Эхлэл Мэдээ Голомт банк нарны цахилгаан станцыг дэмжинэ

Голомт банк нарны цахилгаан станцыг дэмжинэ

161
0

Д.МӨНХ

Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргажээ. Японы “JGC Holdings”, “NGK In­sulators Ltd” болон “M Си Эс Интернэйшнл” ХХК-ийн түншлэл 5.0 МВт-ын хүчин чадал бүхий Монголын анхны эрчим хүчний хуримтлууртай (3.6 МВт.цаг) нарны цахилгаан станцын төсөлд шалгаран бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдэд тавигддаг шаардлагын дагуу Голомт банк Японы Mizuho банктай хамтран төсөлд шаардагдах банкны баталгааг гаргалаа. Томоохон банкнуудтай өрсөлдөж, эх орондоо баригдах нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад баталгаа гаргаж буй нь Голомт банкны зүгээс баримталсаар ирсэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн нэгээхэн чухал хэсэг болж байна. Уг нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд буюу Завхан аймгийн Улиастай суманд энэ сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Монголын анхны гэх тодотголтой уг томоохон бүтээн байгуулалт нь Улиастай сумын 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангахаар тооцсон байна.

Монгол Улс 2030 он гэхэд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд ахиц дэвшил гарч байгаа ч өнөөг хүртэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалах хуримтлуур байдаггүй нь тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэж, анх удаа эрчим хүчний хуримтлууртай нарны цахилгаан станцыг байгуулах болсон нь нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчний эх үүсвэрээ бүрдүүлдэг, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг багасгах зэрэг томоохон ач холбогдолтой тухай төслийн гүйцэтгэгч “JGC Holdings” онцолжээ. Энэхүү төслийг хамтран гүйцэтгэгч “NGK Insulators Ltd”-ийн зүгээс өвөлдөө -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх бол дотоодын “М Си Эс Интернэйшнл” компани станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Мөн станц байгуулагдсаны дараах ашиглалтын үйл ажиллагаанд нь тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэх юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here