Эхлэл Нийтлэл “COVID-19”-ийн вакцины үр дүн, дараагийн товлол харилцан адилгүй байна

“COVID-19”-ийн вакцины үр дүн, дараагийн товлол харилцан адилгүй байна

184
0

Д.МӨНХ

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” вирусийн цар тахал манай улсад бүртгэгдсэнээс хойш 10 гаруй сар амжилттай барьж байсан ч дотоодод тархсанаар дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд өчигдрийн байдлаар батлагдсан тохиолдол 3561 болж, дотоодын халдвар 3032-т хүрлээ. Засгийн газраас олон улсад коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэж эхэлсэн цагаас багагүй хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд одоогоор 460 мянган тун вакциныг оруулж ирээд байгаа төдийгүй хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхэлсэн. Эхний удаад эмнэлгийн эмч, ажилтнууд болон голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдад хариу урвалыг шалгах зорилгоор вакциныг цөөн тоогоор хийж байсан бол монгол хүний биед зохицно хэмээн үзэж, энэ долоо хоногоос өргөн хүрээнд хамруулж байна. Монгол Улсын Шадар сайд Д.Амарсайханы мэдэгдсэнээр долоодугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилготой ажиллаж байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жирийн үеийн вакцин үйлдвэрлэлтэй харьцуулахад “COVID-19” вирусийн эсрэг вакциныг цаг үе, нөхцөл байдалтай холбогдуулан богино хугацаанд гарган авсан ч тодорхой нөлөө үзүүлэхийг баталсан байна. Тэдгээрээс манай улс дөрвийг нь оруулж ирээд байгаа бөгөөд нийтлэг тал нь бүгд хоёр тунтай байгаа аж. “Коронавирусийн эсрэг ямар ч вакцинд хамрагдсан хүн хоёр удаа тариулж байж дархлаатай болно гэсэн үг” гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Тэмүүлэн тайлбарласан.

Одоогоор Монгол Улсын иргэдийг Энэтхэгийн Засгийн газрын тусламжаар оруулж ирсэн, Оксфордын их сургууль, “Астра зенека” компанийн хамтран бүтээсэн “Астразенека”, БНХАУ-ын эрдэмтдийн гаргаж авсан “Синофарм” компанийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. Үүнээс гадна хувийн хэвшлийн эрүүл мэндийн компаниудын оруулж ирсэн ОХУ-ын “Спутник V” вакциныг бага хэмжээгээр буюу 10 мянган тунг нөөцлөөд байна. Мөн АНУ-ын “Файзер”, Германы “БиоН Тек” компаниудын хамтран бүтээсэн “Фрайзер” вакциныг захиалж авахуулаад байгаа юм. Эдгээр вакцины давуу тал бусад эмнэл зүйл заалтуудын талаар товч мэдээлэл хүргэж байна.

“АСТРАЗЕНЕКА”

АНУ-ын Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг боловсруулж, “Астра зенека” компанид үйлдвэрлэсэн энэхүү вакцин нь урьдчилсан байдлаар 70-аас дээш хувийн үр дүн харуулж байгаа бөгөөд нэг тун вакцин нь

 2.5-4 ам.доллараар борлуулагдаж байна. Үүнийг үйлдвэрлэгчид нь цар тахлын үед ашиг хайгаагүй гэдгээр тайлбарлажээ. Уг вакциныг хадгалах, тээвэрлэх явцад тусгай тоног төхөөрөмж, нөхцөл шаардахгүй гэдгээрээ давуу юм. Түүнийг 2-8 хэмийн хүйтэнд хадгалж болох нь эрүүл мэндийн салбарын ложистикийн тогтолцоо муу хөгжсөн орнуудад нэн тохиромжтой гэж үзэж байгаа аж. Гэвч бусад вакцинтай харьцуулахад эцсийн үр нөлөө багатай нь сул тал болж байна.

“ФРАЙЗЕР”

ДЭМБ-аас эмнэл зүйн практикт хэрэглэхээр хамгийн анх батламжаа авсан “Фрайзер”, “БиоНТек” компаниудын хамтарсан бүтээгдэхүүн “Фрайзер” вакциныг Европын эмийн агентлаг бүс нутгийн орнуудад ашиглах зөвшөөрлийг өгсөн байна. АНУ-ын эм үйлдвэрлэлийн “Фрайзер” компани нь 150 жилийн түүхтэй бөгөөд Германы “БиоНТек” компанитай хамтран бүтээсэн вакцин нь 95 хувийн үр дүнтэй болохыг баталжээ. Туршилтын явцад вакцинд хамрагдсан иргэдийн 95 хүртэл хувьд нь дархлаа тогтож, халдварын эрсдэл 20 дахин буурсан байна. “Хэрэглээний үед уг вакцин нь “COVID-19” коронавирус төдийгүй мутацад орсон вируст ч үйлчилж байгааг нотолсон” гэж “БиоНТек” компанийн шинжээчдийн багийнхан хэлжээ.

Хадгалалтын тухайд хамгийн өндөр стандарт шаардлагатай бөгөөд 70 хэмийн хүйтэн нөхцөлд байх ёстой гэнэ. Уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр дахь тунг хийлгэх шаардлагатай юм байна. Эцсийн үр дүн өндөртэй учраас 19.5 ам.доллараар нэг тунг борлуулж байгаа бөгөөд бас нэг давуу тал нь дахин халдвар авах эрсдэлгүй гэж үзэж байгаа аж.

“СИНОФАРМ”

БНХАУ-ын эрдэмтдийн боловсруулж үйлдвэрлэсэн “Синофарм” вакциныг дотооддоо туршиж, дархлаажуулалтад хэрэглэсний эцэст коронавирусийн эсрэг 79 хувийн үр дүнтэй болохыг баталсан байна. Үүнийг АНЭУ-ын иргэдэд хэрэглэхэд үр дүн нь дээшилж, 86 хувьд хүрчээ. Хятадын төрийн өмчит “Синофарм” компанид үйлдвэрлэсэн энэ вакцины нэг тун нь 32 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд ердийн хөргөгчийн 4-8 хэмийн хүйтэнд хадгалж болох юм. “Синофарм” вакциныг 21 хоногийн зайтай хоёр тунгаар хийж хэрэглэнэ. “Халдварт саа, улаанбурхан зэрэг өвчний эсрэг вакциныг боловсруулан гаргаж байсан арвин туршлагатай “Синофарм” компанийн “COVID-19”-ийн эсрэг вакцин нь сөрөг нөлөө бараг байхгүй. Энэхүү вакцинд нэг сая хүнийг хамруулсны дараа ч ямар нэг гаж нөлөө илрээгүй” гэж тус компанийн ерөнхийлөгч хэлсэн байна. Гэвч ДЭМБ уг вакциныг олон нийтэд хэрэглэхийг өнөө хэр зөвшөөрөөгүй аж.

“СПУТНИК V”

Дэлхийн олон оронд боловсруулж бүтээсэн вакцинууд дотроос 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлж буй гурван вакцины нэг нь “Спутник V” юм. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр уг вакцин нь “COVID-19” вирусийн өвчлөлийн хүндрэлээс 100 хувь хамгаалж чадаж байгаагаараа бусдаас давуу болжээ. Энэ үзүүлэлт “Файзер”-т 95 хувьтай байгаа гэнэ. Мөн дээрх вакцинаар тариулсан хүний ялгаруулж байгаа эсрэг биетийн түвшин нь коронавирусээр дахин өвчилсөн хүнийхээс 1.3-1.6 дахин их байгааг тогтоожээ. Тус вакцины нэг тунг 10 орчим ам.доллараар борлуулж байгаа бөгөөд тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардахгүй, ердийн хөргөгчийн 2-8 хэмийн хүйтэнд хадгалж болох зэрэг давуу талуудтай юм. “Спутник V” нь багадаа есөн сар түүнээс дээш хоёр жил хүртэл хугацаанд коронавирусээс хамгаалах дархлааг тогтоох чадвартайг эрдэмтэд баталжээ. Америкийн “Файзер” вакцин нь нэг жилээс дээш, “Астра зенека”-гийнх зургаан сараас доошгүй хугацаанд шинэ коронавирусээс хамгаалах юм байна.

“Спутник V” вакциныг тариулахын өмнө буюу түүнээс хойш 42 хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй бол бусад вакцины хувьд гурав хоногийн хорио дэглэмийг баримтлах ёстой ажээ.

НИЙТЛЭГ ШИНЖ

Манай улсад хэрэглэж байгаа дээрх дөрвөн төрлийн вакцин нь бүгд хоёр тунтай бөгөөд дараагийн товлолт нь харилцан адилгүй байна. Гэхдээ эхний тарилгын дараа толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар, түүний орчимд хөндүүрлэх, бага зэрэг хавдах, халуун оргих зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг вакцин үйлдвэрлэгчид болон манай мэргэжилтнүүд ч анхааруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улс 20 мянга гаруй хүнийг “COVID-19”-ийн дархлаажуулалтад хамруулаад байгаа бөгөөд вакцин хийлгэсэн иргэдээс хүнд, ноцтой урвал илэрсэн гэх мэдээлэл ирээгүйг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here