Эхлэл Тойм Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулиудыг батлав

Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулиудыг батлав

84
0

М.ЭНХЦЭЦЭГ

Засгийн газар, Улсын онцгой комиссоос “COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед УИХ үүргээ гүйцэтгэж ирлээ. Энэ парламент УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй өөрчилж, шинэчлэх хуулиуд болон иргэд, олон нийтийн орлого, аж ахуйг дэмжихэд нэн шаардлагатай яаралтай хууль, тогтоомжийг шинэ оны босгон дээр хэлэлцэн баталлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх боломжтой болж байна. Мөн шат шатны ИТХ-ыг улстөржилтөөс ангид байлгахаар зохицуулсан. Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад ИТХ-ын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталлаа. Монголчууд төрийн тэргүүнээ сонгох сонгууль удахгүй болно. Тиймээс холбогдох хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх учиртай. Үүний хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ цаг үед ийн хэлэлцэн баталлаа. Мөн УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах болон Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн батлав. Дээрх хуулийн төслүүдийг баталснаар цар тахлын нөхцөл байдлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн томоохон алхмыг хийж буй хэрэг юм.

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨ БУУРУУЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧИД ААНОАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Засгийн газраас энэ сарын 16-нд өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулснаар ирэх долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлнэ хэмээн Засгийн газар үзжээ. Харин Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг УИХ-аар баталснаар иргэд, аж ахуйн нэгжүүд заасан хугацаанд татвараа төлж чадаагүй тохиолдолд таварын алданги, торгуулиас түр чөлөөлөх юм. Тодруулбал, Засгийн газраас олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалт тогтоосны улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны долоодугаар 1 хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр болов.

 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХУГАЦААГ СУНГАНА

 Коронавируст халдвар “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХаас өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан билээ. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Тиймээс Коронавируст халдвар “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм. Шадар сайд Я.Содбаатар гишүүний асуултад хариулахдаа, “Вакцинжуулалтыг цөөн улс орнууд хийж эхлээд байгааг тодотгоод, эсрэг бие үүссэн иргэдийн хилээр зорчих хөдөлгөөнийг нээх эсэх асуудлыг судалж байна. МСҮТ-ийн багш, ажилчдын санхүүжилтийг шийдсэн” гэлээ. Харин өрх бүрээс шинжилгээ авах ажлыг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон хэмээн тэмдэглээд, Улаанбаатар хотын 415 мянган өрхийн 1.7 сая хүнийг хамруулах шаардлагагүй гэдгийг ДЭМБ болон мэргэжлийн байгууллагууд хэлж байгааг дурдав. Гэхдээ, өмнөх хөл хорионы үеэр нийслэлд эрсдэлтэй 40 хороог сонгон 70 мянган өрхийг шинжилгээнд хамруулахад халдварын тохиолдол илрээгүй. Мөн хөл хорио дахин тогтоосонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн 29 хорооны 25-ынх нь 80 мянган өрхөөс шинжилгээ авах ажил үргэлжилж буйг мэдээлэв.

АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙДЫН САНАЛ БОЛГОСНООР ТОМИЛОХ САНАЛЫГ ДЭМЖИВ

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. “Хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан” хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуусан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа, Засгийн газрын өргөн барьсан төсөлд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор, УИХ зургаан жилийн хугацаагаар томилно гэж хуучин заалт хэвээрээ байсныг тэмдэглэв. Харин Байнгын хорооны хуралдааны үеэр АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохыг Үндсэн хуулиар хориглосон тул УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санал гаргаж, Ерөнхий сайд АТГын даргыг санал болгодог зарчмын зөрүүтэй санал оруулсан гэдгийг тайлбарлаж байлаа. “Ингэснээр АТГ нь УИХ-ын дэргэдэх байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газрын эрхлэх хүрээний асуудал тул Ерөнхий сайд санал болгож УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилдог болно” гэв. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилох санал чуулганы хуралдаанд дэмжигдэв. Ийнхүү хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Н.ТАВИНБЭХ: ӨВЛИЙГ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Засгийн газарт тавьсан асуулгын хариуг сонслоо. Монгол Улсын Засгийн газраас цахилгаан, дулаан, ус, хогны төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийв. Монгол Улсын эрчим хүчний системийн энэ он арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн оргил ачааллыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5-10.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон. Тухайлбал, айл, өрхийн цахилгаан төлбөрийг тэглэх Засгийн газрын шийдвэр гарсны дараах гурав хоногийн хугацаанд Улбаанбаатар хотын хэрэглээний өсөлт эрс нэмэгдсэн бөгөөд гэр хорооллын хэрэглээ 14- 58 хувиар өсчээ. Тиймээс Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”- ыг боловсруулан, баталсан. Тус журмаар айл өрх болон зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцах ба өмнөх оны хэрэглээнээс хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар тооцож, хэрэглэгч өөрөө төлөхөөр зохицуулсан болохыг салбарын сайд тодотгосон юм. Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХын гишүүн Ж.Сүхбаатар асуусан асуултдаа, “Эрдэнэт” үйлдвэрээс 650 тэрбум төгрөгийн зардал гаргана гэж тооцсоныг дурдаад цаашид зардал нэмэгдвэл хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Мөн нүүрсний үнийг хөнгөлсөнтэй холбоотой гарч байгаа хэрэглээ, зарцуулалтын зохистой харьцаанд хэрхэн анхаарч байгааг асуусан. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “650 тэрбум төгрөгийн 483.7 тэрбумыг нь цахилгаан дулаан, дулааны уурын төлбөрийг чөлөөлөхөд зарцуулна. Түүнээс 477 тэрбум төгрөг цахилгаан дулааны эрчим хүчний төлбөр байна. Журмын дагуу өнгөрсөн оны мөн үеийн хэрэглээ хүртэл хэрэглээтэй дүйхүйц хэмжээнд төрөөс төлбөрийг даах учраас хэрэглээ огцом 20-30 хувиар нэмэгдэхгүй. Илүү гарсан төлбөрөө иргэн өөрөө төлнө” гэж хариуллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here