Эхлэл НИЙГЭМ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болжээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болжээ

169
0

Г.ХАНГАРДИ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн удирдлагууд болон иргэд, олон нийтээс санал авч дуусчээ. Одоо уг саналуудыг нэгтгэн, Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулж буй хуулийн төсөл юм. 27 жилд ганц л өөрчлөлт оруулжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол нийслэлчүүдийн хувьд Үндсэн хууль гэсэн үг. Уг хуулийг 1994 онд анх баталснаас хойш нэг удаа л өөрчлөлт оруулсан байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд ганцхан удаа “гар хүрсэн” энэ хуулийг цаг үеийн онцлог, хууль, эрх зүйн шинэ орчинд нийцүүлэх шаардлага бий болсон нь ойлгомжтой. Тиймээс ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын “Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт” гэсэн хэсэгт “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна” гэж тодорхой зааж өгчээ. Үүний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар л Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн юм биш. Өмнө нь тодорхой түвшинд яригдаж байжээ. Тухайлбал, 2017 онд УИХ-ын тогтоолоор баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд “Хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, төвлөрлийг сааруулах чиглэлээр холбогдох зохицуулалтыг нэмж тусгах, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлах” гэж тусгаж байсан аж. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.1.21-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно”, 2.86-д “Улаанбаатар хотыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэсэн заалтууд мөн тусаж, үүний дагуу судалгаа, бэлтгэл ажлуудыг хийжээ. Түүнээс бүр өмнө УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулж нийслэлийн дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх” зорилт туссан нь дээрх хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болсон юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 380 гаруй жилийн түүхтэй. Гурван жилийн өмнө тэгш ойгоо тэмдэглэсэн. УИХ анх 1994 оны долоодугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргаж байжээ. Энэ хуулиар өнөөдөр бидний мэдэх нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хийгээд бусад бүхий л салбарын эрх зүйн орчин нь бүрдсэн юм. Өнөөгийн байдлаар нийслэл, түүний удирдлагын чиг үүргийг тогтоосон 130 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж. Үүнээс өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулсан 20 гаруй хууль байдаг. Хууль анх батлагдсан 1994 онтой өнөөг харьцуулах аргагүй. Тухайн үед буюу 1995 онд нийслэл есөн дүүрэг, 117 хороотой байсан бол 2020 онд хорооны тоо 173 болж, 609.9 мянган хүн амтай байсан Улаанбаатар хот өдгөө нэг сая 444 мянга гаруй хүн амтай болж бүх талаар өргөжиж, хөгжсөн байна. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь нийслэлд амьдарч байна. Түр оршин суугчидтайгаа нийлээд Улаанбаатарын хүн ам 1.5 саяд хүрнэ. Зөвхөн хүн амын тоо, өсөлтийг ярихад л ийм. Мөн нийслэлд өнөөгийн байдлаар нийт 126421 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 74.3 хувь юм байна. Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 онд 21.4 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний ДНБ-ий 66.25 хувьтай тэнцэж байна. Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдаж, нөгөө талаас хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцаа үүсэж, эрх зүйн хийдлийг бий болгож байгааг хууль санаачлагчид онцолж байгаа юм. Нийгмийн харилцааг зохицуулах аливаа хууль тогтомжийг өөрчлөн, шинэчлэх шаардлага угаасаа ийм нөхцөл, шалтгаанаар үүсдэг.

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТУУД

Багадаж, хуучирсан хувцсаа нөхөж, зүйж томсгох эсвэл шинийг худалдан авах гэсэн хоёрхон сонголт байдаг. Түүн шиг хаяа тэлж өргөжиж, бүл нэмж өнөржсөн их хот, нийслэлийн хувьд Үндсэн хууль мэт амин чухал бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулж ирсэн суурь хууль буюу “хуучин дээл”-дээ гар хүрэхээс өөр аргагүй болсон үндэслэлүүдийг дээр дурдлаа. Тэгвэл энэхүү хуулийг шинэчлэн найруулснаар ямар ахиц дэвшил гарах вэ. Хуулийн хэллэгээр бол тухайн хуулийн 60-аас дээш хувийг нь өөрчлөх тохиолдолд шинэчилсэн найруулга гэж нэрлэдэг.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар гарна гэж хууль санаачлагчид тооцоолжээ. Үүнд, нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, нийслэлийн төсвийг иргэдийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах, нийгэм, эдийн засгийн тулгамдаж байгаа асуудлыг эдийн засгийн аргаар буюу албан татвар, төлбөр тогтоох, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх замаар шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлж, ингэснээр улс, эх орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн албан татвар, төлбөрийн төрөл, хэмжээг хэрхэн тогтоох, хөнгөлөх, чөлөөлөх нөхцөл бүрдэх юм байна. Нийслэлийн төсвийн орлогыг зөвхөн хуульд заасан нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх, үйл ажиллагааг төрөөс татварын бодлогоор зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Нийслэл нь өөрийн өмчид үндэслэн стратегийн ач холбогдолтой хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд үнэт цаас гаргах эрх зүйн орчин бүрдэнэ гэх мэт олон эерэг өөрчлөлт бий болно.

Нийслэл хот дүрэмтэй болж иргэддээ чиглэсэн, нийтийн эрх ашигт нийцсэн, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай оршин суух орчныг бүрдүүлэх илүү өргөн боломжууд нээгдэж, хууль тогтоомжоор зохицуулагдаагүй асуудлууд иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх ажээ. Нийслэлийн оршин суугч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг тодорхой болж нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоо нэмэгдэх, нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үүнийг жаахан дэлгэрүүлж хэлбэл, нийслэлийн оршин суугч нь орчноо тохижуулах, хотынхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх болно. Эрүүл аюулгүй орчин, дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдана. Иргэд зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бүсэд суурьшин амьдрах, орчноо тохижуулах, хуульд заасан төлбөр, хураамж төлөх зэрэг үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлан биелүүлэх ёстой гэдгийг энэ хуулийн үзэл баримтлалд тусгажээ.

Манай улсын нийт хүн амын тал хувь нь оршин сууж, үндэсний ДНБ-ий 66.2 хувийг үйлдвэрлэж буй нийслэл бусад засаг захиргааны нэгжээс бүтэц, тогтолцоо, чиг үүрэг, хариуцлага, ажлын ачааллын хувьд ялгаатай болохыг хуульчлан тогтоосноор чиг үүргийн давхардал, хийдэл арилах юм байна. Тодруулбал, нийслэл, дүүрэг, хорооны эрх зүйн байдал тодорхой болно. Дүүргүүд хөгжлийнхөө явцад дагуул хотын статустай болох боломж, нөхцөлийг бүрдүүлж өгөх гэж буй нь энэ хуулийн нэг шинэлэг тал. Мөн хороо төсөвтэй болно гэдэг шинэ зохицуулалт бий аж.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, САНАЛ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. ЗГХЭГ-аас байгуулсан Ажлын хэсгийн ахлагчаар тус газрын дэд дарга Л.Бямбасүрэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан нийслэлийн Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Р.Дагва ажиллаж байгаа. Энэ оны гуравдугаар сард ИТХ-ын ээлжит V хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.

Хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хот хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн нийслэлийн тусгай, нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна. Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл хөрөнгөдөө үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох хуульд нийцүүлжээ. Одоогийн хуулиар нийслэлийн дагуул хот, хаяа тосгоны харилцааг нарийн зохицуулаагүй аж. Иймд шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгажээ. Энэ хуулийн төслөөр Улаанбаатар хотын Захирагч нь Ерөнхий менежерийг томилох, зарим бүрэн эрхээ шилжүүлэх боломж олгож байгаа юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол дөрөвдүгээр бүлэгт Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зарим бүрэн эрхээ хотын Ерөнхий менежерт шилжүүлэх боломжийг бий болгосон аж. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт нийслэлийн тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад дотоод хөрөнгийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх талаар тодорхой заалтууд оруулж өгчээ. Мөн концесс, нийслэлийн сан, чөлөөт бүсийг уг хуулиар зохицуулах аж.

Нийслэл ямар чиг үүрэгтэй байх, эдийн засгийн болон бусад этгээдтэй ямар харилцаанд орох, дагуул хот, хаяа тосгоноо яаж хөгжүүлэх зэрэг гол харилцаануудыг энэ хуулийн шинэчилсэн найруулгад нарийвчилжээ. Иргэн, аж ахуй нэгжийг хөгжих, эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг илүү нээлттэй болгоход хуулийн зорилго чиглэж буйг Нийслэлийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр онцолж байв.

ДАГУУЛ ХОТУУД ӨӨРИЙН ДҮРЭМТЭЙ БАЙНА

Хуулийн төсөлд дагуул хот, хаяа тосгоны эрх зүйн байдал, хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ. Нийслэлийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр хэлэлцүүлгийн үеэр энэ талаарх ИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зохицуулалт оруулсан. Дагуул хотыг дүүргийн нутаг дэвсгэрт байгуулж болно. Дагуул хот нь дүрэмтэй, хуулиар зохицуулснаас бусад харилцааг тухайн дүрмээрээ зохицуулдаг байхаар тусгасан” гэдгийг онцолж байв.

Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүй “Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд дагуул хотын асуудлаар их ханддаг. Алслагдсан болон төвийн дүүргүүдэд хөрөнгө оруулалтын ялгаа гарч, алслагдсан дүүргүүд хотын хөгжлийн бодлогын гадна үлдэх ёсгүйг нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид уламжилж, анхаардаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх ажил эхэлж байгаа. Дагуул хотын эрх, чиг үүрэг зэрэг асуудлыг тус хуулиар зохицуулах учиртай” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

ХОТОД МӨРДӨХ СТАНДАРТЫГ ХУУЛЬД ТУСГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖЭЭ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг есөн дүүрэгт хэлэлцүүлж, иргэдээс цахимаар санал авсан. Дүүргүүдийн удирдлага болон иргэдийн гаргасан санал, хуулийн төслийн онцлох заалтуудаас тоймлоё.

Иргэд, олон нийтээс орчны тохижилт, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог тодорхойлох, сургууль, цэцэрлэг барихдаа тухайн хорооны иргэдтэй зөвшилцдөг байх, хороог бие даан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хотын стандартыг хуульд тусгахыг санал болгожээ. Мөн дүүрэг, хорооны статусыг аймаг, сум, багийн статусаас салгах, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгах, нийслэлийн удирдлага дүүргийн эрх ашигтай холбогдох шийдвэр гаргахдаа дүүргийн удирдлагаас гадна ИТХ-ын төлөөлөгчдөөс санал авдаг болох, нийслэлийн чөлөөт бүс ямар онцлогтой байхыг нарийвчлан заах, нийслэлийн иргэний эрх, үүргийг тодорхой тусгах зэрэг олон арван санал гарсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here