Эхлэл Гэрэл зураг Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр тохиож байна

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр тохиож байна

224
0

Г.Бумцэнд хурандаа, жанжны гэргий С.Янжмаа нарын ярианд гарч байгаа 1922 онд авахуулсан энэ зураг дээрх Д.Сүхбаатар жанжны унасан хүлэг нь алдарт хонгор морь нь биш ажээ. Оросын Улаан цэргийн тавдугаар армийн командлагч Уборевич нь гэрэл зурагчин явуулж жанжны зургийг авахуулах болжээ. Энэ үеэр түүний морин жолооч хонгор морийг нь услахаар Сэлэнгэ мөрөн рүү авч одсон байж. Ингээд Д.Сүхбаатар жанжин маань Ардын журамт цэрэг Цэдэн-Иш гэдэг хүний морийг унаж, гэрэл зургаа авахуулсан байна.

Д.ЖАРГАЛ

Удахгүй 100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэх Монгол Ардын Намын түүхийн эхлэл хуудас, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө хийж бүтээсэн бүхэн Ардын хувьсгалын их удирдагч, их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийн үргэлжлэл билээ. Өнөөдөр Ардын хувьсгалын удирдагч, журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна. Монгол Ардын нам, ардын засаг, төрийг үүсгэн байгуулагч, монгол түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тухайн үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Эцэг “цагаан дээлт” Дамдин нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж, 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо бодлого заалгаснаар 14 настайдаа бичиг үсэгтэй болжээ.
Идэр залуу Сүх хүү 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн дарга болсон төдийгүй эх орныхоо төлөө Хятадын хар цэрэгтэй хийсэн тулалдаанд манлайлан оролцож “Баатар” цолоор шагнагдсан байна. Улмаар Ардын хувьсгалын удирдагчдын нэг болж, Оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэжээ. 1921 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож, Ардын хувьсгалын үйл хэрэгт бие сэтгэлээ зориулсан түүхтэй. Тэрбээр 1922 оны долоодугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон билээ. 1921 оны арваннэгдүгээр сард Орос улсад очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here