Эхлэл Баримт, тайлбар Японоос авах зээлийг цар тахлын үеийн төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулна

Японоос авах зээлийг цар тахлын үеийн төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулна

73
0

М.ЭНХЦЭЦЭГ

Монгол Улс Япон улсаас цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл авахаар тохиролцсон. Тус зээлийг Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Уг зээл нийт 25 тэрбум иен буюу 233 сая ам.доллар байх аж. Үүний үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь дөрвөн жил, зээлийн хүү жилийн 0.01, урьдчилгаа шимтгэл нь 0.1 хувь байх бол санхүүжилтийг жилийн хугацаанд ашиглах юм байна. Засгийн газраас өнгөрсөн сарын 23-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “COVID-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дэмжиж, баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүний зүгээс төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр авч байгаа зээлийг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Харин заримынх нь хувьд зээлийн хөрөнгийг арай өөр зүйл зарцуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Цар тахлын улмаас манай улсын гаднын улс орон, байгууллагаас авсан зээл, тусламжийг судлахад есөн төрлийн зээл байна. Үүний хоёр нь буцалтгүй тусламж бөгөөд Япон улсаас авсан. Харин энэ удаад хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Нөхцөл нь маш сайн. Үүний зарцуулалтыг тодорхой заасан. Зээлийн зарцуулалтын нэг хэсэг болох нийгмийн эрүүл мэндийг хамгаалах гэдэгтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих асуудлыг уяж болно гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “COVID-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичгийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гарын үсэг зурсан юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсан аж.

ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРТОЙ ТҮВШИНД БАРИНА

“COVID-19” цар тахлын хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан юм. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж Засгийн газар үзжээ. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх үер УИХ-ын гишүүд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас асуултад хариулт авч, байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

 -Хуулийн төслийг дэмжиж байна. Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч байна. Малчдад эмнэлэг, түлш, өвс тэжээлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Энэ хуулийг баталснаар өвс тэжээлийн үнэ одоогийн байгаа хэмжээнд хадгалагдах боломжтой юу. Цаашид өвс тэжээлийг тухайн компаниуд нь өөрсдөө үнээ тогтоож борлуулах уу, эсвэл гэрээт байгууллагаар дамжин олгох уу. Өвөлжилт хүндэрч байгаа зургаан аймгаас барих чиглэлээр хуулийн төслийг оруулж ирсэн. Үнийг бууруулна гэж хэлэхэд хэлэхэд хэцүү.

УИХ-ын гишүүн Б.ЭНХАМГАЛАН:

 -Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг дэмжиж байна. Энэ жил хэд хэдэн аймагт зуншлага тааруу байсан. Үүнээс болж мал тарга тэвээрэг авч чадаагүй. Хүйтрээд ирэхээр туурайн зуд болох нөхцөл байдал үүсэж, Дорнод, Сэлэнгээс өвс татаж байна. Газар дээрээ өвсний үнэ нэмэгдээд байдаг. Тэгэхээр хөрш зэргэлдээ орнуудаас өвс тэжээл бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа, хорголжин тэжээл бэлтгэх хэрэгтэй. Үүнийг Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй. Цар тахлын үед хилээр яаж оруулж ирэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Цаг үеэ олсон хууль оруулж ирснийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР:

-Он гараад ОХУ экспортоо хаах тухай мэдээлэл гарч эхэллээ. Тиймээс бид одоо мунгинаж суулгүй, гааль болон НӨАТ-аас чөлөөлөөд явах нь зүйтэй гэж хэлмээр байна. Баян-Өлгий аймгийн Улаан байшингийн боомтын цаана өнгөрсөн сарын 23-н хил нээхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид ОХУ-аас хүнсийг их хэмжээгээр татаж, хилийн цаана байлгаж байна. Аравдугаар сарын 23-наас хойш 2000 тонн шатахуун оруулж ирсэн ч хүнсний бүтээгдэхүүн орж ирээгүй байна. Мөн хүнсний болон малын тэжээлийн үнэ нэмэгдсэн байна. Тиймээс хил дээр гацсан хүнсний зүйлсээ оруулж ирснээр дотоодын хомсдолоос шалтгаалсан үнийг зохицуулах боломж байна уу.

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Зөвхөн Баян-Өлгий аймгийн хилийн цаана гэлтгүй, Увс аймгийн боомтод ч хүнсний бүтээгдэхүүн гацсан байна. Улсын онцгой комисс Улаан байшингийн боомтоор оруулж ирэх хүнс, Боршоо боомтоор оруулж ирэх гурил, тэжээлийн асуудлыг ярьж байгаа. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа учир ямартай ч саналаа хүргэсэн. Цаашдын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж шийдэгдэнэ гэсэн таамагтай байна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

 -Цагийн байдал хүндэрсэн нөхцөлд нэг удаагийн арга хэмжээ тогтмол авдаг. Уг нь эдийн засгийн суурь болгоод аваад явах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутагт цас зудын нөхцөл үүсэж байна. Дорноговь, Дундговь аймагт сүүлийн хэдэн жил ган зуд болж, иргэд нь нүүж эхэлсэн. Үүний араас Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймаг орж, иргэд тарж нүүгээд дууслаа. Энэ нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Байдал хүндрэхээр нэг удаагийн арга хэмжээ авдаг баймааргүй байна. Гааль, НӨАТ-ыг чөлөөллөө гээд нийлүүлэлт байхгүй учраас үнэ нь өсөөд байна. Үнийг бид барьж чадахгүй. Үнэ өсөхийн эсрэг тогтмол арга хэмжээ нь үргэлжилдэг. Тариалалтыг дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд УИХ-ын дарга, эсвэл холбогдох Байнгын хороодын дарга нар Засгийн газартайгаа хамтарч цогц арга хэмжээ авах хэрэгтэй. 2020 оны төсөвтэйгээ холбож, бичиг баримтаа боловсруулаад явмаар байна. Бид тэжээлийн ургамал бэлтгэлээ ч малчид авах чадамжгүй байна. Тэгвэл малчдаа эдийн засгийн хувьд яаж чадавхжуулахаа бодох хэрэгтэй байна шүү.

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Тэжээлийн ургамал, тарималжуулалтыг цааш нь дэмжээд явна. Тиймээс энэ хуулийн хүрээнд бүх төрлийн тэжээлийн үрийг татварын хөнгөлөлтөд оруулсан. Цаашид энэ асуудлыг бодлогын түвшинд гаргаж явахгүй бол мал аж ахуйн салбар, газар тариалангийн салбартай зөрчилдөх юм. Ирэх оноос Азийн хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлнэ. Үүнд усалгаатай тэжээлийн талаарх асуудлыг шийдвэрлэх юм.

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:

-Бүх төрлийн хүнсний будаа / цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, малын тэжээл, өвс, хүнсний улаанбуудай, тослог ургамал/-ыг НӨАТ-аас чөлөөлнө. Энэ бүхнийг дотооддоо хангаж чадахгүй байна л гэсэн үг. Бүх төрлийн хүнсний будааг хангаж чадахгүйг ойлгоно. Улаанбуудай бол цаасан дээр хөөстэй тоотой явж ирсэн шүү. Жил бүр 20- 50 хувь дутагдаж байсан. Нэг тонн улаанбуудай гаднаас 900 мянгаас нэг сая төгрөгийн үнээр оруулж ирэх гэж байна. Үүнийг дагаад гурилын үнэ өсөх байх. Энэ бодлогын алдаа гэхээс илүү байгаль орчинтой холбоотой. Газар тариаланг савандаа хийсэн хойноо л тоо хэлж, ургац авлаа л гэж ярихгүй бол болдоггүй салбар гэдгийг яам нь анхаарч ажиллаарай. Өвлийн сар эхэлсэн. Ес эхлэхэд 20 хоног дутуу байхад малын тэжээлийн асуудал ярьж байна. Нэгэнт муудсан мал юу ч өгөөд тэнхэл авдаггүй. Бид цагтаа ОХУ-д жил бүр өвс, тэжээл экспортлодог байсан. Одоо өөрсдөө авна гээд сууж байна. Энэ бол гутамшиг. Олон аймаг ямар ч хадлан авах боломжгүй болоод зүүн аймгууд руу нүүж эхэлсэн. Хүнд байдлаас гарах гарц бол ногоон тэжээл тариалах юм. Энэ талаар бүр тариаланчдад албан даалгавар өгмөөр байгаа юм. Хүнд үед үүнийг нь төр хөнгөлөлттэй үнээр авдаг. Малчиддаа олгох хуультай. Үүн дээр салбарын яам анхаараарай гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here