Эхлэл Мэдээ Г.Буяндорж: Шаардлага хүлээн авахгүй бол өлсгөлөн зарлана

Г.Буяндорж: Шаардлага хүлээн авахгүй бол өлсгөлөн зарлана

93
0

Б.МӨНХЗУЛ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, түүний нөхөр “Ноёд” группийн захирал асан Г.Буяндорж нар хоёр хүү болон өмгөөлөгчийн хамт хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр анх удаа гэр бүлээрээ олны өмнө ил гарч байгаа нь энэ. “Ноёд” группийн захирал асан Г.Буяндоржтой холбоотой хэрэг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд шийдэгдэхгүй үргэлжилсээр яваа. Тэгвэл тэрбээр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа цагдаа, прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нартай ёс зүйн хариуцлага тооцохыг хүсэж байгаа учраас Улсын прокурорын ерөнхий газарт шаардлага хүргүүлж байгаагаа дуулгалаа. Мөн Хэлмэгдэсдийн хөшөөний өмнө гэр бүлээрээ суулт зарлахаа мэдэгдэв. Г.Буяндорж 1996 онд “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшн”-ыг байгуулсан билээ. Тэрбээр хурлын эхэнд “Би гэр бүлээ эрсдэлд оруулан байж энд хэвлэлийн хурал хийж байна. Би болон миний хань, хүүхдүүд маань энэ хэвлэлийн хурлыг хийснээрээ аюулд орж болзошгүй. Маш удаан бодсоны эцэст та бүхний өмнө гарч ирлээ. Олон жилийн далд яргалал, хэлмэгдүүлэлтээ зогсоохыг хүсэж байна” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш гэж дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тухайн үед хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. 2014-2020 оны хооронд энэ хүн Хятадад амьдарч байсан. Гэтэл коронавирусийн улмаас хил хаалттай байхад даваад л ороод ирж байна. Хэрхэн, яаж орж ирсэн нь тодорхойгүй. Хятадаас утсаар ярьж, прокуроруудыг удирдаж, намайг хорьж, цагдуулж байсан нь дээд шүүхийн шийдвэрээр хөдөлшгүй батлагдсан. 47 тэрбум төгрөг угаасан атлаа нэг ч төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй, энэ хүн. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд
2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
Нэр дурдагдсан хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж шалгах,
Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ. Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Манай гэр бүл өнөөдрөөс /өчигдөр/ дээрх хөшөөний өмнө суултаа эхлүүлэх юм. Ингээд 72 цагт хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлаж, гэр бүл маань суултаа үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчсөөр ирлээ. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна. 2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Мөн би эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлана. Шан Ду Шэнь Монгол Улсад нэг ч удаа татвар төлөөгүй. Надад санхүүгийн ноцтой баримтууд бий. Гэхдээ би прокурорт итгэхгүй байгаа учраас өгөхгүй. Шууд ил гаргахгүй. Хэрвээ миний шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулах юм бол би баримтаа ажлын хэсэгт багтсан хүмүүст өгч, дэмжлэг үзүүлж ажиллана. Дээр дурдсан хэрэгт Ц.Батболд, Ц.Алдархишиг, С.Билэгт, Ж.Сандагсүрэн, С.Батжаргал, Ш.Хосбаяр, З.Шүрэнчулуун зэрэг прокурор оролцож намайг 10 жилийн турш далд яргаллаа. Харин би цагдаа нартаа баярлаж байна. Тэд энэ хэрэг дээр маш сайн ажилласан учраас талархал илэрхийлэх хэрэгтэй” гэв.
Тэгвэл түүний гэргий, Гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, таван удаа хоригдож, 409 хоног хорьж, хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн миний ханийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг Монголын төр хамгаалалтдаа аваач гэж хүсье. Хэлмэгдэх ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Оюуны болон сэтгэл санааны яргалал Монголд үнэхээр гаарчээ. Монгол төрийн нэрийн доор хамгаалалтад байгаа луйварчин, шуналтан, хулгайч нараасаа хэзээ салах вэ. Хонгилын бүлэг прокурор багаараа яаж ажилладгийг өнгөрсөн жилүүдэд биеэрээ мэдэрч туулж явна. Гэр бүлээрээ дэнчин тавьж хонгилын прокурорын эсрэг үгээ хэлж байна” хэмээн ярилаа.
Г.Буяндоржийн хувьд “Ноёд групп” ХХК болон охин компани болох “Ноёд констракшн”-ы эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулжээ. Тэрбээр залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь Г.Буяндоржийг удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьсон байдаг. Ингээд уг хэргийг “шалгаж байна” гэж явсаар 10 жилийн хугацаа өнгөрчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here