Эхлэл Байгаль орчин Монгол бөхөнгийн тоо 8500-д хүрчээ

Монгол бөхөнгийн тоо 8500-д хүрчээ

245
0

Зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгой өсөж 8500- д хүрсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч хийсэн тооллогоор ийнхүү монгол бөхөнгийн тоо толгой өссөн нь тодорхой болжээ. 2017 оны эхээр 3000 гаруй тоо толгой үлдээд байсан юм. Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах зүйл биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан юм. Уг амьтан нь Говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм. Дэлхий дээр монгол болон соргог гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг бөгөөд Монголын унаган амьтан ажээ. Өдгөө Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон нутагшиж байна. Монгол бөхөн 80 км/цаг хүртэл хурдалж чаддаг. Хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай агаараар хангадаг ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here