Эхлэл Uncategorized Чинээлэг орнууд хүн амаа гурван удаа хамруулах вакцин захиалжээ

Чинээлэг орнууд хүн амаа гурван удаа хамруулах вакцин захиалжээ

104
0

Баян орнууд коронавирусийн вакциныг их хэмжээгээр худалдан авч ядуу буурай орнуудыг орхигдуулж болзошгүйг судлаачид анхааруулжээ. “The People’s Vaccine Alliance”-аас явуулсан судалгаагаар бага орлоготой 70 улсын 10 хүн тутмын нэг нь л вакцинд хамрагдах боломжтой аж. “Oxford-AstraZeneca” үйлдвэрлэж буй вакциныхаа 64 орчим хувийг хөгжиж буй орнуудад худалдахаар байгаа. Гэхдээ “Covax” бага орлоготой 92 оронд 700 саяыг тараах гэрээ байгуулсан билээ. Энэ төлөвлөгөө хэрэгжсэн ч ядуу буурай орнуудад вакцины хүрэлцээ хангалтгүй байна гэдгийг “Эмнести интернэшнл”, “Оксфам”, “Глобал шударга ёс” зэрэг байгууллага анхааруулж байна. Тэдний хийсэн судалгаагаар чинээлэг орнууд нийт хүн амаа гурван удаа вакцинжуулахад хангалттай, хүрэлцэхүйц вакцин захиалаад байгаа аж. Жишээлбэл, Канад улс иргэн бүрдээ таван удаа хийх хангалттай хэмжээний вакцин захиалжээ. Хэдийгээр баян орнууд дэлхийн хүн амын дөнгөж 14 хувийг эзэлдэг ч коронавирусийн эсрэг вакцинуудын 53 орчим хувийг худалдаж авсан байна. Оксфамын эрүүл мэндийн бодлогын менежер Анна Марриотт “Дэлхийн  олон тэрбум хүн “COVID19”-ийн аюулгүй, үр дүнтэй вакцинд хамрагдахгүй байж магадгүй” хэмээгээд вакциныг үйлдвэрлэж буй эмийн корпорацуудыг өөрсдийн технологи, оюуны өмчөө нээлттэй хуваалцахыг уриалжээ.” Pfizer” болон “BioNTech” компанийн бүтээсэн вакциныг Их Британид эмзэг бүлгийнхэнд энэ долоо хоногоос тарьж эхлээд байгаа. Түүнчлэн АНУ болон Европын холбооны холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээсэн. АНУын Засгийн газар “Pfizer”, “Moderna” компанийн вакцинуудад зөвшөөрөл олгох эсэхээ энэ сарын 10, 17-нд хуралдаж, шийдэх юм. Хэрвээ АНУ-ын Засгийн газар вакцинуудад зөвшөөрөл олговол 2021 оны хоёрдугаар сарын сүүлч гэхэд 100 сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөө бий. “Oxford-AstraZeneca” ирэх онд дэлхийн хүн амын 18 орчим хувьд л хүрэх хэмжээний вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээгээд “Ганц компани дэлхийн бүх хүн амд хүрэлцэхүйц вакцин үйлдвэрлэж чадахгүйг харуулж байна” гэжээ. Оросын бүтээсэн вакцин “Спутник” туршилтаар нэлээд эерэг үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн бол дахиад дөрвөн ч вакцин эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатандаа орж байгаа юм. Үүний зэрэгцээ Бээжинд байрладаг био эмийн “Синовак” компани Индонез улсад вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа. БНХАУ дөрвөн ч вакцин боловсруулж, түүнийгээ Яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүнд тарьсан билээ. Түүнчлэн шинээр гарган авсан вакцинуудын дархлаа тогтоох хугацаа хэр урт байхыг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа нь асуудал болж байна. Тухайлбал, вакцин тариулсан ч үйлчилгээ нь түргэн дуусчихвал дахин халдвар авах аюул байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар ДЭМБ-ын яаралтай тусламжийн мэргэжилтэн Майк Райн “Вакцин насан туршийн баталгаа өгч чадахгүй. Энэ бол том асуудал. Вакцин бол цар тахлын төгсгөл биш” хэмээн хэлсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here