Эхлэл Мэдээ Эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

111
0

С.ЮМСҮРЭН

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Хавдартай иргэдийг энэ сарын 26-ны өдрөөс ХСҮТ-д “Пфайзер” вакцинаар дархлаажуулж эхэлжээ. “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25740 тун “Пфайзер” вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд хийж эхлээд байгаа юм. Тус төвийнхний эмч нарын өгч буй мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол гараагүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа аж.

Үүний дараа Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллав. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийхдээ хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцоолол гарсан гэдгийг анхаарууллаа. Мөн хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг тус төвийн удирдлагууд, тархвар судлаачид онцлон хэлж байлаа.

Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн ч эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр тодотгоод шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй гэдгийг хэллээ. Тэрбээр “УОК-оос дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс мөн сарын 18-ны өдөр хүртэл хөл хорио тогтоох санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тогтоох бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үеэр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” хэмээн ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргээд Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо дуулгалаа. Тодруулбал, “COVID-19”-ийн эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад сая төгрөгийн, 1100 резидент эмч тус бүрд 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэх юм байна.

Дээр дурдсан хоёр төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, ажилтнуудынх нь санал бодлыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа албан хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллахаа мэдэгдэж, ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here