Эхлэл Мэдээ А.Энхжин: Уул уурхайн бус салбарынханд нэг тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн

А.Энхжин: Уул уурхайн бус салбарынханд нэг тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн

83
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Монголбанкнаас уул уурхайн бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн санхүүжилтийг шийдвэрлэж, арилжааны банкуудад шинэ зээл олгох боломжийг бүрдүүлж эхэлсэн билээ. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэхдээ “Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээг Мөнгөний бодлогын хороо улирал бүр тогтооно. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгохоор батлаад байна. Ингэхдээ зээл хүсэгчийн зээлийн үлдэгдэл хугацаа хоёр жилээс багагүй, жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой, чанаргүй зээлгүй, зээлийн төлбөрөө төлөх чадвартай байх зэрэг шаардлага тавина. Зээлийн хэмжээний хувьд ЖДҮ-ийн салбарын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхайн бус салбарын зээлийн дээд тал нь нэг тэрбум төгрөг байхаар тогтоосон. Банк мөн нэмэлтээр өөрийн шалгуураа тавьж болно. Банкнаас олгох зээл хоёр жилээс дээш хугацаатай, Монголбанкны бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй хүүтэй байна. Жишээлбэл, Монголбанкны бодлогын хүү зургаан хувь байгаа нөхцөлд арилжааны банкнаас олгох зээлийн хүү 10.5 хувиас ихгүй байх юм. Мөн зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой. Монголбанк өнгөрсөн сарын 30-нд эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Тээвэр хөгжил, Богд болон Төрийн банканд олгосон. Тиймээс эдгээр банк зээл олгох боломжтой болсон гэсэн үг” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here