Эхлэл Мэдээ Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгийн хөл хориог 10 хоногоор сунгалаа

Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгийн хөл хориог 10 хоногоор сунгалаа

90
0

М.ЭНХЦЭЦЭГ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн 10 хоног сунгахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгийн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 10 хоногоор сунгаж, арванхоёрдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин халдварын тархалтыг хяналтад оруулаад буй Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймаг болон халдвар гараагүй бусад аймагт бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бүс нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа халдвар хамгаалалтын өндөр хяналтын дэглэмд явуулах боломжтой болох аж. Харин олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглохоор боллоо. Түүнчлэн зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргажээ. Мөн олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, жагсаал, спорт, урлаг, үйлчилгээг хориглож засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэхээр болжээ.

УОК өнгөрсөн бямба гарагт хуралдаж, “COVID-19” цар тахалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл, саналыг сонссон. Гэхдээ тодорхой шийдвэр гаргаагүй, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн юм. Тиймээс өчигдөр дахин хуралдаж, дараа нь Засгийн газар хуралдсанаар ийнхүү дээрх шийдвэрийг гаргалаа. Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой мэдээлэл хийх үеэрээ халдвар дотоодод хурдацтай тархаж байна гэдгийг онцгойлон анхааруулсан. Мөн дотоодод халдвар авсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 341 болсон бол зөөвөрлөгдөж 383 тохиолдол орж ирсэн байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэгт 421 хүн эмчлэгдэж байгаа юм.

БАТЛАГДСАН ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН ТОО 784 БОЛОВ

Өчигдрийн 11:00 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 9513 сорьцод шинжилгээ хийсэн бөгөөд нийт 24 хүнээс “COVID-19”-ийн халдвар илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцоллоо. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын нийт тоо 784 болжээ. Улаанбаатар хотод тав, Сэлэнгэ аймагт долоо, Дархан-Уул аймагт ес, Архангай аймагт хоёр тохиолдол шинээр нэмж илэрсэн бол зөөвөрлөгдсөн нэг тохиолдол гарчээ.

Одоогийн байдлаар найман голомтод 4100 хүн халдварын хавьтал болоод байгаа аж. Манай улсад бүртгэгдсэн дотоодын тохиолдлыг харахад нэг хүн багадаа 60, дээд тал нь 149 хүнтэй хавьтал болжээ. Нийслэлийн хэмжээнд 4002 хүн түргэн оношлуураар шинжилгээнд хамрагдсан байна. Харин Гашуунсухайт боомтод 1477 хүнд шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Замын-Үүдээс 60 гаруй төмөр замчин нийслэлд ирсэн бөгөөд тэднээс мөн халдвар илрээгүй байна. Нийслэлийн хэмжээнд 4241 алба хаагч, 223 техник хэрэгсэлтэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Харин тусгаарлах байрыг ажлын хэсэг шалгаж, сонгодог. Ингэхдээ шаардлагад нийцсэн, төв шугамд холбогдсон газар сонгохыг хичээж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлсэн. Улсын хэмжээнд 2356 хүн тусгаарлалтад байгаа аж.

БАТЦЭНГЭЛ СУМАНД ОНЦГОЙ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ

Манай улсад “COVID-19” xaлдварын голомт Улаанбаатар хотоос гадна таван аймагт гараад байсан юм. Хамгийн сүүлд Архангай аймагт халдварын голомт шинээр нэмэгджээ. Тиймээс Архангай аймагт 200 гаруй хүнийг тусгаарлаж, тус аймгийн Батцэнгэл суманд онцгой хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Мөн Ихтамир суманд энэ арга хэмжээг авч, ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг ЭМЯ-наас мэдээлэв. Үүний хүрээнд Зоонозын авто лаборатори Архангай аймагт ажиллаж байна. Архангай аймагт илэрсэн тохиолдол нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан учир шалган нэвтрүүлэхээр постууд чөлөөтэй явуулсан байжээ. Тус аймгийн иргэн Б нь хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн иржээ. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байгаа учраас иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой хандаж, дэглэмээ сайн барих нь чухал болох нь үүгээр харагдаж байна. Одоогийн байдлаар тус аймгийн халдвар илэрсэн хоёр өвчтөнийг суманд нь тусгаарласан ба биеийн байдал нь хэвийн, ямар нэг зовуурьгүй байгаа ажээ.

Ийнхүү нийслэлээс арванхоёрдугаар сарын 1-нээс орон нутгийн иргэдийг гаргахдаа тэдэнд халдварын шинжилгээ хийх 20 цэгийг бэлтгэх ажлыг УОК-оос хийж хэрэгжүүллээ. Энэ 20 цэгт гурван ээлжээр ажиллах 60 улсын байцаагчийг томилсон байна. Мөн тэнд ажиллах эмч, эрүүл мэндийн ажилтныг ЭМЯ-наас хангаж ажиллаж байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here