Эхлэл Мэдээ Хатуу хөл хориог арав хоногоор сунгаж, төрийн захиргааны байгууллагуудад тэг зогсолт хийлээ

Хатуу хөл хориог арав хоногоор сунгаж, төрийн захиргааны байгууллагуудад тэг зогсолт хийлээ

138
0

М.ӨНӨРЖАРГАЛ

УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хөл хориог арав хоногоор сунгасан. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 15 байгууллагад дахин хязгаарлалт тогтоохоор болсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр мэдээллээ. Замын хөдөлгөөний зохицуулалтын түр журмыг тус яамнаас боловсруулсан бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл өгсөн гэдгийг салбарын сайд мэдээллийн эхэнд онцлов. Түүний хэлснээр үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 салбарт харьяалагдах ажилчдын 10 хүртэлх хувь нь ажиллах бөгөөд QR код олгоно. QR кодоор хөдөлгөөнд оролцогчид цагийн хуваарьтай зорчих бөгөөд ажлын үнэмлэхийн хамт хүчинтэй. Ажиллах шаардлагатай байгууллагуудад өмнө нь системд цуглуулсан тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгох бөгөөд эдгээр байгууллага автомашиныхаа дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц шинэ QR код олгоно гэдгийг хэллээ. Өмнө нь тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөл авсан бол smartcar.mn хуудсаар орж улсын дугаараа оруулан QR кодоо шинээр хэвлэн авах боломжтой. Харин QR код бүхий зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж байгууллагууд QR@gov.mn хаягаар хүсэлтээ илгээх бөгөөд хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, албан хаагчдын регистрийн дугаар шаардах юм байна. Харин яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үед бүх хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдээс ирж байгаа дуудлага мэдээлэлд түргэн шуурхай үйлчилнэ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 41500 орчим тээврийн хэрэгсэлд QR код олгох тооцооллыг хийжээ. Өмнөхөөс ялгаатай нь цагийн хязгаартай байх бөгөөд эм, эмнэлгийн байгууллага болон хүнсний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт оруулаагүй байна. QR код авсан тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо өглөө 07.00-09.00, орой 17.00-20.00 цагийн хооронд зорчих бөгөөд нийтийн тээвэр ч мөн дээрх цагийн хуваарийг мөрдөх ажээ. Ийнхүү хөл хориог чангаруулахаар болсон нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байсан бөгөөд өдөрт 10 мянган машин замын хөдөлгөөнд оролцсон нь хөл хориог үр дүнгүй болгох сөрөг үр дагавартай байсан учраас ийнхүү дахин хязгаарлалт хийх шаардлага үүссэн гэлээ.

Коронавирусийн тархалтыг хумих, вакцинжуулалтыг үр дүнтэй болгохын тулд энэ удаад төрийн захиргааны байгууллагуудад тэг зогсолт хийхээр болсон байна. Харин зайлшгүй ажиллах шаардлагатай ажилчид хөдөлгөөнд оролцох бол заавал салбарын сайд болон нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор зорчихоор зохицуулжээ.

Л.БАТТӨР: ТУРК УЛСААС ИРСЭН ГУРАВ, ДОТООДЫН ХОЁР ИРГЭНЭЭС МУТАЦИЛАГДСАН ВИРУС ИЛЭРСЭН

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Коронавирусийн халдварын тархалт манай улсад огцом нэмэгдэж, өдөр алгасахгүй нас баралт бүртгэгдэх болсон учраас Засгийн газраас энэ сарын 11-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоон, улсын хэмжээнд улаан түвшинд шилжсэн юм. Энэ хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд нас баралтын тоо нэмэгдсэн төдийгүй манай улсад мутацилагдсан вирусийн таван тохиолдол бүртгэгдсэн учраас УОК-оос гаргасан саналын дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ийнхүү арав гаруй хоногоор сунгахаар шийдвэрлэв. Дээрх шийдвэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан нар нэмэлт мэдээллийг өгсөн юм. Шадар сайд С.Амарсайхан хөл хориог сунгах хэд хэдэн шалтгаан үүссэнийг мэдээлсэн. Түүний хэлснээр коронавирусийн мутацид орсон хувилбар Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн урьдчилсан шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт тархалтын хурд нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндрэх, эрчимт эмчилгээний ор дүүрэх, нас баралтын тоо өсөхөд нөлөөлж байна гэж албаныхан дүгнэжээ. Ийнхүү хөл хориог сунгасантай холбоотойгоор улсын хэмжээнд вакцинжуулалтыг эрчимжүүлснээр бямба гарагаас эхлэн 120 цэгээр вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийж эхэллээ. Ингэснээр нэг өдөрт 40 гаруй мянган иргэн хоёр дахь тун болон эхний тунгаа хийлгэжээ. Энэ тухайд тэрбээр “Төлөвлөгөөний дагуу вакцины татан авалтыг хийж байгаа ч вакцины гэрээ хэлэлцээр амаргүй нөхцөлд явж байгааг хэлье. Гэхдээ эхнээсээ ирж, хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд тавдугаар сарын 5-наас өмнө эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунг хийж дуусгана. Тавдугаар сарын 8 гэхэд Улаанбаатар хотын зорилтот бүлгийн бүх иргэнд нэг тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн. Үүнээс гадна хилийн бүс орчмын нутгуудад вакцинжуулалтыг идэвхтэй хийж байна. Ингэснээр ирэх зургаадугаар сарын 1 гэхэд вакцинжуулалтын ажлыг орон нутагт дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Манай улсад мутацид орсон вирусээр өвдсөн таван тохиолдол бүртгэгдсэн нь хөл хориог сунгах үндсэн шалтгаан болсон гэдгийг албаныхан хэлсэн. Тиймээс тархалтын тоог бууруулах нь хөл хорионы хугацаанд хийх үндсэн зорилго байх болно гэдгийг албаныхан онцолж байна. Энэ тухайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Мутацилагдсан хувилбарыг олон улсын “Whole genome sequencing” аргаар тодорхойлж зарлах ёстой байдаг. Манай улсын гурван вируслогч эмч Япон улсад 20 орчим сорьцод судалгаа хийж байна. Тэдний хийсэн судалгаагаар мутацилагдсан хувилбар илрээгүй. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс PСR-д суурилсан мутацилагдсан хэлбэрийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Энэ нь “Whole genome sequencing”-ийн аргатай харьцуулахад төдийлөн сайн байж чадахгүй ч урьдчилсан байдлаар тохиолдлын тоо буурахгүй, нас баралт нэмэгдээд байгаад анализ хийх үүднээс энэ шинжилгээг хийж үзсэн. Энэ шинжилгээнд 33 сорьцыг хамруулсан. Ингэхэд Турк улсаас ирсэн гурван иргэнд UK вариант буюу Их Британийн хувилбарын мутаци илэрсэн. Эдгээр иргэн нь Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа бөгөөд ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүний сорьцод UK вариант илэрсэн. Гэхдээ үүнийг хүн амын дунд өргөн тархсан гэж дүгнэхэд эрт байна. Манай мэргэжилтнүүд “Whole genome sequencing” аргаар судалгаа хийж, эцсийн баталгаатай дүгнэлтийг хийнэ. Өнөөдрийн хувьд манай улсад нас баралт өндөр, тархалт эрчтэй нэмэгдэж байгаа учраас урьдчилсан байдлаар UK вариант орж ирсэн гэж үзэж байгаа юм. Энэ вариантаар өвчилбөл хүндрэх, нас барах эрсдэл өндөр болдог ч баримтлах зарчим, дэглэм, эмчилгээ яг адилхан. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баривал ямар вариантаас өөрсдийгөө бүрэн сэргийлж чадна гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Одоогоор тус вариант нь вакцины үйлчлэлд нөлөөлөх судалгаа гараагүй байна” гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцин хийлгэсэн гурван иргэн нас барсныг хэлээд гэр бүлд нь эмгэнэл илэрхийллээ. Нас барсан хүмүүс вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор нас барсан ажээ. Нас барсан тохиолдлуудын дийлэнх нь даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэрэг хавсарсан, суурь өвчтэй хүмүүс байсан учраас бид үүн дээр тогтмол судалгаа хийгээд явж байгаа. Хөл хорионы үед халдварын тархалтын эрчмийг бууруулах нь бидний гол зорилго гэдгийг салбарын сайд онцлоод “Сүүлийн нэг сар гаруй хугацаанд халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндэрч, ялангуяа эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн эмчилгээ рүү шилжих өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Улмаар нас баралт огцом нэмэгдсэн. Эдгээр нь хөл хориог цааш сунгах шалтгаан боллоо. Коронавирусийн халдвар авсан 65-аас дээш насны өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны иргэдийн дунд өвчлөл хүндрэх, богино хугацаанд эрчимт эмчилгээний тасагт шилжих тохиолдол нэмэгдсэн. Түүнчлэн халдварын тархалт ийм эрчимтэй байгаа үед вакцинжуулалтын дархлаа тогтоох байдал буурах эрсдэлтэй. Хөл хорио тогтоож, халдварын эрчмийг бууруулж байж дархлаажуулалтын ажлын үр дүн гарна. Манай эрдэмтдийн баг болон ХӨСҮТ, ЭМЯ-нд судлаачдын баг тандалтын ажил хийж байна. Хөл хорио тогтоосон 14 хоногт халдварын эрчим буурсан гэж судлаачид дүгнэсэн. Гэвч өдөрт мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байгаагийн шалтгаан нь ойрын хавьтал дундаас илэрч байна. Хөл хорио үр дүнтэй. Хөл хорио тогтоосноор албан газар, олон нийтийн хөдөлгөөн хязгаарлагдсан. Өмнө нь манай судлаачид халдварын тохиолдлын тоо өдөрт 3000 давна гэх математик тооцоолол хийж байсан. Үүнийг дагаад нас баралт нэмэгдэнэ. Сүүлийн өдрүүдэд ч нас баралт нэлээд гарлаа. Жишээ нь, Энэтхэг улсад энэтхэгийн мутацийн хэлбэр гарсан. Үүнтэй адил манай улсад вирусийн хувирал явагдахыг үгүйсгэхгүй. Энэ бол маш өндөр магадлалтай. Аливаа вирус удаан хугацаанд үргэлжлэхэд хувиралд ордог” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here