Эхлэл Нийтлэл Я.Содбаатар: Эмнэлгүүдийн дотоод халдвартай холбогдуулан шалгалт хийнэ

Я.Содбаатар: Эмнэлгүүдийн дотоод халдвартай холбогдуулан шалгалт хийнэ

60
0

М.ӨНӨРЖАРГАЛ

‘Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаа дээрх хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой бүх талын мэдээллийг холбогдох албаныхан УИХ-ын гишүүдэд өгсөн юм. Түр хороо өнгөрсөн хугацаанд зургаан удаа хуралдсан байна. УИХын гишүүд коронавирусийн дотоодын халдвартай холбоотойгоор цөөнгүй асуултыг асууж, хариулт авсан. Тэр дундаа Баянзүрх дүүргийн эмнэлгээс халдвар алдагдаж, дотоодод тархсан асуудлыг хөндөж байлаа. Энэ тухайд Шадар сайд Я.Содбаатар хариулахдаа “Баянзүрх дүүргийн эмнэлэг хувьчлагдсан. Хувийн эмнэлэг дээр асуудал гарсан нь үнэн. Холбогдох газарт шалгалт хийж байгаа. Эмнэлгүүдийн дотоод халдвар санаа зовоож, хувь, хувьсгал гэхгүй эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж байна. Баянзүрхийн анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгч сөрөг гарсан, хэвтээд дахин шинжилгээ өгөхөд хариу нь мөн сөрөг гарсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн юм билээ. Харин эмнэлэгт тав хоноод шинжилгээ авахад эерэг гарсан. Эмнэлгийн дотор халдвар, хамгаалалтай холбоотой асуудал байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийг 1998 онд хувьчилсан юм билээ” хэмээн тайлбарлав. УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ “Сүүлийн үед цахим орчинд зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Нийслэлийн өрх бүрийн нэг хүнээс шинжилгээ авна гэсэн, юу болсон бэ. Энэ ажлаа хийхгүй бол иргэд халдвар авснаа мэдэхгүй тараагаад байх вий. Хоёрдугаарт, малчдын өвөлжилтөд анхаармаар байна. Засгийн газрын зүгээс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зохих арга хэмжээг авсан. Гэтэл цаана нь өвөлжилт хүндрээгүй ч гэсэн амаргүй нөхцөлд малчид өвөлжиж байна. Тэжээлийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудалд ямар хяналт тавьж байна вэ” гэж тодруулсан. “Цар тахлын тухай хуульд мэдээллийн хязгаарлалт хийх талаар тодорхой заалт бий. Улсын болон нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэлд иргэд итгэх хэрэгтэй. Улсын онцгой комиссоос хэд хэдэн арга хэмжээг авч байгаа. Сэлэнгэ, Дархан зэрэг өрхийн тоо бага аймгуудад “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг хийсэн. Үр дүнтэй ч болсон. Нийслэлийн хэмжээнд өмнөх хөл хорионы үеэр хамгийн эрсдэлтэй гэсэн 40 хорооны 70 мянган өрхөд “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг хийсэн. Баянзүрх дүүргийн 80 мянган иргэнээс шинжилгээ авч эхэлсэн. Одоогоор 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд болон Эрүүл мэндийн яам өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах нь үр дүн тааруу гэж үзэж байгаа юм билээ. Мөн ДЭМБ болон бусад байгууллага энэ шинжилгээг үр дүн муутай, эмнэлгийн салбарын хүчийг тарамдуулна гэж үзэж байгаа. Манайд халдварын тархалт алаг цоог голомттой учраас ойрын хавьтлуудыг тогтоох, хүрээг хумих ажлыг хийж байна. Мөн “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг ч авч байна. Хоёрдугаарт, өвөлжилттэй холбоотойгоор Засгийн газраас тодорхой шийдвэр гаргасан. УИХ-аар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг ч баталсан. Ингэснээр тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна. ШӨХТГ зарим аж ахуйн нэгжийг шалгаж зохих торгуулийг ч тавьсан” гэж хэллээ. Эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байгаа шалтгааныг тодруулсан Б.Бейсен гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа “Эмнэлгүүдэд халдвар гарч байгаагийн шалтгаан янз бүр. ХӨСҮТийн тухайд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрсэн. Олон улсад ч эмч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авах эрсдэл нь өндөр хувьтай байна. Манай улсын хувьд дунджаас доогуур байгаа боловч эрсдэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа. Эмч нарын ажиллах ногоон бүсийг сайжруулах, усанд орох зэрэг нөхцөлийг нь сайжруулах тал дээр ажиллаж байна. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хувьд халдвар авсан иргэнийг эмнэлэгт хэвтэхээр ирэхэд нь шинжилгээ авсан боловч илрээгүй, хэвтэн эмчлүүлэх хугацаанд нь халдвар гарсан. Эмч нар хамгаалалтын хувцасны хангалтгүйгээс болж халдвар аваагүй. Хувцас, хэрэгсэл хангалттай. PCR-ийн аппаратгүй аймгуудад захиалга хийгдсэн. Ирэх долоо хоногийн сүүлээр ирнэ” гэлээ. Харин УИХын гишүүн М.Оюунчимэг “Танин мэдэхүйн шинжтэй мэдээллийг бид хангалттай авч байгаа. УИХ-ын Түр хорооны хувьд асуудалд ажил хэрэгч хандаж, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдэх, мөн хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой. Хөрөнгө мөнгө, санхүүжилтийн дийлэнхийг нь хувийн болон улсын эмнэлгүүдийн дотоод нөхцөл байдлыг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуул. Өнөөдөр Баянзүрх дүүргийн эмнэлгээс 55 хүнээс халдвар илэрлээ. Тэнд өвчтөнүүд дундаа ганц 00- той, орчин нөхцөл нь хүнд байна. Ийм тохиолдолд хувь, хувьсгалын гэж ялгалгүйгээр Эрүүл мэндийн сайд шуурхай арга хэмжээг авах хэрэгтэй. Солих хүмүүсийг нь сольж, хариуцлага тооцоод явахгүй бол магадгүй юм билээ. Цэргийн төв эмнэлэг нь дахиад голомт болчих вий” хэмээн анхааруулаад “Зохион байгуулалтын ажлуудыг шуурхай авч ажилламаар байна. Эмч нар дархлаагаа сайжруул гэж иргэдэд зөвлөдөг. Гэтэл иргэд хүүхдээ ч салхилуулж чадахгүй гэртээ байлгаж байна. Ялангуяа гэр хороололд байдал хүнд, халуун ус нь хаалттайгаас усанд орж чадахгүй байна. Иргэдээ салхилуулах асуудлыг ч давхар тооцох хэрэгтэй. Нийтийн халуун усыг нээж, халдвар хамгааллын горимыг баримталж болно” гэх саналыг ажлын хэсгийнхэнд уламжиллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here