Эхлэл Мэдээ Эрүүгийн хуульд хэвлэлийн эрх чөлөөг хангах хоёр тайлбар нэмнэ

Эрүүгийн хуульд хэвлэлийн эрх чөлөөг хангах хоёр тайлбар нэмнэ

112
0

Г.ГАРДИ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, “худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл нэмсэн. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн “гүтгэх” гэх зөрчлийг хүчингүй болгож, хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төрд халдаж, үндэслэл нотолгоогүйгээр илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалахаар болсон юм.
Иймд хүний үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр, хүний нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, эдгээр эрхүүдийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байна. Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хоёр хэсэг тайлбар нэмэхээр тусгажээ. Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар зохицуулсан байна. Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ. Ингэснээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон нэр төрөө хамгаалуулах эрхийг зохистой түвшинд тэнцвэртэй хамгаалах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here