Эхлэл Мэдээ Нийслэлд 400 цэгт нөөцийн мах худалдаална

Нийслэлд 400 цэгт нөөцийн мах худалдаална

122
0

Г.СҮРЭН

Хаврын цагт нийслэлчүүд нөөцийн махыг хэзээ худалдаанд гарах бол хэмээн хүлээдэг болоод багагүй хугацааг үдэж байна. Энэ жилийн нөөцийн мах өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарлаа. Шинэ махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тодруулбал, нийслэлчүүдийн дийлэнх нь үйлчлүүлдэг “Хүчит шонхор” захын хувьд энэ сарын 24-ний байдлаар хонины ястай мах 9500, цул мах 10500, үхрийн ястай мах 12000, цул 13500, адууны ястай мах 11000, ямааны ястай махыг 8800 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа аж. Тиймээс зах зээлийн үнээс хямд нөөцийн махны эрэлт их буйг худалдаа эрхлэгчид онцолж байна. Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны таван банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000 тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна. Үүнд “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ.

“Нүүдэлчин” ХХК-ийн захирал О.Гантулга “Жил жилийн хаварт махны үнэ өсдөг тул намар нь мах бэлтгэх компаниудыг сонгон шалгаруулдаг. Шаардлага хангасан компаниуд мах нийлүүлдэг. Манай компани гурав дахь жилдээ мах бэлтгэн нийлүүлэхээр бүх ажлаа хангаад байна. Шинэ махны үнэ нэмэгдэхэд, мах бэлтгэлийн үеэр банкны шалгуур хангахтай зэрэгцэн хөл хорионы улмаас орон нутгаас ирэх махны нийлүүлэлт тасарсан. Улмаар орон нутгаас мах бэлтгэлийн үнэ өссөн. Мөн зүүн гурван аймгийн нутгаар гандуу байсан болохоор мал туранхай байлаа. Стандартын дагуу чанартай мах бэлтгэхэд бид илүү анхаарсан. Нийт 530 тонн мах нийлүүлэхээр салбарын яамтай гэрээ байгуулсан ч хөл хорио, үнийн өсөлттэй холбоотойгоор 470 тонныг бэлтгэж, худалдаанд гаргахаар зэхсэн байна. Бид зах зээлийн үнээс хямд, мах авснаасаа бага үнээр нөөцийн махаа нийлүүлэх учраас ашиг хараагүй. Тиймээс эрэлтэд ч бас нөлөөлөх байх” гэв. Мөн “Мах импэкс” ХХК-ийн санхүүгийн менежер Б.Саранзаяа “ХХААХҮЯ-тай байгуулсан гэрээний дагуу бид борлуулах нөөцийн махаа 100 хувь бэлдсэн. Энэ жил 1500 тонн мах бэлтгэж, худалдаанд гаргахаар ажиллаж байна. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөхгүй. Ер нь нөөцийн мах бэлтгэх үед хүндрэл бэрхшээл олон гарлаа. Мах бэлдэх үеэр хөл хорио тогтоож, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаасан. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас мах орж ирэхгүй, мах бэлтгэлийн үнэ өссөн. Гэсэн ч бид ашиг харалгүй, салбарын яамтай байгуулсан гэрээний дагуу өнгөрсөн жилийн үнийг барина” гэж онцолсон юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нөөцийн махны худалдаа эхэллээ. Өнгөрсөн жил 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Дээрх аж ахуйн нэгжүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн 11 хувийг төрөөс татаасаар дэмжих замаар хямд эх үүсвэртэй махыг бэлтгэн нийслэлийн иргэддээ худалдаалдаг. Засгийн газар болон ХХААХҮЯ-ны баримталж буй бодлого бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Цаашид малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх болон экспортод гаргахад онцгой анхаарч ажиллана. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил үнээр худалдаалагдана. Нөөцийн махыг зуншлага сайтай газруудаас бэлтгэсэн учраас чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан гэдгийг онцлох нь зүйтэй” гэв.

Нөөцийн махны борлуулалт энэ сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 27-ны 14.00 цагийн байдлаар зургаан аж ахуйн нэгж 139 дэлгүүрт мах нийлүүлэхээс дөрвөн аж ахуйн нэгж 8.3 тонн /4.2тн үхэр, 4.1тн хонь/ махыг 24 дэлгүүрт хүргэж түгээлт хийсэн байдалтай байлаа. Бэлтгэн нийлүүлэгч 17 аж ахуйн нэгж нь нийт 416 хүнсний болон томоохон сүлжээ дэлгүүрт түгээх бөгөөд энэ сарын 30-ны өдрөөс нөөцийн махны түгээлт жигдэрнэ гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Мөн мах бэлтгэх, нийлүүлэх, савлах дамжлага дээр ажиллаж буй91 ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бүрэн вакцинжуулалтад хамруулсан байна.

Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор өнгөрсөн онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700, үхрийн ястай мах 7700, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Иргэд нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байгаа юм.

Орон нутагт ч нөөцийн мах худалдаанд гарч эхэлжээ. Тухайлбал, Дархан-Уул, Өмнөговь, Орхон зэрэг аймагт нөөцийн махыг борлуулж эхлээд байгаа аж. Дархан-Уул аймгийн хувьд одоогоор 42 дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулж байна. Энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг тус аймгийн ХХААГ-аас мэдээлжээ. Мөн аймагт борлуулж буй нөөцийн махыг “Дархан- Эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэсэн бөгөөд махны нийт жингийн 30 тн нь үхэр, 5 тн нь ямаа, 65 тн-ыг нь хонины мах эзэлж байна. 1.5-2.5 кг-аар савласан бөгөөд нэг килограмм үхрийн мах 8800, хонь 7500, ямааны махыг 6500 төгрөгөөр борлуулж байна.

Өмнөговь аймгийн хувьд энэ сарын 19-нөөс нөөцийн махыг худалдаалж эхэлжээ. Аймгийн хэмжээнд нийтдээ 200 тн махыг “Өнөд өвлөх трейд”, “Хан сайхан говь”, “Гүүд рүүт интертрейдинг” компани нөөцөлсөн бөгөөд 24 дэлгүүрээр дамжуулан худалдаанд гаргаж байгаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Нөөцийн махыг 2-5 кг-аар савласан байгаа бөгөөд үнийн хувьд нэг кг үхрийн мах 8000, хонь 7000, ямааны мах 6000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Ийнхүү нөөцийн махны худалдаа улс орон даяар шат дараатайгаар эхэлж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here