Эхлэл Хэлэлцүүлэг Орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

244
0

С.ИЧИНХОРЛОО

Хөдөө орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа талаар зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай холбогдож тодрууллаа.

102.5 САЯ ТӨГРӨГИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Төв аймгийн ХХААГ-ын дарга Н.ГАНТУЛГА:

-Манай аймаг улсдаа адуугаараа хоёр, үхэр сүргээрээ дөрөв, хониороо гуравдугаар, нийт малын тоогоороо гуравдугаар байранд орж өнгөрсөн оны эцсээр 4.8 сая гаруй толгой мал тоолуулж, 2020-2021 оны өвөл, хаварт хонин толгойд шилжүүлснээр 8.4 сая толгой мал өвөлжиж байна. Аймгийн хэмжээнд нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, дунджаар 10 см цасан бүрхүүлтэй байна. 14 сум зудын эрсдэлийн түвшин их, 13 сумынх дунд гэсэн дүгнэлт гарсан. Алтанбулаг, Баян, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянжаргалан, Бүрэн, Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Сэргэлэн, Өндөрширээт, Лүн, Эрдэнэ,Эрдэнэсант сум зудын эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан байна. Төв аймгийн Засаг даргын нөөц сангаас 102.5 сая төгрөгийг бүх суманд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн. Аюулгүйн нөөцийн 6641 боодол өвсийг бүх сум, 40 тн-ыг тал хээрийн есөн суманд хуваарилаад байна. Цаашид өвөлжилт хүндрэх Баян, Баяндэлгэр, Баянцогт, Баянжаргалан, Цээл, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Эрдэнэ болон бүх суманд олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг, өвс, тэжээл шаардлагатай байна.

МАЛЧДАД ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХЭЭР “МАСС МЕССЕЖ” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСЭН

Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд:

-Манай аймагт отрын малчин өрхтэй нийлээд 5000 орчим өрхийн 2.8 сая мал өвөлжиж, 300.2 мянган толгой мал өөрийн аймаг дотор оторлож байна. Одоогийн байдлаар, аймгийн аюулгүйн нөөцөд 304 тн өвс, 58.1 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 318.2 тн өвс, 91.5 тн үйлдвэрийн тэжээл байна. Алтанширээ, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад нийлээд 8091 толгой мал хорогдсон. Мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэхээр Мобиком, Скайтел компаниудтай гэрээ байгуулан “Масс мессеж” үйлчилгээг нэвтрүүлэн цаг үеийн шуурхай мэдээллийг 128 мянга гаруй иргэн, малчдад хүргүүлж ажиллаж байна. Өвлийг эрсдэл багатай даван туулах зорилгоор орон нутагт “Малчдад туслах сайн үйлсийн аян өрнүүлэх” тухай ХХААГ-ын даргын 269 дүгээр албан тоот чиглэлийг сумдад хүргүүлэн ажилласнаар Даланжаргалан, Улаанбадрах, Замын-Үүд, Өргөн, Иххэт, Сайншанд, Эрдэнэ, Дэлгэрэх, Алтанширээ сумын 918 малчин өрхөд 238.9 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус аймагт улсын нөөцөөс үнэ төлбөргүй 200 тн өвс, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 200 тн тэжээл олгосныг сумдад хуваарилан малчдад хүргэх ажлыг хийж байна.

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ НИЙТ НУТГААР ХАРЬЦАНГУЙ ГАЙГҮЙ БАЙНА

Завхан аймгийн ХХААГ-ын дарга Н.Батбаяр:

-Нутгийн урд хэсгийн сумдаар зуншлага тааруухан байснаас өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдаж, Засаг даргын захирамжаар ажлын хэсэг газар дээр нь ажиллаад ирсэн. Завхан аймаг 24 сум, 72.9 мянган хүн амтай. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа нь нийт өрхийн 40 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд 1.2 сая төл хүлээн авсан. 2020-2021 оны өвөл хавар 3.6 сая толгой мал өвөлжиж байна. Засгийн газрын тогтоолоор хуваарилагдсан эх үүсвэрээр Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Шилүүстэй суманд буюу нийт 140 тн өвс хуваарилж, малчдад олгосон. Баян-Өлгий аймгийн Улсын нөөцийн цэг салбараас 200 тн өвс татан авч, сумдад хуваарилан малчдад зөвхөн тээврийн зардлыг тооцож олгосон. Завхан аймгийн хэмжээнд нийт 18 сумын 286 мянган толгой мал бүхий 408 өрх оторт явсан. Бусад найман аймгийн нутагт 105 мянга орчим толгой мал бүхий 148 айл өрх оторлож байна.

НӨӨЦИЙН ӨВСИЙГ МАЛЧДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОЖ ЭХЭЛСЭН

Сүхбаатар аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир:

-Энэ онд аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 160 тн өвс, сумдын аюулаас хамгаалах нөөцөд 871 тн өвс, 30 тн тэжээлийг сум бүр нөөцөлсөн. Нөөцийн өвсийг задалж малчдад хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Одоогоор үлдэгдэл 323.5 тн өвс байна. 2020-2021 онд аймгийн хэмжээгээр 13 сумын 8220 малчин өрхийн 3.9 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих дүн гараад байна. Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Булган, Хэнтий аймгийн Баянхутаг, Биндэр сумын нутагт 55 өрхийн 52.4 мянган мал, Дундговь, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Булган аймгаас манай аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Асгат, Сүхбаатар зэрэг сумын нутагт 15.5 мянган толгой мал өвөлжиж байна. Засгийн газраас отроор ирсэн малчин өрхүүдийг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл оторлуулахыг даалгасан. Отроор яваа өрхийг хөөх зэрэг үл ойлголцох асуудал гараагүй. Сумдад шаардлагатай байгаа өвс тэжээлийн судалгааг гарган захиалгыг авч, өвс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 596.6 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ОТОРЛОЖ БАЙНА

Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Т.Батжаргал:

-Манай аймгийн хэмжээнд 2.8 сая гаруй толгой мал өвөлжиж байна. Нийт нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджаас их цас орж, хүйтэн өвөл болж байна. Одоогоор нийт нутгийн 20 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Бэлчээрийн гарц муу, нийт нутгийн 70 хувь нь гантай байсны улмаас малын өвсгүй өлдөж байна. Аймгийн хэмжээнд 596.6 мянган толгой мал оторлож байгаагаас Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий аймгийн 10 сумаас 78.7 мянган толгой мал өвөлжиж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг аймгийн дүнгээр 70 хувьтай хангасан ч өвс, тэжээлийн үнэ урд жилүүдээс хэт өндөр, сумдын түвшинд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц хангалтгүй байсан. Тиймээс 15 суманд 55.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, сумдад хуваарийн дагуу олгосон байна.

Түүнчлэн аймгийн нөөцөд бэлтгэсэн 200 тн өвс, 98 тн тэжээлийг 15 суманд малын тоог харгалзан хуваарь хийж, дээрх үнээр олгохоор болсон. Мөн Засгийн газрын тогтоолоор 300 тн өвсийг 15 сумын малын тоог харгалзаж үнэгүй хуваарилж өгсөн. Цаашид өвс, тэжээлийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллана.

ЗУДЫН ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ, ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БОЛЛОО

Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж:

-Аймгийн хэмжээнд өнгөрсөн зун ихэнх нутгаар хур бороо бага орж хуурайшилт ихтэй байсны улмаас өвс ногооны ургалт муу, малын тарга хүч тааруу, тариа буудайн болц оройтож, орон нутгаас хадлан тэжээл бэлтгэх боломж хомс байсан. Арваннэгдүгээр сараас эхлэн аймгийн хэмжээнд 4-19 удаа их бага хэмжээний цас орж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2.1-6.6 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж өвөлжилт хүндрэх эрсдэл бий болгож байна. Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын дүнгээр 5.4 сая орчим толгой мал өвөлжиж байна.

Архангай аймагт таван аймгийн 40 сумаас 311 өрхийн 200 орчим мянган толгой мал отроор өвөлжиж байна. Тэжээл бэлтгэл 66 орчим хувь байснаас арваннэгдүгээр сараас мал нэмэгдэл тэжээлд орсон. Нийт тэжээлийн 80 гаруй хувийг малчид малдаа хэрэглэсэн байна. Засгийн газрын нөөц сангаас аймагт хуваарилсан 200 сая төгрөгийг 19 суманд тус бүр 9.5 сая төгрөг, аймгийн нөөцөд 19.5 сая төгрөгийг хуваарилж аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхээр болсон. Он гарснаас хойш 16 суманд бод, бог нийт 18000 толгой мал хорогдсон байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу отор хүлээн авч буй сумын малчдын мал бэлчээрийн хомсдолд орж өл алдаж, турж ядарч байгаа тул отор нүүдэл ихээр орж ирсэн сумдад өвс, тэжээлийг ахиухан хуваарилуулах саналыг Өлзийт, Өгийнуур сум гаргасан. Отроор орж ирсэн малчид малаа тарилга туулгалтад хамруулаагүй, зөвшөөрөл, мал эмнэлгийн бичиггүй, их хэмжээний малтай оторлож байгаа нь нутгийн иргэд, малчдад олон талаар хүндрэл бэрхшээл учруулж байна.

СУМДЫН ӨВС ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦ 75 ХУВЬТАЙ БАЙНА

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр:

-Аймгийн хэмжээнд мал өвөлжилтийн бэлтгэлийг 93.1 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээн авсан. Аймгийн хэмжээнд 5211 малчин, мал бүхий 4890 өрх, 69 аж ахуйн нэгжид 1.8 сая толгой мал өвөлжиж байна. Хоёрдугаар сарын 1-ний байдлаар нийт сумаар 0-2.0 мм тунадас орж, цасны зузаан 9-15 см, өнөөдрийн байдлаар өвөлжилт хэвийн байна. Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас бүхий газарт 93 өрхийн 52.7 мянган толгой мал өвөлжиж байна. Аймгийн долоон суманд арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Булган, Архангай, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Булган, Хэнтий аймгаас нийт 52 өрхийн 37 мянган толгой мал отор нүүдлээр ирж өвөлжиж байна. Сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 75 хувьтай байна. Энэ жил 60.2 мянган толгой мал байнгын, 434.5 мянган мал нэмэгдэл тэжээлтэй өвөлжиж байна. Алтанбулаг, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Хушаат, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Түшиг, Сайхан, Цагааннуур, Жавхлант сумаас байгалийн өвс 50664, ногоон тэжээл 55360 боодлыг зах зээлд борлуулах боломжтой байна. Байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан зарим суманд зуншлага муу байснаас шалтгаалж, хадлан тэжээлээ төлөвлөгөөндөө хүрч бэлтгэж чадаагүйгээс өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here