Эхлэл ДЭЛХИЙД Гео эдийн засаг ба санхүүгийн хориг

Гео эдийн засаг ба санхүүгийн хориг

85
0

Х.ЭРДЭНЭЗАЯА

 Гео эдийн засаг гэх нэршил орчин үеийн олон улсын эдийн засаг, улс төрийн амьдралд чухал нөлөө үзүүлэх болсон. Энэ зууныг гео эдийн засгийн эрин гэж тодорхойлсон бөгөөд сөрөг нөлөөллийг нь хянахыг эдийн засагчид анхааруулдаг. Ялангуяа АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадсан үед их гүрнүүдийн эдийн засгийн тулаанд өртөхөөс болгоомжлохыг сануулж байна. Хонконгийн захирагч Кэрри Лам орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын санхүүгийн хориг арга хэмжээний улмаас Хонконгийн арилжааны банкуудын дансыг хаасан. Тиймээс иргэд зээлийн карт бус бэлэн мөнгө ашиглаж байна. Энэ бол Вашингтоны эрх баригчдын үндэслэлгүй шийдвэр” гэжээ. Хэдийгээр хориг нь АНУ-ын дотоод хууль боловч албадлагын хүч нь хил давж байгаа юм. Тиймээс Иран, Венесуэль зэрэг АНУ-ын хар жагсаалтын бай болсон улс орнууд Вашингтоны хориг арга хэмжээг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үздэг. АНУ-ын хориг арга хэмжээ нь зорилтот орнууд болон хүмүүст их хэмжээний хохирол учруулдаг. 2015 онд Иран АНУ, НҮБ-ын хоригт өртөж цөмийн хөтөлбөрөө царцаасан. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньяныг онилсон хориг арга хэмжээг цуцлуулах, сулруулах зорилгоор Сингапур, Ханойд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ. Мөн АНУ-ын хоригт өртсөн улсын иргэдэд зарим улсын банк, санхүүгийн байгууллага үйлчлэхээс татгалздаг. Учир нь, хориг арга хэмжээг зөрчиж, үйлчилгээ үзүүлбэл АНУ-ын Засгийн газар тухайн байгууллагын банкны лицензийг хүчингүй болгох эрсдэлтэй. Аль ч банк энэ эрсдэлд орохыг хүсэхгүй тул Вашингтонд эргэлзээтэй гэж үзсэн аливаа бизнест оролцохоос татгалздаг. Дональд Трампын засаг захиргаа дэлхийн харилцааны чухал нөлөөлж буй санхүүгийн хориг арга хэмжээг идэвхтэй ашиглаж ирсэн. Гэхдээ санхүүгийн хориг арга хэмжээ авах нь сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт, хориг арга хэмжээ нь дангаараа АНУ-ын хүсэл зорилгод нийцэхгүй. Жишээлбэл, Умард Солонгос бараг 20 жилийн турш янз бүрийн хориг арга хэмжээнд өртсөн ч АНУ-ын хүссэнээр цөмийн зэвсэг, баллистик пуужингаасаа татгалзаагүй байна. Харин зургаан удаа том хэмжээний туршилт хийжээ. Иран улс 1979 оны Исламын хувьсгалаас хойш 40 жилийн турш Вашингтоны хоригт байгаа ч АНУ, Израилийг эсэргүүцсэн хэвээр. Мөн АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөгөөр Бээжин Хонконгод эрх чөлөө, ардчиллыг сэргээнэ гэж төсөөлөх нь гэнэн хэрэг юм. Хоёрдугаарт, хориг арга хэмжээ олон жилийн турш үргэлжлэх нь бий. Зорилтот улс орнууд шахалтыг эсэргүүцэж, цөмийн бөмбөг бүтээх эсвэл ардчиллын хөдөлгөөнийг дарах гэсэн зорилгоо хэрэгжүүлдэг. Нөгөө талаар үргэлжилсэн хориг арга хэмжээ нь зорилтот улс орнуудын жирийн иргэдийн амьдралыг улам бүр дордуулдаг. Гуравдугаарт, зөвхөн АНУ дангаар хориг тавьдаггүй.

БЭЭЖИН ВАШИНГТОНЫ ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 Хятад улс өдгөө АНУ-ын практикийг дагаж мөрдөж байна. Саяхан АНУ-ын адил “Entity List” системтэй Экспортын хяналтын тухай хуулийг баталж, зарим технологио гадаадад экспортлохыг хориглосон. Австралитай хурцадмал байдал үүсэхэд Бээжингийн эрх баригчид тус улсын дарсанд өндөр татвар ногдуулж байна. Бээжин гео эдийн засгийн тулаанд хэзээ ч хайнга ханддаггүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зэрэг олон зэвсэгтэй. Тиймээс дэлхийн санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Японы банкууд АНУ-аас гадна Хятадын хууль тогтоомжийг зөрчихөөс зайлсхийдэг. Энэ хоёр их гүрэн одоо нэг чиглэлд явж, “нөгөө тал” -тай бизнес хийхээс зайлсхийхийн тулд гадаадын компаниудыг албадах зорилготой хууль хэрэгжүүлж эхэлжээ. АНУын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден дайсагнасан улс орнуудтай үргэлжлүүлэн тулалдах ёстой учир санхүүгийн хоригийг албадлагын гол арга хэмжээ болгон ашиглах нь дамжиггүй. Түүний бодлогын зөвлөхүүд дээр дурдсан хориг арга хэмжээний гурван асуудал буюу сул талыг шийдвэрлэж, илүү үр дүнд хүрэхийг эрмэлзэнэ. Хоригийн зорилгыг тодорхой илэрхийлэх нь чухал. Бодит хандлага нь ардчилал эсвэл дэглэмийн өөрчлөлтөд хүрэхийн тулд цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, хүний эрхийг эрс зөрчихөөс урьдчилан сэргийлэх зэрэг энгийн зорилгуудад төвлөрдөг. Өөр нэг тэргүүлэх зорилт бол эдийн засгийн амжилттай бүтээн байгуулалтын түлхүүр хориг арга хэмжээг дипломат ажиллагаа болон цэргийн шахалтаар зохицуулдаг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here