Эхлэл Мэдээ Өнгө будгаар наадагчид “Алтан бийр”-ийн төлөө өрсөлдөж байна

Өнгө будгаар наадагчид “Алтан бийр”-ийн төлөө өрсөлдөж байна

127
0

Б.СИЙЛЭН

“Өнөөдөр шиг хол зүйл үгүй

Тэр эргэж ирэхгүй одно

Маргааш шиг ойр зүйл үгүй

Тэр ирж яваа” хэмээн тайлбар хийсэн бүтээлийн авторыг Б.Өнөболд гэдэг. Сая дурдсан нь түүний “Бодол” нэртэй холимог техникээр урласан бүтээл юм. Тэрбээр “Бодол”-оороо “Алтан бийр” 15 дахь удаагийн цахим үзэсгэлэнд оролцож байна. Хэдийгээр дэлхий нийтийг цар тахал нөмрөөд байгаа ч уран бүтээлчдийн туурвих сэтгэл зогсолтгүй урагшилж байгаа юм. Үүнийг “Алтан бийр” наадмаас ч харж болно. Олон төрлийн арга, давтагдашгүй төсөөллөөр өнгө будгаа “сүлсэн нь” энэ удаагийн үзэсгэлэнг баялаг болгожээ. Бас цаг үедээ тохируулан өдөрт таван бүтээлийг цахим хэлбэрээр хүмүүст танилцуулж байна.

Зүүд мөрөөдлийн дунд ургах бодол шиг нэгэн бүтээлийг Э.Солонго усан будгаар амилуулжээ. Тэрбээр зургаа тайлбарлахдаа “Шувуу бол эрх чөлөө, амар амгалангийн тод бэлгэдэл. Харин зүүд бол таныг зах хязгааргүй төсөөллийн ертөнцөөрөө нисгэж чадах далавч” гэсэн байлаа. Өөр нэгэн илэрхийлэл бол Б.Бат-Эрдэнийн “Хэлхээ” нэртэй мод, хүрэл, чулуу, төмөр, эсгийгээр хийсэн бүтээл. Нүүдэлчдийн чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмөр гэх мэт өнөөдрийн үе хүртэл эрин зууны хэлхээт байдлыг зохиомжлон харуулахыг зорьсон нь илт байлаа. Дахин нэг уран бүтээлчийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Түүнийг Д.Анхцэцэг гэдэг бөгөөд “Алтан бийр” цахим үзэсгэлэнд “Буртаг үгүй” зотон тосон бүтээлээр оролцож байна. Уг бүтээлийн тайлбарт “Хүүхдийн ертөнц энэ нийгмийн хамгийн буртаггүй зүйл. Магад, бид бүгд ийм л байсан. Хайраар дүүрэн зүрх бүхэн бүү дундраг” гэжээ. Ийнхүү үргэлжлэх үзэсгэлэнгийн бүтээлийг танилцуулсны дараа шилдгийг нь нэрлэнэ. Монголын урчуудын эвлэл болон Залуу уран бүтээлчдийн нэгдлийн шүүгчид уламжлал ёсоор цахим үзэсгэлэнгийн хамгийн сайхан мэдээг танилцуулах юм. Энэ үеэр мөн үзэгчдийн таашаалд нийцсэн, хамгийн олон хандалт авсан бүтээлийг тодруулдаг уламжлалтай билээ. Ялагчид “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрх, арт галерейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулах тийзтэй болох юм. Харин үзэсгэлэнгийн талаар товчхон танилцуулахад, 35 хүртэлх насны залуу уран бүтээлчид дүрслэх урлагийн бүх төрлөөр оролцох боломжтой оюуны чөлөөт талбар ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here