Эхлэл Нийтлэл Зэсийн экспорт зогссон ч нүүрс тээвэр хөдөлж эхэллээ

Зэсийн экспорт зогссон ч нүүрс тээвэр хөдөлж эхэллээ

139
0

Д.МӨНХЖАРГАЛ

Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Дэлхийн банк “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа Монгол Улсын эдийн засгийг 2021 онд таваас дээш хувиар өсөх өөдрөг төсөөлөл дэвшүүлж байсан. Үүнийгээ уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбон тайлбарлаж байлаа. Харин түүнээс хойш хоёр ч удаа хорио цээрийн хатуу дэглэм тогтоосонтой холбогдуулан энэ оны эхэнд 4.3 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байсан юм. Харин саяхан гаргасан эдийн засгийн төлөв байдлын тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6.8 хувиар өсөхөөр байна гэж өөдрөгөөр төсөөлсөн ч сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол огцом өсөж байгаа нь сөргөөр нөлөөлнө гэж мэдэгдээд байна. Дээрх өөдрөг төсөөлөлд дэлхийн лидер тоглогч, манай өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засаг 8.1 хувиар өсөх нь Монгол Улсыг “чирнэ” гэж тооцоолсон бололтой. Уг өсөлтийн нөлөөгөөр манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөхийн хамт тухайн салбарыг дагасан тээвэр, худалдаа үйлчилгээний сектор сэргэх магадлалтай юм. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр” эергээр нөлөөлнө гэж тооцож байгаа юм.

Дэлхийн банкны эдийн засагч Д.Мандах хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оноос эхлээд 2021 оны дунд үе хүртэл эдийн засгийг дэмжих төслийн шинжтэй томоохон арга хэмжээнүүдийг авч байна. Үүнд иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн зэрэг нь дотоодын эдийн засгийн идэвхжилийг дэмжиж буй хэрэг юм. Үүний дээр 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгнө гэж харж байна” гэлээ. Гэвч эдийн засгийн идэвхжилийг сааруулж болзошгүй нөхцөл байдал дотоодод үүсээд байна. Тухайлбал, “COVID-19” вирусийн цар тахлын халдварын тохиолдол сүүлийн 10-аад хоногт 700-гаас доош буухаа больсноос энэ сарын 10-наас эхлэн хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосны дээр нөхцөл байдал сайжрахгүй бол бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг цаашид ч сунгаж болзошгүй нь сөргөөр нөлөөлөх магадлалтай болоод байгаа юм. “Хэрвээ хөл хорионы үед коронавирусийн дотоодын халдварыг багасгаж, вакцинжуулалтыг үр дүнтэй зохион байгуулж чадахгүй бол энэ нь эргээд эдийн засагт муугаар нөлөөлнө” гэж Дэлхийн банкны эдийн засагч анхаарууллаа.

Үүнээс гадна манай улсын экспорт, эдийн засгийн гол үзүүлэлтэд жин дардаг уул уурхайн салбар, түүний дотор Оюутолгойн уурхайд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, урд хөрштэй хийх худалдааны гол гарц Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг хязгаарласнаар нүүрсний экспорт 10 дахин багасаж, “Оюутолгой” компанийн экспорт бүрэн зогсоод бараг нэг сарын хугацаа өнгөрлөө. Уг нь дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 8700 гаруй ам.доллар болчихсон маш таатай цаг үе тохиож байгаа бөгөөд энэ нь 2021 оны улсын төсөвт төсөөлснөөс даруй 2000 орчим ам.доллараар өндөр байгаа юм. Ийм цаг үед Оюутолгойн баяжмалын экспорт зогссон нь сардаа 100 сая орчим ам.доллар алдаж байгаа хэрэг юм.

Энэ талаар эдийн засагч Ч.Хашчулуун хэлэхдээ, дээрх алдагдал нь нийт экспортын 25 хувьтай тэнцэх тоо гэдгийг онцолж байна. Харин эдийн засагч Г.Ганзориг “Манай улсын экспортын орлогыг голлон бүрдүүлдэг хоёр бүтээгдэхүүний нэг нь зогсчихлоо. Үүнээс жилдээ нэг тэрбум ам.долларын орлого олдогтой харьцуулбал сарын хугацаанд 100 сая орчим ам.доллар алдаж байна гэсэн үг. Нэгэнт алдагдсан энэ боломжийг нөхөх аргагүй ч нөхцөл байдал сайжирвал цаашдаа биетээр бус мөнгөн орлогоор нь алдагдлаа багасгаж болох юм” гэж хэллээ. Тиймээс Гадаад харилцааны яамнаас хил гаалийн гарцаа хэвийн ажиллуулах, тээврийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх талаар Хятадын талтай ярилцаж байгаа ч тэд манай улсын дотоодод тархаж буй коронавирусийн цар тахлын явц, бодит байдлыг анхааралтай ажиглаж байна. ГХЯ-ны хэлтсийн дарга Т.Болд “Гуравдугаар сарын 15-нд Оюутолгойн уурхай дээр халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө өдөртөө зэсийн баяжмал ачсан 80-96 том оврын тээврийн машин гаалиар гарч байсан. Одоо ямар ч хөдөлгөөнгүй зогсчихсон байгаа” гэж мэдээллээ.

Манай улс энэ онд уул уурхайн бүтээгдэхүүнээс 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсний 1.5 их наядыг зэсийн экспортоос олохоор тооцсон болохоор дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ханш өндөр байгаа энэ таатай үеийг ашиглах шаардлага тулгараад байна. Тиймээс өмнөх хоёр тохиолдлоос хойш дахин халдвар илрээгүйн дээр Оюутолгойн орд дээр ажиллаж байгаа 10 мянга орчим хүнийг вакцинжуулах ажлыг хийж эхэлжээ. Үүний дотор зэсийн баяжмалын тээврийн 200 гаруй жолоочид онцгойлон анхаарч, уурхайн ажилтан, ажилчдаас тусгайлан байрлуулсныг компанийн зүгээс мэдээлжээ.

Энэ оны эхний гурван сарын нийт экспортын 88.3 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд 1.1 тэрбум ам.доллар болжээ. Түүний дотор 6.67 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны эхээр цар тахлын улмаас хил хааж, нүүрс тээвэр зогсоод байсантай харьцуулбал 113 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш Гашуунсухайт-Ганц модны боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 15 автомашин нэвтэрч байсан юм. Өнөөдрийн байдлаар Хятадын талтай зөвшилцсөний үр дүнд өдөрт 20 машин гаргаж эхэлсэн нь хилийн боомттой ойролцоо байрладаг нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дуусаж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой гэж холбогдох албаныхан хэлж байна. Тиймээс коронавирусийн цар тахлын үеийн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал буюу хатуу хөл хорионы үед халдварын тоог аль болох багасгах, түүний дараа дархлаажуулалтын ажлыг эрчимтэй, үр дүнтэй явуулж, гадаад ертөнцтэй харилцах харилцаагаа сайжруулж, гарцаа нээх нь манай улсын нэн тэргүүний зорилт болж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here