Эхлэл Мэдээ Д.Отгонбаяр: “Баянмонгол”-ын Б.Ганбат ахдаа сэтгэлээ зориулах торгон мөч байх болно

Д.Отгонбаяр: “Баянмонгол”-ын Б.Ганбат ахдаа сэтгэлээ зориулах торгон мөч байх болно

223
0

Б.СИЙЛЭН

 “Хурд” хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хандлаа. Тэрбээр хамтлаг болон хувийн зүгээс Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Б.Ганбатад туслахыг хүсэж буйгаа уламжилжээ. Улмаар хамтлагийнхаа алтан пянз болон гитарыг дуудлага худалдаагаар худалдаж, түүнээс олсон мөнгөө удирдаачид хандивлах болсноо хэллээ. Д.Отгонбаяр “Хурд” хамтлагийнхан Монголын рок попынхноосоо анхлан алтан пянз гаргаснаа онцлон өнөөдөр зохион байгуулах дуудлага худалдаанд оролцохыг хүссэн юм. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:30 цагаас HURD пэйж болон Otgonbayar voice coach-аар дуудлага худалдаагаа зохион байгуулна. Монголын рок попынхон төдийгүй ард түмний хүндэтгэдэг “Баянмонгол” чуулгын удирдаач Б.Ганбат ахдаа сэтгэлээ зориулах торгон мөч юм шүү” хэмээн цахим хуудастаа бичжээ. Удирдаач Б.Ганбат хорт хавдраар өвчилж, бие нь хүндхэн байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн бөгөөд хорт хавдартай гэдгээ хожуу мэджээ. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болсон байна. Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ тэрбээр дан хөгжим болон хөгжмийн найруулга нийлсэн 800 гаруй бүтээл туурвисан билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here