Эхлэл ЗАХИДАЛ Намын 100 жилийн түүхийн хуудсанд заавал бичиглэж үлдээх сэдэв

Намын 100 жилийн түүхийн хуудсанд заавал бичиглэж үлдээх сэдэв

142
0

Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулж гаргасан, “МАН-ын түүх”, “МАН-ын түүхэн цаг хугацааны товчоон” гэсэн бүтээлүүдэд эрдэмтэн судлаачид намынхаа улс орны тусгаар тогтнол, орчин цагийн хөгжингүй орон болгохын төлөө хийж бүтээсэн үйл хэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн нь нэн сайшаалтай. Манай нам бол улс орноо шинэ эрин үетэй золгуулах тэмцэлдээ гаднын улс орны дарамт шахалт, зэвсэгт халдлага, дотоодын зөрчил тэмцэл зэрэг хүнд хэцүү үеийг туулж ирснийг нэгтгэн дүгнэсэн энэ сайхан бүтээлүүд эх орноо цаашид авч явах залуу үеийнхний ширээний ном болно байх гэж олзуурхаж байна.

МАН –ын ахмад гишүүний хувьд энэ түүхэн бүтээлүүдийг шимтэн уншиж, баярлаж, бахархаж суухдаа Монгол Ардын Намын 100 жилийн түүхийн хуудсанд заавал бичиглэж үлдээх асуудал хөндөгдөөгүй байна гэж бодогдож, сэтгэлд сүүдэр хургаж байдаг юм.

Намын ахмад гишүүн миний сэтгэлд хургаж байгаа тэр сүүдэр бол, “1990 оны ардчилсан хувьсгал ямар ч хэлмэгдэлгүйгээр болж өнгөрсөн” гэж зарим түүхч судлаач, улстөрч бичиж, ярьж байгаатай санал нийлэхгүй байгаатай холбоотой юм.

БНМАУ-ын 1961 оны Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу нийгмийг удирдан чиглүүлэх үүрэгтэй байсан МАХН –ын Төв Хорооноос гадна намын анхан болон дунд шатны байгууллага, 18 аймаг, гурван хот, 300 гаруй сум, 700 шахам томоохон үйлдвэр аж ахуйн газарт байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байлаа. Монгол Ардын Намын шат шатны байгууллагад тухайн цаг үедээ, хамгийн өндөр боловсрол эзэмшсэн, эрдэм мэдлэг, ажлын арга туршлага, үнэнч шударга зан чанар, ёс зүйгээрээ шилэгдсэн олон зуун хүн ажиллаж байсны олонх нь монгол оронд 1990 онд эхэлсэн нийгмийн шинэтгэлийн золиос болж, ажил амьдрал, нэр төрөөрөө хохирч, нэг ёсны цусгүй хэлмэгдэлд өртсөнийг түүх мартах ёсгүй гэж бодогдож байна.

Монгол орны үсрэнгүй хөгжлийн он жилүүдийн баталгаа болсон Дархан, Эрдэнэт хотыг шинээр барьж байгуулах, атар газрыг эзэмшиж ард түмнээ хүнсний бүтээгдэхүүнээр хангах, үндэсний хэмжээний хэдэн арван үйлдвэр аж ахуйн газрыг байгуулж, улс орноо цахилгаан, дулаан, орон сууцаар хангах аварга бүтээн байгуулалтыг удирдан жолоодож, хүн ардаа эрүүлжүүлж, соён гэгээрүүлж явсан 1950-1980 оны намын ажилтнуудын хувь заяа, 1990 оны ардчилсан хувьсгалын дараа яаж шийдэгдсэнийг түүхэнд бичиглэж үлдээх ёстой. Ном бүтээсэн түүхч эрдэмтэд, бичгийн мэргэд, намын дэргэдэх Стратеги академи энэ асуудалд анхаараасай гэж хүсэж байна.

Улаанбаатар хот болон аймаг, хотын хорин нэгэн намын хороодод дунджаар 1300 орчим хүн, хөдөө аж ахуйн 255 нэгдэл, 49 сангийн аж ахуйд 600 гаруй хүн, дээр нь томоохон үйлдвэр аж ахуйн газрын намын байгууллагад ажиллаж байсан намын ажилтнуудтай нэгтгээд бодоход багагүй тоо гарна. Намынхаа бэлтгэл хүч, дайчин туслагч болж байсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллагад ч олон зуун хүн ажиллаж байлаа.

Монгол Ардын Нам орших уу, эс орших уу дээрээ тулж байсан цаг үед эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргаагүй ч хариуцлагыг өөртөө хүлээж, аянгын үүл мэт бараантаж байсан олны сэтгэлийн хөөрлийг дарсан намын гишүүдээ шат шатны намын байгууллага, тэнд ажиллаж байгаа өнөөгийн намын ажилтнууд мартаж болохгүй.

Би өөрийн төрөлх нутаг Өвөрхангай аймагтаа ажиллаж амьдарсан хүн. Улсын хэмжээний тоо баримтыг мэдэхгүй. Тэгэхдээ нийгмийн үйл явц зөвхөн засаг захиргааны шинжтэй гэж бодохгүй байна. Өвөрхангай аймгийнхаа жишээн дээр намын ажилтнууд яаж хэлмэгдсэн тухай хэдхэн баримт дурдмаар байна. Манай аймгийн харьяат П.Чулуун, Н.Чимэддорж, Д.Сайдаа нарын зэрэг, тухайн үеийн ЗХУ-д суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн, ид хийж бүтээх насан дээрээ явсан манай намын гишүүд Архангай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн намын байгууллагын удирдлагад ажиллаж байгаад ажлын байргүй болж, цас мөсний хайруу цагаар нутаг усаа тэмцэн ирж байлаа. Өвөрхангайчууд эх нутаг усаа тэмцэн ирсэн тэднийгээ ажлын байраар хангах гэж өөртөө байгаа боломжийг ашигласан ч эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан албатай нь тэнцэхүйц ажил олгож чадаагүй.

Тэр үед Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын Хороог удирдаж байсан хөдөө аж ахуйн ухааны доктор Ж.Ухнаа, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Б.Пүрэв, авьяаслаг инженер В.Батнасан, намын хорооны хэлтэс тасгийн дарга байсан Ё.Довчин, Б.Рэнцэнбадам, Г.Чулуунбат, З.Дашзэвэг нарын зэрэг дөч гаруй намын ажилтан, сум, үйлдвэр аж ахуйн газрын намын анхан шатны байгууллагын даргаар ажиллаж байсан зуу шахам ажилтан ажлын байр, цалин орлогогүй болсон.

Монгол оронд өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгалаар үйлдвэр аж ахуйн газрыг толгойлж байсан хүмүүс баялгийн эзэн болж, ачааны хүндийг үүрч байсан намын ажилтнууд бичгийн савнаасаа өөр хөрөнгөгүй үлдсэн гэж дүгнэхэд хэтрүүлэг болохгүй гэж бодож байна.

Тэр цаг үеийн нийгмийн сэтгэл зүй, намын ажилтнуудын эрдэм мэдлэг, ажлын арга туршлагыг ашиглах боломж бараг байгаагүй дээ. Монгол Ардын Намын төв байгууллагын удирдлагад ажиллаж байсан хүмүүст “тойрон хүрээлэгч” гэсэн нэр хоч зүүж, эрүүгийн хэрэг үүсгэснээс шалтгаалж орон нутгийн намын ажилтнуудтай хамтран ажиллахаас олон нийт зайлсхийж байсан. Нөгөө талаар өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар үйлдвэр аж ахуйн газар, мал сүрэг хувьчлагдаж, олонх үйлдвэр аж ахуйн газар хаалгаа барьсан байлаа. Түм түжигнэж, бум бужигнасан аварга бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд ажиллаж байсан хүмүүс, ажлын байргүй болж арга буюу амьдрахын эрхэнд ихэнх нь ганзагын наймаанд гарсан.

Монгол Ардын Намын яруу алдарт 100 жилийн ойгоо бидэнтэй угтаж чадаагүй тэдний маань олонх цагаасаа өмнө бурхны оронд явсан. Хоёр гурван дээд сургууль дүүргэсэн өндөр мэргэжил, боловсрол, 20-30 жил ажилласан дадлага туршлагыг нь үл тоосон нийгмийн гадуурхал, эдийн засгийн хямралаас болж тэд маань сэтгэл санааны дарамтад орж, өвчин эмгэгт эрт өртсөн байх гэсэн харамсал сэтгэлд хургаж байх юм.

Тэр үеийн аймаг орныхоо удирдах байгууллагад ажиллаж байсан бидэнд хээл хахууль өгөх, авах, архидан согтуурч, алба ажил тасалсан, ажлын хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргасан хүн байгаагүй тул “Олон жил ажилласан” гэсэн ганц өгүүлбэрээр буруутгаж байлаа.

Өвөрхангай аймагт шинээр байгуулагдсан Монголын ардчилсан холбооны салбар зөвлөл, Социал Демократ намын шаардлагаар аймгийн Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны удирдах багийн гишүүд болох Г.Наваантуяа, Л.Төмөрбаатар, Ш.Гүндалай, П.Адьяасүрэн миний бие, 1990 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр албан тушаалаасаа огцорсон. Биднийг ажлаа өгөхөд зорилгоо биелүүлсэн цөөн хэдэн хүн хөөрөн баярласан ч олон хүн харамслаа илэрхийлж байсан юм шүү. Тэр үеийн өдөр тутмын нэг сонины шарласан хуудас миний өмнө байна. МАН-ын ахмад гишүүн Д.Жадамба “Аймгийн нам, ардын хурлын удирдах бүрэлдэхүүнээс олон хүнийг ажлаас халлаа. Тэднийг ажлаас халсан шалтгаан нь нам, төрийн байгууллагад олон жил ажилласан учраас гэжээ. Энэ үгнээс тэдний ажил албанаасаа халагдах шалтгаанд хариулт гарахгүй байна. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны жавраар амьжиргаанаасаа хагацна гэдэг хүнд асуудал. Огцрогчдын ард хань ижил, үр хүүхэд, өвгөд хөгшид нь байгаа. Энэ бүгдийг эргэцүүлэхэд өнөө хүнлэг энэрэнгүй ёс юу болж байна. Сэхээтний шинэ хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм биш үү. 1990,1991 оны шинэ хэлмэгдүүлэлт гэж хожим түүхэнд гарах байхаа” гэж бичиж үлдээсэн байна.

Тэр цаг үед түүхийн амьд гэрч болох хувь хүмүүс ийнхүү бичиглэж үлдээснийг өнөө цагийн хүмүүст эргэн сануулахдаа намын ахмадууд бид өөртөө ашиг хонжоо, алдар нэр нэхэх гээгүй. Төрийн эрхийг барьж байгаа манай намын ялалт амжилт, ямар их үнээр олдсоныг залуу үе маань ойлгож ухаараасай гэж сануулж байгаа хэрэг.

Төрийн албанаас “төрхөмдөө буцсан” бид, орь залуу наснаасаа ажлыг хар бор, хүнд хөнгөн гэж голж шилж байгаагүй тэр л зангаараа өөр өөрийн мэргэжлийнхээ ажилд ханцуй шамлан орсон. Төрөлх нутаг, түмэн олныхоо төлөө харилцан зөвшилцөж, хамтран ажиллах сэтгэлгүй, ардчилагч гэж өөрсдийгөө нэрлэсэн тэдний бусармаг занг ухаарч ажиллах чадварыг өөрийн намын залуу үедээ эзэмшүүлэх асуудалд Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын ахмадууд бид онцгой анхаарал тавьснаар орчин цагийн өндөр боловсрол эзэмшсэн олон залуу намд элссэн. Тэр үеийн залуус өнөөдөр өсөж өндийж, улс орны төрийн бодлогыг тодорхойлох түвшинд хүрснийг хараад ахмадууд бид омогшиж суудаг.

Монгол Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Өвөрхангай аймгаа одоо удирдаж байгаа А.Ишдорж, О.Пүрэвдорж, И.Доржсүрэн, С.Ундрах гээд олон залуу Монгол Ардын Намын ялалт амжилтын түүчээ болсноор Өвөрхангай аймаг улиран өнгөрсөн он жилүүдэд орон нутгийн сонгуульд байнга ялж байна.

Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх 2020 оны хавар Өвөрхангай аймагт ажиллахдаа, “Өвөрхангайчууд та нар шиг намын боловсон хүчнээ бэлтгэж чадсан аймаг байхгүй” гэж дүгнэж байсан.

Намын ахмад гишүүн би энэ бүхнийг бичиглэж байгаа нь “Бид хэлмэгдсэн, төр төлөөс төл” гэж хэлэх гэсэнгүй. Бидний үеийнхэн төрөөс бэлэн юм нэхэж байгаагүй. Одоо ч тэр зангаараа өтөлж байна. Харин залуу халуун насандаа нам ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр намдаа зүтгэж явсан ахмад ажилтнуудынхаа амьдрал тэмцэл алдаа оноог нэгтгэн дүгнэж, намынхаа түүхийн хуудсанд бичиглэж үлдээх, ажиллаж байсан үүр хороод нь амьд сэрүүн хэсэгт нь хүндэтгэл үзүүлж байх ёстой гэж бодож, өвөрхангайчууд бид багагүй ажил өрнүүлж байна.

Монгол Ардын Намын 90, 100 жилийн ой, Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын 80, 90 жилийн ойд зориулж, аймгийн намын ахмадын холбооны тэргүүн Л.Төмөрбаатарын санаачилга, намын үе үеийн дарга Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нарын дэмжлэгээр “Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын байгууллагын түүхэн өгүүлэл”, “Намаа дээдэлсэн итгэл сэтгэл” номуудыг миний бие бэлтгэж хэвлүүлсэн. Намынхаа ахмад ажилтнуудын амьдрал тэмцлийн түүхийн нэгээхэн хэсгийг ч атугай мөнхлөх гэж энэ ажлыг хийснийг намын ахмад ажилтнууд, тэдний үр хүүхдүүд талархлын халуун дулаан үгээр мялаасан.

Аймгийн Монгол Ардын намын хороо сүүлийн арван жилд намынхаа байгууллагад үр бүтээлтэй ажиллаж амьдарч байсан олон ажилтны хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, дуртгалыг нь “Намаа дээдэлсэн итгэл сэтгэл” номдоо хэвлүүлсэн.

Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол байгууллагын гэхээсээ илүү улс орны, улс гэрээ гэсэн хүний амьдрал тэмцлийн түүх учир нийгмийг хамарсан нэг ч асуудлыг орхигдуулахгүй бичиглэх учиртай.

П.АДЬЯАСҮРЭН

/Намын ахмад ажилтан, Өвөрхангай аймаг/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here