Эхлэл Мэдээ Гэрээр эмчлүүлж буй иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчилнэ

Гэрээр эмчлүүлж буй иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчилнэ

123
0

С.ЮМСҮРЭН

УОК цахимаар хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдварын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонссон юм. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай санал гаргасан бөгөөд үүнийг хэлэлцэн дэмжлээ.

Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авах нь зүйтэй гэдэгт УОК-ын гишүүд санал нэгдлээ. Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спорт заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрд бүрдүүлэхээр боллоо.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 08:30 ЦАГААС ӨМНӨ, 17:00 ЦАГААС ХОЙШ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО

Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга мэдээлэл өгсөн бол иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч танилцууллаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эл өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хувиар ажиллаж, албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулжээ. Ингэснээр тэднийг 08:30 цагаас өмнө, 17:00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөнд оролцуулж байна. Хүнсний ачаа тээвэр, цар тахлын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой.

Нийтийн тээврийн тухайд мөн хөдөлгөөнийг нь тусгай горимд шилжүүлсэн. Тодруулбал, 06:30-10:00, 12:00-15:00, 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 679 автобус үйлчилгээнд явж байгаа аж.

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ИРГЭД ЦАГ АВАЛГҮЙГЭЭР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдийн цагийг цуцалжээ. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутагт зорчих иргэд цаг авалгүйгээр цэгүүдэд шинжилгээнд хамрагдах боломжтойгоос гадна иргэд иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ёстой.

Ойрын хавьтал болсон иргэдээс ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байна. Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан зэрэг зайлшгүй шаардлагатай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдох ёстой бөгөөд ингэснээр дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулж, өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгааг холбогдох албаныхан тодотголоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here