Эхлэл Мэдээ Өөрийнхөө төлөө бусдыг хайрлая

Өөрийнхөө төлөө бусдыг хайрлая

73
0

Д.МӨНХ

 Хүн хүндээ хайртай байхын үлгэрийг одоо л үзүүлмээр байна. Ялангуяа монголчууд бид яагаад нэгнийгээ хайрладаггүй юм бэ. Үүнийг дэлхий ертөнцийг бүхэлд нь хамарсан коронавируст цар тахлын үед улам ихээр мэдэрч, сэтгэл гонсойж сууна. “COVID-19” гэж нэрлэсэн вирус анх Хятадын Ухань хотод илрэхэд тэндхийн иргэд хатуу хөл хорионд орсон ч байрныхаа тагтан дээр гарцгааж, эсрэг талын байшинд оршин суугчдадаа сэтгэлийн дэм өгч, “Бид чадна аа, даваад гарна” хэмээн орилолдож, уйлалдаж байхыг манайхан сошиалаар үзэж хараад өр зөөлөн, нулимс ойрхон нэг нь аньсгаа чийгтүүлж, самсаагаа шархируулж байгаагүй гэж үү. Энэ оны гуравдугаар сарын 2-нд МоскваУлаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, Францын иргэнд коронавирус илрэхэд “Эвий хөөрхий, нутаг орноосоо хол яваа амьтан” гэж өрөвдөж, эмчилгээнд хурдан шуурхай хамруулж байлаа. Тэр ч байтугай нийслэлийн хэд хэдэн томоохон үйлчилгээний байгууллагаар хэсэж, Дорноговийн Улаанбадрах суманд өөрийн оффист хурал цуглаан зохион байгуулсныг уучлан хэлтрүүлж, бараг хоёр сар шахам хугацаанд эмчилж эдгээгээд нутагт нь буцаагаагүй гэж үү. Түүнийг бүр өхөөрдөж “Анх-Отгон” гэж нэрлэж байгаагүй бил үү. Гэтэл ОХУ-аас эх нутагтаа ирж тусгаарлагдсан монгол оюутнуудаас коронавирус илрэхэд “Хил гаалиар оруулах хэрэггүй байсан юм” гэж халаглаад зогсоогүй бараг л “Бөөнд нь бөмбөгд” гэх шахуу юм ярьж, бичиж байлаа. Саяхан буюу энэ сарын 7-ны өдөр 30 гаруй тохиолдол зэрэг бүртгэгдэхэд УОК, Засгийн газар, эмч эмнэлгийн ажилтнууд ажлаа хийж чадахгүй байна гээд л шуугицгаав. Үүнээс гадна цар тахлын халдварт өртсөн хүмүүсийг ажил мэргэжил, нас хүйсээр нь ялгаварлах явдал ч гарч эхэллээ. Хэд хоногийн өмнө Төрийн ордны зүүн жигүүрт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн ч PCR шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан. Гэтэл тэр хүн нь слесарь байжээ гээд л шуугив. УИХ-ын гишүүн юм уу сайд бол яах байсан юм бэ. ХӨСҮТ-өөс халдвар илэрлээ гэхэд сувилагч байсан гэж тодотгох ямар хэрэгтэй вэ. Энэ нь манайхны бие нь арзаганаж, хэлийг нь загатнуулдаг хүний эрх, мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа хэрэг биш үү гээд олон асуулт урган гарч байна. Өчигдөр манай улсад бүртгэгдсэн “COVID-19”-ийн нийт халдвар 898 болж, түүний тэн хагас нь дотоодод хамааралтай байгаа юм. Одоо өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо 10-аас доош байвал иргэд цочирдохоо байж. Өөрөөр хэлбэл, бид “COVID19”-тэй дасан зохицож эхэллээ. Энэ нөхцөлд бид халдвар авсан нэгнийг гоочилж, илүү үзэхгүй, цаашлаад ямар ч байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх нь зүйд нийцнэ. Улмаар халдвар хамгааллын дэглэм, журам, зөвлөгөөг сайтар дагаж биелүүлбэл “COVID-19”-өөр халдварлаж өвдөхгүй байх боломж бүрэн байгааг дэлхийн олон орон харуулж, бид ч биеэрэээ мэдэрч эхлээд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here