Эхлэл НИЙГЭМ Орон нутгийн иргэд нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдож, хүндрэл учруулж байна

Орон нутгийн иргэд нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдож, хүндрэл учруулж байна

227
0

Д.МӨНХ

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр буюу баасан гарагт Баянзүрх дүүргийн товчоо-
ноос сурвалжилга бэлтгэхээр зүүн зүгийг зорин гарлаа. Үд дундаас хойхно тэнгэр бүүдийж, хааяа нэгхэн цасан хялмаа хаялах нь цаг агаар муудахын дохио гэлтэй байсан ч үдээс хойш нар мандаж, зорьсон газраа хүрэхийн үед бүр ч сайхан болж, сэтгэл дотор цэлмээд явчих ч шиг.
Бидний мэддэг өнөөх “Баянзүрх” товчоо хаана таарахыг хараачлан явсаар нэг л мэдэхэд Налайх дүүрэг рүү ороод ирлээ. “Налайх 70” гэсэн монгол бичиг бүхий дурсгалын хөшөөний хажуугаар өнгөрч, Налайх, Чойрын авто замын уулзвараас цааш 10-аад км явж байж Баянзүрхийн товчоон дээр очсон юм.

Гэтэл үүнийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь төмөр замын дөрөвдүгээр зөрлөгийн Шалган нэвтрүүлэх товчоо гэж албан ёсоор нэрлэх бөгөөд Налайх дүүргийн төрийн байгууллагын албан хаагчид энд үүрэг гүйцэтгэж байлаа. Ажил үүргийн хуваарь, хүний нөөцийн хүчин чадал нь тийм байдаг бололтой юм. Тэд 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын нийт наймаас доошгүй ажилтан Шалган нэвтрүүлэх товчоонд нэг ээлжиндээ ажиллаж байна.
Замын хөгжлийн төвийн харьяа татвар хураах цэгийн ажилтны хэлж байгаагаар, тус товчоогоор цагийн сайханд 500-1000 том, жижиг автомашин орж гардаг байсан бол одоо дээд тал нь 250, дунджаар 200 тэрэг зорчдог болсон гэнэ. Нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан, “Гэхдээ суудлын автомашинаас 1000, дунд, бага оврын ачааны тэрэгнээс 1500-2000, даац ихтэй машинаас 3000 хүртэл төгрөгийн хураамж авдаг болохоор Замын санд багагүй хөрөнгө хуримтлагддаг” гэсэн юм.
Энэ эрхмийн дараа уулзсан хүн маань нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Калыбек байлаа. Гадаа хүйтэн, ажил үүргээ гүйцэтгэж байгаа залуу амны хаалт давхар зүүж, салхи маш эрчтэй байсан болохоор бидний яриа тун таагүй нөхцөлд болсон. “Улсын онцгой комисс /УОК/-оос баталж, үйл ажиллагааг нь тасралтгүй хангах 18 чиглэлийн үйлдвэр, аж ахуйн газар, байгууллага байгаа. Тэдний PCR шинжилгээ, тусгай зөвшөөрөл, ажлын үнэмлэх зэргийг нь үндэслэн хот руу оруулж, гаргаж байна. Мөн хүндэтгэх шалтгаан буюу буяны ажлаар явж буй иргэдийг PCR шинжилгээг үндэслэн явуулж байна. Үүнээс гадна нийслэл рүү орж буй эм хангамж, хүнсний бараа зэрэгт хяналт тавьж байгаа юм. Яг ийм төрлийн 100-200 автомашин 140-150 зорчигч нийслэлээс гарч , орон нутгийн ачаа тээврийн 70-80 машин, 120 орчим хүн орж байна” гэлээ. Тэд 24, 48 цагийн ээлжээр ажиллаж байгаа аж. Иргэдийн хувьд PCR шинжилгээний хариу гарахаас өмнө Шалган нэвтрүүлэх товчоогоор гарахыг оролдох зөрчил багагүй байгааг хэлж байсан юм. Тус товчоогоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн том оврын машины логистик тээвэр илүү нэвтэрдгийг Ш.Калыбек хэлж байлаа.
Энэ байршилд үүрэг гүйцэтгэж байгаа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Хишигзултай хөөрөлдлөө. Тэд уг товчоогоор орж, гарч байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан баталгаа буюу PCR шинжилгээний хариуг сайтар шалгаж, зорчигчдын биеийн халууныг хянаж байгаа аж. “Зайлшгүй буюу эрүүл мэндийн шалтгаантай хүнийг бид аман асуумж, түргэвчилсэн оношлуураар шалгаж нэвтрүүлж байна. Нэг үеэ бодвол иргэд хөл хорионы дэглэм, халдвар хамгааллын зөвлөмжийн талаар мэдээлэл сайтай, түүнийг хэрэгжүүлэх итгэл үнэмшил нь нэмэгдсэн байна. Гэхдээ нийслэл, УОК-ын гаргаж байгаа шийдвэр нь богино хугацаанд хурдан өөрчлөгдөж буй нь зарим тохиолдолд хүндрэл учруулах юм. Жишээ нь, Дорноговь аймгийнхан иргэдээ энэ сарын 8-наас хойш татаж авна гэсэн. Энэ нь цаг хугацааны хувьд маш шахуу болчихож байгааг тооцоолох л ёстой байх” гэж санал бодлоо хуваалцсан юм. Тэд 24:72 цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр PCR шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн баталгаажуулалт хийгдэж байгаа аж.
Дөрөвдүгээр зөрлөг дээрх Шалган нэвтрүүлэх товчоонд ажил үүрэг гүйцэтгэж байгаа төрийн байгууллагын албан хаагчдын хамгийн хөдөлгөөнтэй хэсэг нь онцгой байдлын алба, цагдаагийнхан байлаа. Тэдний нэг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч, Н.Отгонбаатартай цөөн хором ярилцсан юм. “Бид Улсын онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэр, чиг үүргийн дагуу ажиллаж байна. Ард иргэдийн зүгээс онцгой байдлын нөхцөл, зэрэглэлийг сайтар ойлгодог, тухайн цаг үеийн мэдрэмж, мэдээлэл маш сайн болжээ. Тийм болохоор ажлын хүндрэл, бэрхшээл гээд байх зүйл алга. Хүнсний зүйл, эм, эмийн бүтээгдэхүүн болон өвс, тэжээл зэрэг мал аж ахуйн яаралтай тусламж, хангамжийг сайтар шалгасны үндсэн дээр асуудалгүй оруулах болон УОК-оос гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэж байна” гэж төрийн албаны ажилтны хувьд асуултад товч бөгөөд тодорхой хариулж байлаа.
Тус товчоон дээр ажиллаж байгаа Замын цагдаагийн албан хаагчид хэдхэн хором саатах мөчид л машин тэрэгний дараалал нэмэгдэж, зорчигчид уурлаж бухимдах бололтой юм. Тиймээс товчоон дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагчаас Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн яаралтай дуудлагын утасны дугаарыг авч, тус хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Түвшинбаатартай холбогдвол “Хуралтай байна. Хагас цагийн дараа уулзъя” гэсэн бас л товч бөгөөд тодорхой хариулт авснаар дүүрэг рүү явж очлоо. Зүүн урд талаас нь явж хүрвэл тус дүүрэгт “Шинэ Налайх” гээд орон сууцны хороолол нэмэгдсэн байна. Бусад хуучин барилгууд өнгө зүсээ зассаныг харвал Налайхын их уурхайн 70 жилийн ойг тохиолдуулан багагүй зүйл хийснийг гэрчилнэ.
Цагдаагийн хэлтэс нь ч шил толь болсон шинэхэн байранд орсон юм байна. Хагас цагийн дараа хэлсэн ёсоор цагдаагийн дэд хурандаатай ярилцаж суулаа. Тус хэлтсийн Замын цагдаагийн тасаг нь 10 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй бөгөөд Зуун модны элстэй хэмээх газар “Цонжинболдог” цогцолборын ойролцоо болон бидний дээр очсон Дөрөвдүгээр зөрлөгийн шалган нэвтрүүлэх товчоодод хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэдэг аж. Хамгийн гол нь зүүн болон өмнө зүгийн аймгуудаас зорчигчид хулгайн замаар нийслэл рүү орох гэж оролддог нь нөхцөл байдлыг хүндрүүлдэг болохыг дэд хурандаа Н.Түвшинбаатар онцолж байсан юм.
Ийнхүү нийслэлийн захын дүүрэг Налайхаас буцах замдаа Чойрыг чиглэсэн төв замаас гурван км зайтай “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрээр ороод гарах гэсэн боловч PCR шинжилгээний хариу шаардаад харуулын цэгээс цаашилж чадсангүй. Ямартай ч очсон, хүрсэн газар бүхэнд коронавирусийн эсрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар даган биелүүлж байгааг биеэр мэдэрч, нүдээр харсан нь бас л нэг олз байлаа.

Нийслэлд гацсан иргэдийг буцаана

Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас орон нутгийн иргэдийг нутаг буцаахтай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

  • Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг сар шинийн баяраас өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулахаар УОК-оос чиглэл өгсөн. Иргэд ямар тохиолдолд хотоос гарах боломжтой болох вэ?
    -УОК-ын даргаас чиглэл өгсний дагуу орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж эхэллээ. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руугаа буцах хүсэлтэй нийслэлд байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас нийслэлийн Онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлж, нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм.
    -Хувийн унаагаар орон нутаг руу гарч болох уу?
    -PCR шинжилгээ өгсөн, тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн унаагаараа гарч болно. Гамшгаас хамгаалах ажлын хүрээнд бүх аймаг, сум, дүүргийн хэмжээнд Шуурхай штаб ажиллаж байгаа. Эдгээр Шуурхай штаб руу бичгээр болон и-мэйл хаягаар санал, хүсэлтээ ирүүлж болно. Аймаг, орон нутаг нь иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб руу ирүүлбэл мэдээллийг тухай бүр Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод руу хүргүүлж байна. Мөн орон нутгаас ирсэн нэрсийн дагуу PCR шинжилгээнд иргэдийг хамруулна. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 30 цэгт иргэд PCR шинжилгээнд хамрагдана. Нэмэлтээр шинжилгээний цэг ажиллуулах талаар судалж байна.
    -Орон нутаг руу очсон иргэд гэрийн тусгаарлалтад байх уу?
    -Тийм. Гэрийн тусгаарлалтад байх үүргээ иргэд заавал биелүүлэх учиртай бөгөөд энэ сарын 4-9-ний өдрийг дуустал иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаах ажлыг зохион байгуулна.
    -Орон нутаг руу зорчих хүсэлттэй иргэдэд зөвлөгөө, заавар өгч байгаа утас болон цахим хаяг байна уу?
    -НОК-ын Шуурхай штабын 11321731, 11324207 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг байнга өгч байна.

    Баянзүрх дүүрэгт нийт таван байр тусгаарлаж, хамгаалалтад авав
    Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд цагдаагийн хамгаалалт авч, тусгаарласан нийт таван байр байна. Тухайлбал, 26 дугаар хороо “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны хоёрдугаар орц, 14 дүгээр хороо, “Аман хуур” хотхоны 33в баййрны нэгдүгээр орц, Тавдугаар хороо Тарвалин хотхон 48а байр, 205-р байр, Шинэ-үе хотхоны 102-р байрны хоёрдугаар орц
    Тус байруудад Баянзүрх дүүргийн Онцгой комиссын голомтын багийнхан ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах, хүнс хүргэх, ариутгал халдваргүйжилт хийх, хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, айл болгоны хаалган дээр зөвлөмж мэдээлэл наах, утсаар холбогдож мэдээлэл хүргэх гэх мэт шаардлагатай ажлыг шуурхай зохион байгуулж байна.
    Харин тус дүүргийн 12 дугаар хороо Чулуутын амины орон сууцны 3-45 тоотод байрлах нийтийн байрны гадна талд авсан хамгаалалтыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу буулгахаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хамгаалалтыг буулгажээ.
    Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илэрчээ
    Хоёрдугаар сарын 6-нд нийт 14978 сорьцод шинжилгээ хийхэд 34 хүнээс “СOVID-19” илэрсэн нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд анхны болон давтан шинжилгээ сайн дурын шинжилгээний цэгт шинжилгээ өгсөн хүмүүсээс вирус илэрснээр Улаанбаатар хотод нийт 1187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
    Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2023 болсноос 1463 буюу 72.3 хувь нь эмчлэгдэн эдгэрчээ.
    Сүүлийн 24 цагт шинээр Баянгол дүүргийн тав, найм, 12, 20, 22 хороо болон Баянзүрх дүүргийн тав, 21, Сүхбаатар дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн 11, 20, 32, 34, 41, Хан-Уул дүүргийн 4, 15, 20 дугаар хороонд халдварын тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 218 хүн шинээр нэмэгдэж, нийт 958 ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын тоо 4742 болсон байна.
    Нийт батлагдсан тохиолдлын 40 хувь гэр бүлээс хамааралтай бол 60 хувь нь ажлын газар, бусад зохион байгуулалттай арга хэмжээ, эмнэлэг, төрсөн өдөр, байр орон сууцны орц, гудамжнаас халдвар авсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here