Эхлэл Тойм Орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

262
0

С.ИЧИНХОРЛОО

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх өнгөрсөн оны аравдугаар сард “Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг бүх шатанд зохион байгуулах тухай тогтоол гаргасан. Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдлын 56 хувь нь сайн байгаа гэж тогтоосон. Тийм учраас энэ өвөл хаврыг өнөтэй давах байгалийн нөөц боломж байна гэж ойлгож болно. Үлдсэн 44 хувьд нь хүндрэл үүсэх бодит дүр зураг харагдаж байгаа юм. Хүндрэлтэй байгаа нутгуудын 31 хувь нь дунд зэрэг, харин 13 хувь буюу Говь-Алтай аймгийн урд хэсгийн суманд, Баянхонгор аймгийн 10 гаруй суманд бэлчээрийн ургамлын байдал тааруу байна. Тийм учраас хүндрэлтэй байх сумд ойролцоо байгаа аймгийн нутгаар отор нүүдэл хийх байдал ажиглагдаж байгаа. Нөгөө талдаа Өвөрхангай аймгийн долоон сум, Төв аймгийн Лүн сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн зарим сумын бэлчээр ургамлын гаралт үнэхээр муу байгаа гэсэн дүн гарсан” хэмээн мэдээлж байсан юм. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлж энэхүү судалгааны дүгнэлт дээр үндэслэн мал аж ахуйн өвөлжилтийн ажлыг зохион байгуулсан. Өвлийн адаг сар дуусах дөхөж байгаа энэ өдрүүдэд орон нутагт өвөлжилт ямар байгаа талаар аймгуудын ажил хариуцсан хүмүүс болох Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, холбогдох зарим албан тушаалтнаас тодрууллаа.

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан:

-Манай аймагт 2.3 сая орчим толгой мал өвөлжиж байна. 3.5 сая га бэлчээрийн талбайтай манай аймгийн өндөр уулын бүсийн Алтай, Сагсай, Цэнгэл, Булган, Дэлүүн, Улаанхус суманд хур бороо ихтэй, сэрүүхэн байснаас газрын гарц сайнгүй байгаа. Мөн эдгээр сумдад малын тоо толгой их, бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Малчид 64413 тн өвс, 8022 тн гар тэжээл, 6875 тн давс, хужир бэлтгэн нөөцөлж, малчдын бэлтгэх хадлангийн төлөвлөгөө 98 хувьтай биелэгдсэн ч цаг агаар хүндэрсэн нөхцөлд 10-15 хоногоос хэтрэхгүй нөөц юм. Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 391 тн өвс, 18 тн тэжээл байгаа нь бүрдүүлэх ёстой нөөцийн дөнгөж 21-23 хувийг л хангаж байна. Энэ онд цар тахал гарсантай холбоотой сумын нөөц хөрөнгө өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулагдсанаар нэмж өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжгүй болсон. Цаг агаарын байгууллагаас гаргасан мэдээллээр цаашид ч цас нэмж орж, хоёр, гуравдугаар сард олон жилийн дунджаас ахиу цастай байх төлөвтэй байна. Тиймээс мал бэлчээргүйтэх, өвс, тэжээлийн хомсдолд орж, зүй бусаар хорогдох, хашаа, хороо өтөг бууцгүй газраар мал өвлийн отор хийх шаардлага үүсэж болзошгүй байгаагаас шалтгаалан малчид дулаан хувцасгүй даарч бээрэх, улмаар бие эрүүл мэндээр хохирох, эмнэлгийн тусламж авах боломжоор хязгаарлагдах нөхцөл байдал үүсэх аюултай байна. Цаашид цас их орж, цаг агаар хүйтэрвэл Алтай, Булган, Дэлүүн, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Алтанцөгц сумын найман өрхийн 8000 толгой мал тусгай хамгаалалтын газарт, Алтай сумын долоон өрхийн 200 бод, 6000 бог мал Буянт сумын Хөх эрэг, Хөндий цай болон өөрийн аймгийн бусад сумын нутагт, Баяннуур сумын зургаан өрхийн 5000 толгой мал тусгай хамгаалалттай газар болох Цамбагарав, Нөрөөлөг хэмээх газруудад өвөлжиж байна. Ногооннуур сумын 17 өрхийн 4300 толгой бод мал Увсын Бөхмөрөн сумын Нуурын мухарт, мөн тус сумын 13 өрхийн 4000 толгой бод, 2311 толгой бог мал Ачит нуурын сав газар дахь аймаг хоорондын отрын бүсэд, Сагсай сумын 14 өрхийн 4484 толгой мал тусгай хамгаалалттай Даян хэмээх газарт тус тус отроор өвөлжиж байна. Булган сумын 774 өрхийн 64000 толгой мал Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаар оторлон тэнд бэлчээрийн ургамлын нөөц багасаж эхэлсэнтэй холбоотой нэгдүгээр сард өөрийнхөө сум руу буцаж ирсэн. Булган сумын бэлчээрийн дундаж гарц га тутамд 0.7 центнер буюу аймгийн дундаж ургацаас гурав дахин бага үзүүлэлттэй байгаа нь цаашид мал өвөлжүүлэх, хаваржуулах арга хэмжээнд хүндрэл үүсгэхээр нөхцөл байдал бүрдээд байна. Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын малчид 120-200 км газар руу мал хаваржуулахаар нүүж эхэлсэн. Нүүдлийн замын дамжин өнгөрөх баазуудад өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ, ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛЖ БАЙНА

Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын дарга Н.Даваахүү:

-2020-2021 оны өвөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, агаарын температурын хувьд сүүлийн гурван жилийнхээс харьцангуй хүйтэн, зудын эрсдэлийн зургаар манай аймаг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Өвөлжилтийн бэлтгэлийг ерөнхий дүнгээр 84.7 хувиар хангасан. Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 100, сумдын түвшинд дунджаар малчдын хувьд өвс, тэжээлийн бэлтгэл 51 хувийн хангалттай байсан. Манай аймгийн нутагт аймаг дундын малын отрын бүс харьяалагддаг. Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Хэнтий, Завхан аймаг, Улаанбаатар хотын нийт 166 өрхийн 575 хүн амьдарч байна. Хонин толгойд шилжүүлснээр 187 мянга гаруй толгой мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даацаас 54583 толгой малаар илүү буюу 41 хувиар хэтрэлттэй байна гэсэн үг. Эмнэлгийн тусламж үйлчилгээг малчдад тухай бүрд хүргэж байна. Отрын бүсээс гадна Дундговь аймгийн 11 сум, Өвөрхангай аймгийн гурван сумын 75 өрхийн 279 хүн, 64515 мал Сүмбэр, Баянтал сумын нутагт отроор өвөлжиж, цаашдаа хаваржих байдалтай байгаа. Мал ихтэй, цастай байгаагаас бэлчээр хүрэлцэхгүй, өвс тэжээлийн дэмжлэг шаардлагатай байна. Сумдын аюулгүйн нөөцийн өвсийг хямдралтай үнээр малчдад өнгөрсөн сард тарааж өгсөн. Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан сумын чиглэлд отроор явсан малчдад өвс хүргэж өгөх ажлыг аймгийн Засаг дарга ахлан зохион байгууллаа. Цаашид ч өвс, тэжээлийн тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа тул аймгийн аюулгүйн нөөцийг задалж, малчдад хүргэх ажлыг эхлүүлж байна. Малын хорогдол эхэлж аймгийн дүнгээр нэгдүгээр сарын сүүлээр 1700 орчим бог мал голдуу хорогдсон. Харин Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн отрын мал нэлээд хорогдож байна.

МАЛЫН ТОО ТОЛГОЙ ХОРОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАЛАА

Баянхонгор аймгийн ХХААГ-ын дарга Ж.Баттөр:

-Нийт нутаг дэвсгэр гангийн эрсдэл өндөр гарч, бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч зуншлага тааруу, ургамлын гарц муу байсан. Аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, өвс тэжээлийн үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 670 сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн нөөцийг бэлтгэн ажиллаж байна.Одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 109 мянга гаруй боодол ногоон тэжээл болон өвс, 500 ногоон, 365 тн хүчит, 42 тн хорголжин тэжээлийн нөөц байна. Малчдыг зудын эрсдэлээс хамгаалах зорилгоор аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг наст малыг тэжээж онд оруулах аяныг өрнүүлж 73 байгууллага 7224 ишиг, хурга тэжээх ажлыг зохион байгуулж байна. Баянхонгор аймгийн 20 сумын нутагт нийт 364 малчин өрхийн 1236 иргэн, 114.5 мянган толгой мал отор нүүдэл хийж байна. Харин бусад аймгийн нутагт 1066 өрхийн 3337 хүн 428561 тоо толгой малтайгаа өвөлжиж байна. ХХААХҮЯ-ны дэмжлэгээр экспортын эрхтэй компани, иргэн мах бэлтгэх гуравласан гэрээг аймгийн Засаг даргатай байгуулсан. Энэ хүрээнд 50573 толгой мал бэлтгэж, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Зэвсэгт хүчний жанжин штабаас 23522 толгой малыг мах болгон бэлтгэж нийлүүллээ. Харин нэн туранхай 5995 толгой малыг устгалд оруулсан. 2020 онд нийт хоёр сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын хадгаламж энэ онд 32 хувиар өсөж, малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨССӨН

Дархан ХХААГ-ын дарга З.Нэргүй:

-Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөг 23 заалттайгаар боловсруулан хэрэгжүүлж, нийт дүнгээр бэлтгэлийг 89 хувьтай хангасан. Тус аймгийн хэмжээнд 2020-2021 онд нийт дөрвөн сумын малчин, мал бүхий иргэдийн 15 багийн хонин толгойд шилжүүлснээр 588 мянга шахам толгой мал өвөлжиж байна. Сэлэнгэ аймагтай хил залгаа Сайхан, Номгон, Баянгол, Мандал, Жавхлант, Ерөө, Зүүнбүрэн суманд 339 өрхийн 55.3, өөрийн аймгийн Хонгор сумын нутагт Дархан, Шарын гол сумдын 205 өрхийн 39,6 мянган толгой мал өвөлжиж байна. Малчдын түвшинд 35.2 мянган тэжээлийн нэгж буюу 56 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс нийт авах хадлангийн 92.2 хувь буюу 52.3 мянган тонн хадлан бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 45 гаруй хувийг зарцуулаад байна. Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аюулгүйн нөөцөд 200 тонн өвс, 50 тонн тэжээл, сум тус бүр 50 тонн өвс, 20 тонн малын тэжээл бэлтгэн нөөцлөх даалгавартай. Энэ ажлын хүрээнд аймаг таван иргэнтэй гэрээ байгуулж 157.4 тонн өвс, малын тэжээл 30 тн-ыг нөөцөлсөн. Одоогоор зарцуулаагүй байна. Улсын нөөцөөс Дархан-Уул аймагт 40 тонн өвс үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсний дагуу Аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссын хурлаар хэлэлцэж дөрвөн суманд олгох хуваарь гаргасан. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор аймгийн хэмжээнд 360512 толгой мал тоологдоод байна. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 71, адуу 20267, үхэр 48545, хонь 161798, ямаа 129831 толгой тоологдсон. Өмнөх онтой харьцуулахад 13159 толгой малаар өссөн үзүүлэлттэй.

АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД 553 ТН ӨВС, 71.5 ТН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭСЭН

Говь-Алтай аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Насанбуян:

-Аймгийн хэмжээнд 18 сумын 88 багийн 7915 малчин өрхөд 3.3 сая толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн сарын байдлаар 18.5 мянган толгой мал зүй бусаар хорогдлоо. Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 10-ны байдлаар гаргахад аймгийн нийт нутгийн 33.1 хувь нь нэн их эрсдэлтэй, 61.4 хувь нь их эрсдэлтэй, 5.5 хувь нь дунд эрсдэлтэй гэсэн зураглал гарсан. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт дөрвөн сумын 273 малчин өрхийн 307.8 мянга, хилийн зурваст хоёр сумын 101 өрхийн 69.0 мянган толгой, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт нэг сумын 15 өрхийн 4.6 мянган толгой мал өвөлжиж байна. Мөн өөр аймгийн нутагт 10 сумын 116 өрхийн 59.1 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 13 сумын 666 өрхийн 330.6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа юм. Цаг хүндэрч байгаатай холбогдуулан сумдаас малчдад шаардлагатай байгаа өвс, тэжээлийн захиалгыг авч нэгтгэхэд 1909 тн өвс, 1058 тн тэжээлийн захиалга ирээд байна. Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолоор улсын аюулгүйн нөөцөөс 450 тн өвсийг үнэ төлбөргүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг сумдад олгох ажлыг зохион байгуулж байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 553 тн өвс, 71.5 тн тэжээл бэлтгэсэн. Аймгийн аюулгүйн нөөцөөс 270 тн өвсийг сумдад хуваарь хийж хүргүүллээ. Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Чандмань, Цогт, Цээл, Эрдэнэ сумдын 4.2 мянган малчин өрхөд 1.1 тэрбум төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, эхний ээлжийн 330 тн тэжээл аймагт ирж хуваарилан малчдад хүргээд байна. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр хэрэгждэг Эрдэнэ, Цогт сумын зорилтот бүлгийн 170 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламжийг олгосон. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Тонхил, Шарга, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумын нийт 150 малчин өрхөд бэлэн мөнгө болон малын эрдэс тэжээлийн багцын тусламж олгоод байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here