Эхлэл Мэдээ Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой төлөвлөгөөг баталжээ

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой төлөвлөгөөг баталжээ

56
0

“COVID-19” цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа ажлын хэсгийн төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Вакцинд хамруулах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ. Мөн “Дархан арьс” ширний цогцолборын бүтээн байгуулалт, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг баталсан байна. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцсон байна. Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил 23 хувьтай байгаа бөгөөд цахилгаан, дулаан, уур, цэвэр бохир ус, цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН СУРАЛЦАХ ЭРХИЙГ ХАНГАНА Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоож, тэдэнд үйлчлэх ажилтан ажиллуулах, багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах зохицуулалт хийхээр болжээ. Мөн багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоог жил бүр тогтоож мөрдөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох заалтыг тусгахаар болсон байна. Түүнчлэн 2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчмын зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэргийг холбогдох албаныханд үүрэг болгов. Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр хэлэлцээрийн хүрээнд таван жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуучуудын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр ажиллах юм байна. Мөн спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор хэлэлцээрт тусгажээ. Засгийн газар “Биокомбинат” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгожээ. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here