Эхлэл Боловсрол Зайны сургалтын тэгш хүртээмжтэй байдалд судалгаа хийжээ

Зайны сургалтын тэгш хүртээмжтэй байдалд судалгаа хийжээ

217
0

-“COVID-19” ЦАР ТАХЛЫН БОЛОВСРОЛД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА СУДАЛЖЭЭ

Г.НЯМСҮРЭН

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр зохион байгуулдаг “Боловсрол, чанар, санхүүжилт, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний X чуулганы цахим хэлэлцүүлэг боллоо. Тус чуулганы ерөнхий сэдэв боловсрол боловч санхүүжилт, чанар, хариуцлагатай байдал гэсэн гурван хүрээнд зангидан тухайн жилд аль нэгийг товойлгон хэлэлцдэг. Энэ удаагийн чуулганаар “COVID-19”-ийн үеийн боловсролын нөхцөл байдал, тодорхой бүлгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд учирч буй саад тотгор, хэрэгцээ шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцлээ. ЮНЕСКО-ийн мэдээлснээр “Covid-19” цар тахлын улмаас боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа анги, танхимд явагдах боломжгүй болж сургуулиа хаасан улсын тоо энэ оны гуравдугаар сарын 15-нд 53, дөрөвдүгээр сарын дунд үед 190, дараа сарын 15-ны байдлаар 158 болсон байна. Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч зогсоход хүрчээ. Харин манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр зогсоох, энэ хугацаанд сургалтыг цахимаар явуулахыг БШУ-ны сайдад үүрэг болгосон. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийг түр хаах хугацааг дахин гурван удаа сунгаж, есдүгээр сарын 1-нээс хичээл орж эхлэх шийдвэр гаргаж байлаа. Үндсэндээ 2019-2020 оны хичээлийн жилд дөрвөн сар танхимаар, үлдсэн бүх хугацаанд хичээлийг зайн сургалтаар үзсэн байна. Гэтэл нөхцөл байдлаас шалтгаалан он дуустал хичээлүүдээ дахин онлайнаар явуулж байгаа билээ. Дээрх хугацаанд цахим болон теле сургалтын гадна үлдэх эрсдэлт бүлгүүдийн нэг болох технологийн хүртээмжгүй нөхцөлд амьдардаг, тодруулбал, малчин өрхийн хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс судалгаа явуулжээ. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орж, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 3-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл теле болон цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулсан. БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын телевизүүдийн холбоотой хамтран “Теле хичээл”- ийг зохион байгуулж, бүх хичээлийг дохионы орчуулгатайгаар, Баян-Өлгий аймагт үндэсний цөөнхийн казах, тува хэл дээр, насанд хүрэгчдэд зориулсан насан туршийн боловсролын хичээлүүдийг хүргэжээ. Мөн тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийг (тусгай сургуулийн сурагчдад) I-IX ангийн монгол хэл, математик, нийгэм ахуйн баримжаа хичээлээр гуравдугаар дугаар сарын 16-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны хооронд нийтдээ 189 удаа телевизүүдээр орон даяар нэвтрүүлсэн. Теле хичээлийн хуваарийг долоо хоног бүр яамны албан ёсны цахим хуудас болон бусад мэдээллийн сайтаар дамжуулан түгээсэн ч теле хичээлийн хүртээмж, хэрэгжилтийн бодит байдлаас харвал энэ оны тавдугаар сард малчин өрхийн хүүхдүүд хичээлээ үзэж чадаж байгаа эсэх талаар цахим асуулгад сошиал, медиа анализ хийж үзэхэд нийт 186 хүн сэтгэгдлээ үлдээснээс 67.2 хувь нь телевиз огт үзэж чадахгүй байгаа, долоон хувь нь үзэх боломжгүй, зургаан хувь аргалаад үзэж байгаа,19.3 хувь нь бусад байдлаар үзэж байна гэж хариулжээ.

ОРОН НУТАГТ ИНТЕРНЕТ ХОЛБОЛТ ХАНГАЛТГҮЙ УЧРААС СУРАЛЦАГЧИД ТЕЛЕ ХИЧЭЭЛЭЭС ХОЦРОГДОЖ БАЙНА

Иргэний нийгмийн үндэсний эвслийн “Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ гэх судалгаанд өгүүлсэнчлэн Монгол Улсын нийт өрхийн 35.3 хувь нь интернетэд холбогдсон ч орон нутагт энэ үзүүлэлт 0.08 хувьтай байна. Гэртээ телевиз байхгүй, байсан ч кабелгүй, кабельтай ч ухрааж үзэх үйлчилгээгүй, компьютергүй, компьютертой ч интернэт байхгүй өрхийн хүүхдүүд зайны сургалт, хичээлээс хоцрох эрсдэлд оржээ. Салбарын яам болон бусад байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс харахад, боловсролын бүх шат түвшинд суралцагчдын 20 орчим хувь нь зайны сургалтад хамрагдаагүй дүр зурагтай байна. Хөдөө амьдардаг сурагчдын хувьд нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маягтай холбоотойгоор мал төллөх, мал хариулах, нүүдэл хийх зэрэгт туслан хичээл хийх завгүй байгаа нь харагджээ. Мөн хөдөө амьдардаг малчин өрх байгаль, цаг уураасаа хараат амьдралтай тул хүчтэй салхи, бороо зэрэг байгалийн үзэгдэл тохиолдоход зарим кабельтай зарим айлуудын сүлжээ салж, ТВ үзэх боломжгүй болох, цас их орсноос нарны батарейг цэнэглэж чадахгүй болох зэргээр хичээлээ бүрэн үзэх боломжгүй болдгийг судалгаанд оролцогчид дурджээ. Тодруулбал, тус судалгаанд оролцогч 34 настай, Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг эмэгтэй “Эхлээд нэг сар хөл хорио зарласан, ахиад нэг сар сунгана гэсэн. Удалгүй хичээлийн жил дуусах болчихсон. Би 45 хүүхэдтэй, анги удирдсан багш. Гэнэт л зайнаас хичээл заахаар болсон. Хэрхэн, яаж гэдгийг ч мэдэхгүй юм. Угаасаа мэдэж байсан хүн хэд байсан бол. Санаа зовох зүйл мундахгүй. Сурагчдын 10 гаруй нь л цагтаа хичээлээ хийж, даалгавраа явуулна. Үлдэх зарим нь алдаг оног, зарим нь бүүр ор сураггүй. Арга ядаж, бас санаа зовоод бүртгэлээс гэрийнх нь хаягийг аваад хайж, олж очсон юм. Үнэндээ тийм зүйлтэй тулгарна гэж төсөөлөөгүй. Хэцүү амьдралтайг нь үргэлж мэддэг байсан боловч “хэцүү амьдрал” гэдгийн цаана ямар бодит байдал байдгийг яг тулж харах боломж өмнө нь байсангүй. Боломж гэхээс илүү багш нарт тэр бүр цаг зав олддоггүй. Гал хөс муутай, хар цайнаас өөр тавгийн идээгүйгээс нь үзвэл хоосон зөлмөн байдалтай, гэр нь бохир заваан, кабель байтугай зурагттай зурагтгүй олон орчин угтсан. Тийм орчинд амьдардагтаа надаас айж, ичиж хулмагнах, миний шавь нар. Сэтгэл хөндүүр оргихыг яана. Дүү минь гадаадад гацчихсан тул хүүхдийг нь өөрийнхөө хүүхдүүдтэй хамт харах үүрэг ногдсон юм. Бүтэн зургаан сар өнгөрчихлөө, тэр ирээгүй л байна. Өглөөнөөс үдэш хүртэл хүүхдүүдийн хичээл, хоол унд, хувцас хунар гээд гэрийн ажил барагдахгүй. Гэвч ажлын цаг, өдрийн нар буухаас өмнө амжиж сурагчдадаа даалгавар өгөх, утсаар ярих, эцэг эхчүүдтэй холбогдох ёстой. Шөнө нь ирүүлсэн даалгаврыг шалгана. Зарим өдөр сурагчдынхаараа явна. Эцэг эхчүүд харин “Улсаас амар гэж байхад та нар даалгавраар шахлаа” гэж загнана. Өнөө улс нь харин бидний хувьд Боловсролын яам. Тэд ирц, даалгавар, тайлан нэхсээр л, цалингаар дөрөөлөхийг яана!. Ерөөсөө багшийн ачаалал буураагүй юм шүү” хэмээжээ. Харин “COVID-19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаанд оролцогч суралцагчид ямар байр суурь илэрхийлсэн нь сонин.

ТАНХИМД СУУСНААС ИЛҮҮ ДЭЛГЭЦЭЭР СУДЛАХ НЬ СОНИРХОЛТОЙ, ОЙЛГОМЖТОЙ БАЙНА

-Би төрөлхийн тархины саажилттай. Гэхдээ өөрийгөө бусдад бүрэн ойлгуулж чаддаг, сургуульд ч сурдаг. Манайх гэр хорооллын айл. Коронавирусээс болж аав, ээж орлогогүй болж, хүнсээ бага багаар цуглуулах нь хэцүү санагддаг. Уулзах ч хүнгүй ганцаардаж, сэтгэл санаа тогтворгүй хэцүү л байна. Ихэнх цагаа интернэт хэсэж, телевиз үзэж өнгөрөөх болсноор нойр солигдсон. Ер нь хөл хорионы үе ч гэлтгүй бидэн шиг хүмүүс байнга л ганцаарддаг, тэртэй тэргүй бид угаасаа бүх насаараа хөл хорионд амьдарч байгаа хойно. Ядаж хоорондоо уулзаж болдог, уулзуулж өгдөг бол сайхан. Гэхдээ хөл хорионд нэг аятайхан зүйл бий. Би тархины саажилтаас шалтгаалсан харааны давхар бэрхшээлтэй учир яг хичээл хийхэд надад танхимд сууснаас илүү дэлгэцээр судлах нь сонирхолтой, ойлгомжтой байна. Дараа нь хичээл орсон ч гэсэн цахим, теле хичээлээр давхар үзвэл илүү сайн сурах ч юм шиг. /16 настай, эмэгтэй, Баянзүрх дүүрэг/

 ХИЧЭЭЛ ХИЙХ ЗАВ АЛГА

 -Өмнө нь би өглөө хичээлдээ явж, өдөр нь найзуудтайгаа тоглодог байсан. Одоо харин “Нарантуул” зах дээр тэрэгчин хийж, амьжиргаагаа залгуулж байна. Ажил минь хэцүү санагддаггүй ч амны хаалт зүүх нь л бэрх. Өдөржин тэрэг түрж, ачаа зөөх үед амны хаалттай ажиллахаар үнэхээр хэцүү, ялангуяа дулаахан өдөр бүтэх гэж байгаа юм шиг л санагддаг. Олон хүн холхидог газар тул амны хаалтаа зүүхгүй бол өвчин авах эрсдэл ихтэй. Өдөр бүр 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл ажилладаг. Хэр хол явахаасаа шалтгаалан дунджаар өдөрт 40 мянган төгрөгийн цалин авдаг. Хааяа орлогогүй харих үе ч бий. Хариад унтахыг л хүсдэг, амрахгүй бол маргааш нь хүнд. Хичээл хийх зав алга аа. Гэрийнхэн минь өлсөнө шүү дээ, ажиллах л ёстой. /17 настай, эрэгтэй, Баянзүрх дүүрэг/ Сургалтын үйл ажиллагааг зайнаас явуулахдаа алслагдсан сум, өрхийн хүүхдүүдийн боломжийг судлах зайлшгүй хэрэгтэйг дээрх үр дүн харуулж байгааг зохион байгуулагчид онцолсон байна. Үүнд, гар утас, ТВ, радионы хэрэглээ, сүлжээний хүртээмжтэй байдал зэрэг багтана. Австрали улсад гэхэд теле хичээл явуулахдаа гэртээ интернет, компьютергүй суралцагчдыг судалж, тэдэнд хэрэгцээтэй техник тоног төхөөрөмжийг төрөөс хангаж байсан гэдэг. Үүн шиг бид алсын зайн сургалтаа илүү хүртээмжтэй тэгш байдлаар суралцагчдад хүргэхийн тулд илүү хичээх шаардлагатай байна. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, эрх зүйч, судлаач Ч.Бат-Уянгын бэлтгэсэн “Багшлах, суралцах үйлд “COVID-19”-ийн үзүүлж буй нөлөө” хэмээх бичил судалгааны тайланд багш нарыг теле хичээл бэлтгэх техник хэрэгсэл, сургалтын гарын авлага, материалаар хангах, багш төдийгүй оюутан, суралцагчдад интернэт, дата, утасны төлбөр олгох, гэр хороолол, хөдөө орон нутагт интернэтийн сүлжээтэй болгох, сурагчдын гэрээр очиж ажиллах үед унаагаар хангах, эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй тул зөвхөн багш нарт гэлтгүй эцэг эхчүүдэд зориулсан зайны сургалтын гарын авлага боловсруулж өгөх, цалин хөлс нэмэх, ажлын ачаалал буурахгүй байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлсийг хасахгүй байх, багш нарт гэрээсээ төдийгүй сургуулиасаа ажиллах боломж олгох хэрэгтэйг дурджээ. Түүнчлэн суралцагчдын агуулгын хоцрогдол их, анхаарал төвлөрөх, суух чадвар буурсан байна. Мөн сурагчдын олонх нь илүүдэл жинтэй болж, гар утсанд донтох хандлагатай болжээ. Тиймээс юуны түрүүнд багш нарыг зөвхөн гүйцэтгэгч, зайны сургалтыг хэрэгжүүлэгч гэж үзэхээс илүүтэй цаашдын төлөвлөгөө гаргахад оролцогч, үнэтэй хувь нэмэр оруулагч, нөгөө талаар тэд ч бас хөл хорионд орсон бусад иргэний адил нөхцөлд буй гэдгийг анхаарч үзэх шаардлагатай гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here