Эхлэл ДЭЛХИЙД А.Навальный: В.Путин эдлэн бус вант улстай

А.Навальный: В.Путин эдлэн бус вант улстай

94
0

Х.ЭРДЭНЭЗАЯА

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Ерөнхийлөгч Владимир Путинийг хууль бус мөнгөөрөө тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө авсан гэж буруутгалаа. Хар тэнгисийн эрэг дээрх Прасковеевкагийн эдлэн газрыг барихад 100 тэрбум рубль (1.35 тэрбум ам.доллар) зарцуулсан байна. Эдлэн газар нь Монако улсын нутаг дэвсгэрээс 39 дахин том хэмжээтэй гэнэ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд далайн эрэг дээрх ордныг Ерөнхийлөгч В.Путинтэй холбоотой гэж 2010 оноос бичих болсон. А.Навальный “Энэ бол энгийн эдлэн биш. Бүхэл бүтэн хот. Тодруулбал, хаант улс” гэжээ. Навальныйн хэлснээр эдлэн газар тусгай хонгилоор шууд хар тэнгистэй холбогддог аж. Тэр ч байтугай эдлэнг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба хамгаалдаг, хилийн шалган нэвтрүүлэх цэгтэй юм байна. Уг үл хөдлөх хөрөнгийг 2068 он хүртэл судалгааны зорилгоор үйл ажиллагаа явуулдаг компанид түрээслүүлсэн гэж орон нутгийн захиргаа мэдэгдэж байв. Тэрбээр В.Путиний тойрон хүрээлэгчдийг хамарсан авлигын схемийг илрүүлснээ зарласан. В.Путин найзуудаа төрийн өмчит гигант компаниудад өндөр албан тушаал өгч, Засгийн газрын ашигтай төслүүдийг хариуцуулжээ. Өөрөөр хэлбэл, В.Путин 30 гаруй жилийн турш найз нөхдөөрөө дамжуулан баялгаа нуудаг аж. Энэ талаар ярьсан Навальныйн бичлэгийг “YouTube”-т нэг цагийн дотор сая гаруй хүн үзсэн байна. Алексей Навальный өмнө нь Лодочный арал дахь харшийг ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиний нууц зуслан гэж мэдэгдэж байсан. Харш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ойрын хүрээний нэгнийх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Оросын төрийн тэргүүн тус газарт нэг бус удаа амарчээ. Ленинград мужийн Лодочный аралд байрладаг эртний Селлгрен эдлэнг алдарт архитекторч Уно Ульбергийн төслөөр 1913 онд барьжээ. Нутгийн иргэдийн ярьснаар хуучирч эзгүйрсэн эдлэн газар руу нэвтрэх хэсгийг 2010 оноос хаажээ. “Google Earth”-ын мэдээлснээр 2011-2013 онд харшид засвар хийсэн юм байна. Үүнээс гадна харшид 1.5 мянган ам метр талбай бүхий өргөтгөл барьжээ. Мөн тус бүрдээ 500 ам.метр байхаар өөр хэд, хэдэн харш босгосон талаар ч мэдээлээд байгаа юм. Сонирхуулахад, харшид цэцэрлэгт гудамж, нисдэг тэрэг хөөрөх, газардах талбай, хоёр усан онгоцны зогсоолтой аж. А.Навальныйг Германаас буцаж ирсний дараа баривчлан хорьсон юм. Орос улс түүнийг хордуулсан гэх хэргийг үгүйсгэдэг билээ.

“В.ПУТИН ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН”

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцов амьд ахуйдаа “Владимир Путин дөрвөн сая хүрэхгүй рублийн орлоготой хэмээн сонгогчдыг хуурдаг. Учир нь, бодит байдал дээр маш их баян тансаг амьдардаг” гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийг 20 гаруй орд харш, эдлэн, зуслангийн байшинтайгаас есийг нь төрийн тэргүүн байх хугацаандаа бариулсан гэсэн юм. Энэ мэдэгдлээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нууц хөрөнгө, авлигын асуудал олон улсын анхаарлыг татах болсон. Их Британийн ВВС агентлаг “Путиний нууц баялаг” баримтат кино бүтээсэн байдаг. ВВС агентлагийн редактор Ричард Билтон “29 минут үргэлжлэх баримтат кинонд Путиний нууц хөрөнгийг 40 тэрбум ам.доллараар үнэлсэн. Түүний үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлбэл хэдэн хуудас болно. Тэр бол манай гаргийн хамгийн баян эрхэм” гэв. Энэхүү баримтат кинонд зөвхөн Путиний талаар өгүүлэхгүй бөгөөд Ерөнхийлөгчийн үнэнч туслах болон Оросын бизнес эрхлэгчид ч багтсан аж.

“Путиний нууц баялаг” баримтат киноны талаар Кремль ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Барууны хэвлэлүүд Путиний хилийн чинад дахь нууц хөрөнгийн талаарх мэдээллийг нийтэлж эхэлсэн байна. Путинийг төрийн тэргүүн болсны дараа хөлбөмбөгийн “Челси” клубийн эзэн Роман Абрамович 25 сая фунт стерлингийн үнэтэй дарвуулт онгоц бэлэглэж байжээ. Уг онгоцны шатахууны үнийг Оросын төрийн сангаас төлдөг. Мөн Лондонд хувийн гурван орон сууцтай бол Европ болон Азийн орнуудад 10 гаруй харштай гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here