Эхлэл Мэдээ Засаг захиргааны нэгжийг нэгтгэх боломжийг УИХ, Засгийн газарт олгоно

Засаг захиргааны нэгжийг нэгтгэх боломжийг УИХ, Засгийн газарт олгоно

94
0

М.ЭНХЦЭЦЭГ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг “Үндсэн хуулийн суурь зарчимд түшиглэж, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай орон нутагт хослуулах үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тогтооно” гэсэн заалтад тулгуурлан боловсруулжээ. Уг хуулийг баталснаар нутаг дэвсгэр, засаг захиргааны тогтолцоог өөрчлөх, орон нутагт улс төржилтийг хязгаарлах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн гурван чухал асуудлыг шийдвэрлэх юм. Эдгээрийг задалбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн шинэчлэх боломж бүрдэнэ. Тодруулбал, Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, 330 сум, 1613 багтай. Нийслэл хот нь есөн дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Энэхүү засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг иргэдийн саналд үндэслэн өөрчлөх эрхийг Засгийн газарт олгох аж. Харин иргэдээс санал авах ажлыг ИТХ зохион байгуулахаар тусгасан байна. Сум, дүүргийн ИТХын сонгуульд улс төрийн намыг нэр дэвшүүлэхгүй байх, бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ. Ингэснээр орон нутагт хэрээс хэтрээд буй улстөржилтийг хязгаарлах боломжтой гэж үзжээ.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд төсөв, санхүү, өмч, татвар гэсэн эдийн засгийн багц асуудлыг орон нутагт нь шилжүүлснээр тэдний бие дааж шийдвэр гаргах бололцоог нээж, төсөв хөрөнгөө захиран зарцуулснаар орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Ийнхүү УИХ-ын гишүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн ажлын хэсэг болон ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Хуулийн концепцын гол хэсэг нь засаг захиргааны нэгжийг өөрчлөх. Ажлын хэсэг энэ талаар хэлэлцэж, ямар заалт нэмж болох талаар ярилцсан. Ингээд хуулийн төслийн 13.2-т “…засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө өмнө нь иргэдэд үйлчилж байсан үйлчилгээг дордуулахгүй байна” гэж зааж өгсөн. Сүүлийн 30 жилд дэлхийн улс орнуудад засаг захиргааны шинэчлэл хийж байна. Засаг захиргааны шинэчлэлийн хөтөлбөр нь үндсэн хоёр чиглэлийг хамаарч байгаа. Манайд харамсалтай нь, ийм өөрчлөлт хийгээгүй. Бид энэ хуулиар шууд нэгжийг нэгтгэх асуудлыг шийдэхгүй. Тэр боломжийг нь УИХ, Засгийн газарт олгоно. Мөн төсөв хөрөнгийн талд томоохон өөрчлөлт оруулж байгаа юм. Тодруулбал, өмч, төсөв, татварын тодорхой хувийг орон нутагт шилжүүлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг орон нутагт өгнө. Үүнийг 2022 оноос мөрдөж эхэлнэ. Хуулийг баталснаар ирэх онд төсвийн маш том бэлтгэл хийх хэрэгтэй болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Бид иргэдийн төлөөллийн байгууллагыг ажиллах нөхцөл, төсвөөр хангах хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн давуу тал нь хөдөө аж ахуй. Энэ салбарын үйлдвэрлэл дэлхийд дээгүүр байдаг. Бид энэ чиглэл рүү хөгжих ёстой. Бүгдийг нь төсөвт төвлөрүүлээд байшин бариад, уусгаад байж болохгүй гэдгийг анхаараарай. Нөгөө талдаа авьяас, оюуныг хүндэлж чадахгүй, улс төрийн луйвар, улс төрийн хорыг дээдлээд эдийн засаг, улс орноо хөгжилгүй болгож байна. Түүнээс биш бид аливаа бодлого шийдвэрээ шинжлэх ухаантай болговол хөгжих боломж их байна. Гэхдээ хэрэглээний зах зээл багатай орон. Хоёр хөршийнхөө нэг тосгоны хэмжээний хүн амтай улс. Тиймээс онолын талаас хамаагүй том зүйл оруулж ирэх хэрэггүй. Өөрийн онцлогт тохирсон бүтэц суурьтай байх ёстой. Хэдэн зуу, мянган жил уусахгүй оршиж ирсэн энэ бүтцээ үгүйсгэж болохгүй. Тиймээс бид энэ хуулийг хөндөхдөө засаг захиргааны нэгж, удирдлагаа яаж авч явахаа л анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг санал оруулах нь зөрчилтэй байна. Дээд шатны дарга нь өөр намын хүн байвал доод шатны өөр намын олонхын төлөөлөлд тухайн хүнийг нэр дэвшүүлж оруулах нь төвөгтэй асуудал юм. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Төсвийн асуудлыг сууриар нь зөв болгож байгаа юм. 28 жил мөрдөж ирсэн хуулийн сул тал нь төв, орон нутгийг зааглаагүй явдал. Орон нутгийн чиг үүргийг тодорхойлохоор төрөөс үүрэлцэх чиг үүрэг гэж хуваасан. Үүнээс эхлээд төсөв, томилгоог шийдэх боломжтой болно. Чиг үүргээ дагасан төсвийн томилгооны баримжаа гарна. Нийслэлийн ИТХ-аас дүүргийн ИТХ-ыг бүрдүүлэх заалтыг хасах саналыг хүлээж авсан. Хувь хүний нууцыг үл задруулах асуудал нь манай хүмүүсийн хүлээх үүрэг. Эргүүлэн татах асуудал мөн бий. ИТХ тухайн иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэх зарчмыг баримтална. Тиймээс эргүүлэн татах, хариуцлагажуулах асуудлыг оруулж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Тамгын газрын дарга нарыг яагаад зургаан жил болгосон юм бэ. Түүнээс илүү байж болдоггүй юм уу гэдэг асуулт байна. 2017 онд Төрийн албаны тухай хуулийг батлахдаа энэ заалтыг оруулсан. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад тодорхой хугацаа зааж, тогтвортой ажиллуулах боломжийг хангаж өгсөн. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга нар зургаан жилийн хугацаатай ажиллаж, нэг удаа сунгаж болохоор болгосон. Ингэж тогтвортой болгохгүй бол болохгүй байгаа юм. Манайхан хугацаатай албан тушаалыг тогтвортой байлгаад, хугацаагүйг нь тогтворгүй болгоод байдаг юм. Нэг, хоёр жилээс хэтэрдэггүй, эсвэл сонгуулийн циклээр томилогддог. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Тамгын газрын дарга нарыг бүгдийг нь солих гээд байна гэх мэдээлэл гарч эхэллээ. Тиймээс энэ хуулийг дагаад өмнөхийг нь хүчингүй болгох тогтоолыг хамтад нь өргөн барьсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг энэ онд баталбал тогтворгүй байдал үүсэхгүй гэж бодож байна.

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: – Тамгын газрын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилно гэж хугацаа заасан нь ямар учиртай юм бэ. Тамгын газрын дарга бол төрийн мэргэшсэн албан хаагч. Гэтэл хугацаа зааж томилох нь ойлгомжгүй байна. Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байдал гэдэг зүйл энэ өөрчлөлтийн хүрээнд алдагдах гээд байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Энэ талаар ажлын хэсэг болон орон нутгийн удирдлагуудтай хийсэн хэлэлцүүлгээр хөндсөн. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлэхэд, би мерит зарчмыг дэмждэг. Гэхдээ сүүлийн үеийн захиргааны хөгжлийн загвар талаас нь аваад үзвэл дижитал эдийн засаг, дижитал орчин бий болсноор мэдлэгийн асуудал ч өөрчлөгдөж байна. Боловсрол хуучирна гэсэн үг. Үүний хүрээнд тасралтгүй суралцах асуудлыг хамт авч үзсэн. Зургаан жил бол урт хугацаа. Сонгуулийн үр дүнгээс хамаарахгүй гэсэн үг. Зургаан жилд ажлаа үнэлүүлэх нь өнөө цагийн шаардлага. Цаг үеэ дагасан заалт гэж ойлгох хэрэгтэй. Зургаан жилийн хугацаанд Төрийн албаны хуулийн хамгаалалтад байна. Улс төрийн шийдлээр л орсон. Хугацаатай томилгоо Төрийн нарийн бичгийн дарга нарт ч үйлчилж байгаа. Өмнөх парламентын баталсан Төрийн албаны хуульд тусгагдсан асуудал. Төрийн мэргэшсэн тогтвортой байх зарчим энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд алдагдах гээд байна. Энэ зарчмын хүрээнд тухайн салбарын асуудлыг мэдэрч олон жил ажиллаж байгаа, туршлагатай гэдэг юм уу, ур чадвартай албан хаагч нар зөвхөн өөрийн хүсэлтээр эсвэл мэргэжлийн ур чадвар муу байх гэдэг шалтгаанаас бусад тал дээр хуулиараа тогтвортой байх гэдэг заалтаар хамгаалагдах ёстой. Хэрэв бид үнэхээр улс төрийн шийдэл гаргаад үүнийг өөрчилье гэж байгаа бол Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, эсвэл албан тушаалын эрх зүйн байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here