Эхлэл Нийтлэл Унш, сэтгэ, бүтээн байгуул

Унш, сэтгэ, бүтээн байгуул

86
0

Б.СИЙЛЭН

 Та одоо хэний, ямар номыг уншиж байна вэ. Ажлын ачаалалтай байсан үедээ авч амжаагүй номоо хорио цээрийн үед уншихаар төлөвлөж байна уу. Тэгвэл танд доорх мэдээлэл хэрэгтэй. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байгаа номыг Монголдоо захиалан унших боломжтой боллоо. Мөн хорио цээрийн өмнөхөн уншигчдын хүртээл болсон онц сонирхолтой номуудыг хүргэлтээр худалдаж эхлээд байна. Түүнчлэн Нобелийн шагналт зохиолчийн бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэлтэд шилжүүлсэн талаарх мэдээллийг онцлон хүргэхээр бэлтгэлээ.

БАРАК ОБАМАГИЙН НОМЫГ ГЭРЭЭСЭЭ ЗАХИАЛ

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн “A Promised Land” номыг www.internom. mn онлайн дэлгүүрт захиалан унших боломжтой боллоо. Өнгөрсөн сарын 17-нд дэлхий даяар нээлтээ хийсэн уг бүтээл нь худалдаанд гарсан өдрөө энэ оны хамгийн олон борлуулалттай номоор шалгараад байгаа юм. Барак Обамагийн хувийн болон улс төрийн амьдралын талаар нээлттэй өгүүлсэн, уран өгүүлэмж бүхий энэ номыг урьдчилан захиалсан тохиолдолд гарын бэлэг сонгон авах боломжийг уг онлайн дэлгүүрээс уншигчдадаа олгож байна. Номын үнэ 99 мянган төгрөг бөгөөд өнөөдрөөс уншигчдын гарт хүргэж байгаа ажээ. “A Promised Land” бүтээлийн борлуулалтын үзүүлэлт АНУын 44 дэх Ерөнхийлөгчийн гэргий Мишель Обамагийн “Becoming” дурсамжийн номынх нь борлуулалтаас ялимгүй давсан байна. 2018 онд худалдаанд гаргасан “Becoming” дурсамжийн номыг эхний өдөртөө 725 мянга гаруй хувь борлуулсан үзүүлэлттэй байдаг. “A Promised Land” номын нэгдүгээр боть 768 хуудастай бөгөөд 25 орны хэлээр хөрвүүлжээ. Номыг нь хэвлэх эрхийг “Penguin Random House” хэвлэлийн газар 2017 онд авсан төдийгүй гэрээний үнэ нь 60 сая ам.долларыг давсан байна. Өмнө нь Барак Обама өмнө нь шилдэг борлуулалттай “Dreams From My Father, 1995”, “Audacity of Hope” номыг гаргаж байсан юм.

НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧИЙН БҮТЭЭЛИЙГ ЭХ ХЭЛЭЭРЭЭ УНШИНА

“Тагтаа п а б л и ш и н г ” компани Нобелийн шагналт зохиолч Мө Янийн хамгийн алдартай бүтээл “Мэлхий”-г эх хэлнээ хөрвүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уншигчдын хувьд хүлээлт үүсгээд байсан уг номыг хэвлэлтэд шилжүүлсэн тухай тэд цахим хуудсаараа мэдэгдлээ. Мө Янь хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаруй бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” роман нь орчин үеийн туурвил зүйд Хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл аж. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигчдад танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл нь “Мэлхий” роман юм. Энэ бүтээлийг А.Урантогос орчуулж, уран сайхны редактороор О.Элбэгтөгс, техник редактороор Б.Баясгалан ажилласан бол хавтасны зургийг Л.Нямдорж, номын дизайныг З.Мандах бүтээжээ.

“ӨЧИГДӨР УУЛЗЪЯ”

Гараад яахав, гэрээсээ захиал. Тэр дундаа зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын хамгийн сүүлийн бүтээл “Өчигдөр уулзъя”(Бүрлээчийн монолог) романыг гэрээсээ захиалаад уншаарай. Хүүрнэл зохиолын нэгэн элемент болох монолог хэлбэрээр туурвисан энэхүү роман үйл явдлын хувьд “Сахиуст хангайн нууц” номынх нь үргэлжлэл юм. Зохиолч шинэ романыхаа талаар “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан, хар, улаан”, “Судасны чимээ”, сүүлд гарсан “Сүнсний томьёо” цөмөөрөө л орчин цагт өрнөж буй үйл явдалтай. Гагц “Сахиуст хангайн нууц” л урьд дээр, өөр цаг үеийн тухай өгүүлдэг. Энэ удаад “Сахиуст хангайн нууц”-ын үргэлжлэл романыг хэвлүүлснээр бас нэгэн мөчлөг зохиолуудаа цэглэж байна” гэсэн удаатай. “Сахиуст хангайн нууц” романд домог, хараалаар сүлэлдэх ураг төрлийн хэлхээ, гоо үзэсгэлэн хийгээд золгүй хайр дурлалын холбоог эрт эдүгээ цагт уялдуулан зохиомжилсон байдаг. Харин “Өчигдөр уулзъя” роман “Би гэж… Бусад хүн биш, очиж очиж би л байдаг нь даа…” хэмээн монолог урсган эхэлдэг билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here