Эхлэл ЗАХИДАЛ Ховорхон зочин тавтай морилно уу

Ховорхон зочин тавтай морилно уу

130
0

Охины хүслэн болсон айлд олон агааг дагаж ирсэн отгон дүү бяцхан охин саяхан нэгэн насны ойтойгоо золгов.

Бүтэн жарны тэртээд буриад бүсгүйд сэтгэл алдарч амьдрал зохиож Босоо овогтны цус сэлбэсэн анхны буруутан гэвэл буруутан, гавьяатан гэвэл тэр гавьяаг үүрэх учиртай буурал авга нь өнөөдрийн ураг өргөжиж удам цэцэглэж байгаа баярыг хуваалцаж цахим ертөнцөөр мэндчилж байгаагаа энэхэн зуур хорвоод мэндэлсний нэгэн насны гэгээн ойтойгоо золгож байгаа бяцхан хөөрхөн зээ дүү Босоо овогт Бямбадоржийн Жаргалмаад болон энэхүү баярыг хуваалцаж суугаа хувьтай дүү нар, худ ургийн өргөн төлөөлөл эрхэм та бүхэндээ уламжилж байгааг минь хүлээн авч болгоон соёрхоно уу. Намайг тоож жаргал хайрласан ханийн минь тээж төрүүлсэн хэдэн хүүхэд өсөж өргөжиж эдүгээ мөн жар гаруй ам бүл дэлхийн гурван тивд хориод өрх айл бусдын жишигтэй аж төрж суугааг дурсахад анхдагч миний сонголт мэргэн биш юмаа гэхэд эндүү хазгай байгаагүйг нотлох буй заа.

Буриад зон даагаа нэхэх гэсэн үү яасан юм бэ, төдхөн ганц эмэгтэй дүүгийн минь төрүүлсэн ууган охиныг ургах наран зүг урьж даллаад аваачсан чинь урьдчилгаа дүн дорхноо тодорч Уянгаа гээд урт хөлтэй уралдаж гүйхдээ урдаа хүн оруулдаггүй, хөдөлмөрт зүтгэхдээ хүний хойно ордоггүй нэг сүрхий охин хүрч ирэхдээ өндөр гэж жигтэйхэн, өлийж харахаас наашгүй бас нэг дүү дагуулаад ирсэн байдаг. Дуурайл, удамшлын алийг бүү мэд, Дорждэрэмийн минь дунд хүү бидний мэдэх Гэдээн бөөвөө хэмээгдэх Д.Шижирбаяр гэнэт гарч явсаар бас л буриад бүсгүй дагуулаад орж ирсэн нь одоо Галшар сумын төвд гадаа гарвал мал малладаг гэрт орвол алба түшсэн ажил амьдрал тэгш аятайхан айл хэдэн сайхан хүүхэдтэй өнөр өтгөн аж төрж суугааг дуулгахад бас л таатай.

Үлгэр ингээд төгссөнгүй, үргэлжлэлийг нь өнөөдөр та бүхэн тэмдэглэж байгааг дурдахад бүр ч гайхалтай! Хянамгай ч гэдэг юмуу хэнэггүй нь ч хэтэрсэн үү, Жадамбаагийн маань отгон хүү Доржоо хэмээх хөвгүүн хань бүлтэй болооч оройтлоо гэж хавь ойрынхонд хэлүүлж чичлүүлээд ч хэлгүй дүлий мэт таг чимээгүй явсаар нэгэн өдөр гэнэт нэгийг хөтөлж нөгөөг тэвэрсээр хоёрын хоёр хүнээр Босоогийнхны ам бүлийг нэмсэн нь манай омгийнхонд барьсан үнэхээр гэнэтийн бэлэг байлаа. Босоо овогтны гурав дахь буриад бэр буух нь тэр. Буурал өвгөн авга нь баярт мэдээ сонсохдоо бусдаас дутуугүй хөөрч босож харайн дэвхрэхдээ уярсан сэтгэлийн гэрч улцан нүдээрээ ус гүйлгэнүүлж ойрд амсаагүй охь идээг буурал дүүтэйгээ хувааж хүртсэн маань саяхан сан. Хотлыг хөл хорьсон хорио цээр үгүйсэн бол хорчгор өвгөн авга нь өнөөдөр юу гэж энд гэртээ хоргодож суухав дээ, Багануур гэвч их нуур болж яваа танай цэмцгэр хотод оччихсон нялх балчирхан дүүгээ тэвэрч таалан баясаж найрсаг олны дүйвээнд наргиан хачир нэмж суухсан биз ээ. Гэхдээ харамсахгүй ээ, цагийн өнгө цахим техникийн буянаар авга нь одоо наана чинь та нартайгаа хамт байгаа шүү.

Сайхан байна аа, сайхан! Хан тэнгэр бурхан сахиус, төр засаг гээд хамгийг захирагч бүхэн маань Халх, Буриад хамаг олон, зөв санаж зорьж зүтгэж байгаа бүхнийгээ харж үзэхийн дээдээр үздэг л юм байна шүү, хүүхдүүд ээ! Энэ их ивээл зохицлын залгамж халаа болсон хайрт дүү нар минь эрүүл энх байж энхрий бяцхан үрээ эндэлгүй сайхан өсгөж өндийлгөж, өөр цаашаа өнөр өтгөн болж олны дунд од болон гялалзаж, бусдын дунд бурхан шиг шүтүүлж Босоо овогтны удмыг хийморь золбоотой залгажлахын өлзийт ерөөл өргөн дэвшүүлье! Босоо овогтны өнөөдрийн зочин маргаашийн манлай бяцхан дүү минь эрүүл энх цовоо сэргээн өсч эрдэм номд шамдаж ээж аав эмээ өвөөгөө баярлуулж Эх орныхоо эрхэм түшиг болж яваарай! Бүгдэд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!

Босоо овогт Л.ГҮНСЭН

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here