Эхлэл АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Монголд цахим аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Монголд цахим аялал жуулчлалыг хөгжүүлнэ

85
0

Г.СҮРЭН

БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэ МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компаниийн үүсгэн байгуулагч А.Энхбаяртай хамтран ажиллах санаж бичиг байгуулав. Энэхүү санамж бичиг нь Монгол орон дахь цахим аялал жуулчлалын эхлэхийг тавьж буйгаараа онцлогтой.
Энэ үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэ “Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд бид дижитал аяллын музейг байгуулахаар зорьж байна. Энэхүү ажлын хүрээнд анхны санамж бичгээ байгуулж байна. Дижитал технологийг ашиглан нүүдлийн үзэсгэлэнг дэлхий дахинд сурталчлан таниулна. Монгол орныхоо 21 аймгийг дижитал хэлбэрээр дэлхий дахинд сурталчлан таниулах их ажлын эхлэлийг бид өнөөдөр тавьж байгаа юм. Ирэх долоодугаар сараас Хөшигтийн хөндийн нисэх онгоцны шинэ буудалд жуулчдын мэдээллийг төвийг ажиллуулж эхэлнэ. Энэ төвд уг дижитал технологийг ашиглан 21 аймгийнхаа дурсгалт газруудыг жуулчдад танилцуулах боломжтой болж байгаа” гэдгийг дуулгасан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгод энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг үр өгөөжөө өгнө гэдэгт талууд харилцан итгэлтэй байгаа юм.
Талууд аялал жуулчлалын салбар дахь цахим шинэчлэл, жуулчны мэдээллийн төв байгуулах, “21 аймаг 21 улс төсөл”, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох, цахим аялал жуулчлалыг нэвтрүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлд хамтран ажиллах аж.
А.Энхбаяр: ХЭНТИЙН ЗАРИМ ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРЫГ ВИРТУАЛЬ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛСЭН
Энэ үеэр “Гарааны дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.ЭНХБАЯРААС зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол орны ямар хэсгийг виртуаль хэлбэрт шилжүүлээд байна вэ?
-Дэлхий дахинд олон салбарт цахим шинэчлэлт нэвтэрч байна. Үүний дундаас цахим аялал жуулчлал гэх шинэ хандлага бий болсон байна. Дэлхийгээр аялах сонирхолтой хүн заавал өөрийн биеэр хол замыг туулж, их хэмжээний зардал гаргах шаардлагагүй болж байна. Ялангуяа “COVID 19”-ийн тархалт өндөр байгаа үед дэлхийн олон оронд цахим аялал жуулчлалыг нэвтрүүлж байна. Цахим аялал жуулчлал гэхээр виртуаль технологийг ашиглан тухайн газар оронтой өөрийн биеэр очиж танилцаж буй мэдрэмжийг авахыг хэлж буй юм. Бид энэ бүхнийг бий болгох технологийг хийхээр ажиллаж байгаа. Энэ бол дөнгөж эхлэл юм.
Бид эхний ээлжид Монголын нууц товчооны түүхтэй холбоотой Хэнтийн зарим дурсгалт газруудыг виртуаль хэлбэрт шилжүүлсэн байгаа. Энэ зуны хувьд Булган, Архангайн газруудыг шилжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид бүх аймгийнхаа дурсгалт газруудыг виртуаль хэлбэрт шилжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ бүх ажилд Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтарч ажиллах юм. Энэхүү технологийг амжилттай нэвтрүүлснээр жилийн дөрвөн улиралд хэдэн зуун мянга, сая хүнийг татаж, орлого олох боломжтой.
-Гаднын орнуудад цахим аялал жуулчлал хэр хөгжсөн байдаг бол?
-Байлгүй яах вэ. Миний мэдэж байгаагаар Европын зарим орон, Чернобыл зэрэг газруудад гар утас компьютерийн дэлгэцээрээ нэг аялахад нэг хүний 10-20 ам.долларын үнэтэй байна. Бид бол вируталь технологийг ашиглаж жуулчдыг татах зорилготой байгаа юм. Тэгэхээр манай оронд ирэх сонирхолтой өндөр настай хүмүүс юм уу ямар нэгэн шалтгаанаар өөрийн биеэр ирж чадахгүй байгаа тэр хүмүүс Монголд очсон мэт аялах боломжийг олгож байгаа юм.
-Танай компани үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна вэ?
-Хувьцаат компани болоод хоёр жил болж байна. Судалгааны ажил эхлээд бараг зургаан жил болж байгаа.
-Виртуаль орчинд аялснаар хэрэглэгчдэд ямар давуу талууд бий болох вэ?
-Хамгийн гол нь яг өөрийн биеэр ирээд аялж байгаа юм шиг мэдрэмжийг 100 хувь авч чадахгүй. Гэвч тухайн аялагч виртуаль аяллыг сонгосноор цаг хугацаа, мөнгө хэмнэх, аюулгүй байх зэрэг давуу талууд бий болно. Ялангуяа “COVID-19” халдварын үед олон орны иргэд энэ төрлийн аялал жуулчлалыг ихэд сонирхох нь гарцаагүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here