэрээр ажиллах боломжгүйтэй холбоотой. Бидний хувьд үйлдвэрлэлээ гар аргаар дамжлагатайгаар хийдэг. Нэг бус нийтээрээ хамтран нэг гутлыг хийдэг учир энэ хорио цээрийн дэглэм бидэнд маш том эрсдэлийг авчирч байна. Байдал удаан үргэлжилбэл боловсон хүчнээ ч алдах эрсдэлтэй. Бидний хувьд төрөөс авч буй аргыг эсэргүүцэхгүй ч үндэсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгждээ энэ хатуу үеийг туулахад туслаасай гэж хүсэж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here