Эхлэл НИЙГЭМ Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний 40 хувийг цахимжуулахаар төлөвлөжээ

Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний 40 хувийг цахимжуулахаар төлөвлөжээ

190
0

С.ИЧИНХОРЛОО

Улсын онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “COVID-19” цар тахлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар сурвалжиллаа. Коронавирусийн цар тахалтай холбогдуулж, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж буй ч хүртээмжтэй байдлаар хамгийн гол нь, халдвар хамгааллын дэглэмийг зайлшгүй мөрдүүлэх учиртай газрын нэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, тэдгээрийн харьяа байгууллагууд юм. Шинээр төрсөн хүүхдийн гэрчилгээ, хаяж гээгдүүлсэн бичиг баримтын лавлагаа, иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл уг байгууллагатай салшгүй холбоотой учраас жирийн өдрүүдээс илүү хариуцлагатай байдлыг шаардаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатаар бууруулж, хөл хориог сулруулаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газраар үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Хаалгаар нь ороход үүдний хэсэгт ухаалаг халуун хэмжигчийг байрлуулсан харагдана. Хамгаалагч, угтагч хоёр орж ирсэн иргэн бүрээс ямар үйлчилгээ авах талаар лавлаж, халууныг нь хэмжиж, ариутгал хийснээр дотогш нэвтрүүлэх аж. Иргэн бүрд хүн хоорондын зай баримтлуулж, 1-1.5 метрийн зайтай сандалд эгнүүлэн суулгажээ. Харин иргэдийн хувьд үйлчилгээ авах дугаарын дагуу холбогдох ажилтныг дуудах мөч хүртэл сууцгаах аж.

Цар тахал гарч хөл хорио тогтоосноос хойш төвийн зургаан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 09:00-14:00 цагийн хооронд ажиллаж эхэлжээ. Нэг цэгийн үйлчилгээний дөрвөн цонхонд дүүргийн хэмжээнд эд, хөрөнгө эрхийн бичгийн үйлчилгээ болон хуулийн этгээдийн бүртгэлийг хийдэг байна. Зэргэлдээх зааланд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний хэсгийнхэн ажилладаг аж. Гадаад паспорт иргэний үнэмлэх, төрсний болон нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн зэрэг бүх төрлийн лавлагааг олгоно.

Өглөөнөөс хойш 20 орчим хүний гадаад паспортын бүртгэл хийсэн. 10 хүнд захиалсан паспортыг нь олголоо. Хаяг болон төрөл садангийн талаарх зургаан лавлагаа хийж ажилласан байна. Иргэний бүртгэлийн чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг бид үзүүлдэг. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг харьяа хороон дээр хийж байна. Ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орж богино хэлбэрт шилжсэн ч үйлчилгээ авах иргэд тасралтгүй ирдэг” гэж улсын бүртгэгч М.Баяржаргал онцоллоо. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг баримттай холбоотой үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр иргэдэд үзүүлдэг болсон. Ингэснээр өөрт ойрхон газраас үйлчилгээ авах боломжтой болсон гэсэн үг.

14:00 цаг буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэдийн хөдөлгөөн саарч, үйлчилгээ авч суугаа хэдэн хүн л зааланд үлджээ. Бүгд амны хаалт зүүж, бээлий өмссөн байлаа. Нэг үеэ бодвол иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, баримталдаг болсон нь энэ гэлтэй. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, 20 хороо, “Оргил” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ болон “Улаанбаатар буян” компаниар үйлчлүүлсэн хүмүүсийн тоог нэгтгэвэл өчигдрийн байдлаар 530 иргэн үйлчилгээ авчээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдөрт 500 гаруй хүн үйлчилгээ авч байгааг харахад энгийн өдрүүдэд хэдэн хүнд хүрч үйлчилдэг нь ойлгомжтой.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээ жил ирэх тусам цахимжиж иргэд ч ам сайтай болсон. Цахим сайтаар холбогдон төрийн үйлчилгээг гэрээсээ авахаас гадна өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг ч цахим болон утсаар авах боломжийг бүрдүүлжээ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь талаар нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.АНХНЫБАЯРТАЙ ярилцлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд танай байгууллагын хувьд хэрхэн ажиллаж байна вэ?

-Манайх жилдээ 1.1 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг. Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, архивын лавлагаа мэдээллээр хангах чиглэлийн 191 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, ажиллаж байна. Цар тахал гарч, хөл хорио тогтоосон өдрүүдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан. Засгийн газрын тогтоолоор тусгай чиг үүргийн байгууллагууд тасралтгүй ажиллах шийдвэр гаргасан. Иргэдэд хүрч ажиллах байгууллагуудын нэг нь манайх. Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Учир нь, нийгмийн халамж хүртэхээр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах, нас барсны бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, хаягаа тодорхой болгосноор хороо, дүүргээсээ халамжийн үйлчилгээ авах эрх нь нээгддэг. Орон сууц, эд хөрөнгөө бүртгүүлэх шаардлага иргэдэд тулгардаг. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш хэчнээн хүнд үйлчилсэн бэ?

-Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан өдрөөс хойш 140 мянган хүнд үйлчилгээ үзүүлсэн. Цар тахалтай үед иргэдийг гадуур явуулж, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд 21 мянган хүнд утсаар болон цахимаар мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан байна. Төрийн үйлчилгээг харьяа нэгжид нь хүргэж, төвлөрлийг сааруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас шийдвэр гаргаж, хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлийг “100 айл”-д байрлах хэлтэст авч байсан бол дүүрэг, иргэдийн үйлчилгээний нэгдсэн төвөөр авдаг боллоо. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байгаа юм.

-Төрийн бусад байгууллагатай харьцуулахад иргэдтэй хамгийн тулж ажиллаж байгаа нь танайх байх. Тэр хэрээрээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах шаардлага тулгарч байгаа байх?

-Зохион байгуулалтын хувьд нийслэл болон дүүргийн Онцгой комисстой нягт хамтарч ажиллаж байна. Иргэдийг нэг дор бөөгнөрүүлэхгүй, эрсдэл үүсгэхгүй, ажилчин албан хаагчдаа эрсдэлээс хамгаалах үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд барьж, хамгаалалтын хувцсаар хангасан. Дүүргийн хэлтэс, Тамгын газарт үзүүлж байсан иргэний бүртгэлийн үйлчилгээг хороод руу шилжүүлсэн. Хороо болон бүх төв архивын лавлагаа олгох зохион байгуулалтад орсон.

-Иргэн заавал өөрийн биеэр очихгүйгээр төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон гэсэн үг үү. Тэдгээрт юу багтаж байгаа юм бол?

-26 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнээс 24 нь архивын лавлагаа байгаа. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн цэг E-Mon­golia.mn сайтаар дамжуулан үйлчилгээг үзүүлж байна. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн дахин олголтыг ч цахимаар хийж эхэлсэн. MTA.mn татварын сайтаар дамжуулж хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэлийг өнгөрсөн онд багтааж хийлээ.

140 мянган хүний 40 орчим хувь нь цахим сайтаар үйлчилгээ авсан. Ухаалаг засаглал төслийн дэмжлэгээр “Цахим мэдээлэл” төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Энэ онд ч мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 40 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна. Улсын бүртгэлээс үзүүлдэг 191 төрлийн үйлчилгээний 26 нь цахим хэлбэрт шилжсэн. Нэмээд 40 үйлчилгээг шилжүүлэхээр ажиллаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл технологийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахаас гадна салбар нэгжүүдээс ажлын хэсэг гаргасан.

Салбарын яамнаас цахимжуулах аяныг зарлаж, шат дараатай хийх юм. Цахим сайтаар иргэний үнэмлэхээ хаясан, гээсэн болон 25, 45 насны сунгалт хийлгэх гэж байгаа иргэд олноор захиалсан байна. Мөн гадаад паспорт захиалгыг цахимаар өгч эхэлсэн. Үүнээс архивын 24 лавлагааг их авдаг. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу мөрдөж эхэлсэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүндрэл тулгарч байсан. Эхний үед иргэд хоорондын зайгаа барихгүй, дараалал дайрах зэрэг асуудал үүссэн тал бий. Бидний зүгээс шаардлага тавьж, дүүргийн Шуурхай штаб, онцгой байдал, цагдаагийхантай хамтарч ажилласны үр дүнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед өдөрт 520-960 хүн нийслэлийн хэмжээнд үйлчилгээ авдаг байсан бол хөл хориог сулруулснаар энэ тоо огцом өсөж энэ сарын 25-ны байдлаар 2146 болж нэмэгдсэн. Цаашдаа ч өсөх байх гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here