Эхлэл Баримт, тайлбар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

176
0

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүмүүс өнгөрсөн долоо хоногт тодров. Хуулийн дагуу УИХд суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Энэ дагуу МАН, АН, ХҮН гэсэн гурван нам дотоод сунгаа явуулж, эцсийн мөчид удирдах дээд байгууллагаа хуралдуулан шийдвэрээ гаргаад байна. Гурван намаас нийт дөрвөн нэр дэвшигч тодорсон. Учир нь, АНаас хоёр нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа юм. Тус намын дотоод зөрчлөөс үүссэн энэ ээдрээтэй нөхцөл, байдлыг өөрсдөө дотооддоо харилцан ойлголцож, буулт хийх замаар тохиролцоонд хүрч эс чадваас эцсийн шатанд УДШ эсвэл СЕХ шийдэж, хайныг нь хагалахаас өөр аргагүй болоод буй. Уг УДШ АНын хоёр тусдаа дарга, харилцан хүлээн зөвшөөрөлгүй маргалдаж буй дүрмийн нэмэлт, өөрчлөлт зэргийг дотоод асуудал гэж үзэн өөрсдөө шийд хэмээн буцаасан. Гэвч АН дотооддоо эвлэрэл, ойлголцолд хүрч чадалгүй хоёр нэр дэвшигч тодруулчихаад нэг тал нь нөгөө талын нэр дэвшигчээ бүртгүүлэх ёсгүй, мөрийн хөтөлбөрт нь дүгнэлт хийхгүй байх ёстой гэж төрийн аудитын байгууллагад шахалт шаардлага хүргүүлсэн нь гэрийн хэрүүлээ төрийн хэмжээнд аваачсан арчаагүй, увайгүй явдал юм.

УИХ-д суудалтай нам, эвслээс хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан Монгол Улсын уугуул иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж заасан тул намууд үүний дагуу нэр дэвшигчдээ шигшиж, шүүн тунгааж гаргаж ирсэн нь тодорхой. Мөн мөрийн хөтөлбөрүүд нь ч зохих хууль, тогтоомжуудад нийцсэн байх ёстой. Үүнийг төрийн аудитын байгууллага хянаад эхэлсэн. Аудитын байгууллага дүгнэлтээ маргааш буюу тавдугаар сарын 6-наас өмнө гаргах хуулийн зохицуулалттай.

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт нь аудитын байгууллага дүгнэлт гаргадаг бол хувь хүнийх нь зүгээс хэн нь хэн бэ гэдэгт олон нийт дүгнэлт гаргадаг. Олон нийтийн энэ дүгнэлт бол хамгийн чухал бөгөөд гол үнэлгээ, үнэлэмж байдаг гэхэд болно. Угаасаа эцсийн сонголтыг ард түмэн хийх учир төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн нийгэмд хийж бүтээсэн зүйл, туулж ирсэн намтар, замнал, бүрдүүлсэн дүр төрх нь бүхнийг тодорхойлно. Аливаа сонгууль, тэр тусмаа төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд сурталчилгаа хийж таниулаад байх шаардлагагүй, ганцхан сарын дотор хувирч өөрчлөгдөх аргагүй тийм хүчирхэг дүр төрхийг бүрдүүлсэн, манлайлагчид байдаг.

Энэ өнцгөөс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа улстөрчдийг сонжих юм бол тэнгийн ачаа, жингийн туухай хаашаа илүү хазайх нь бараг л тодорхой болчихоод байна.

Парламентад суудалтай хамгийн “залуу” улстөрийн хүчин ХҮН-аас эхлэн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг товч тодруулъя. ХҮН намаас “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Түүний хувьд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Эдүгээгээс яг 10 жилийн өмнө өөрийн толгойлж байсан Ногоон намыг ИЗН-тай нийлүүлснээс болж намынхаа гишүүдтэй түнжин хагарч, шүүх дээр маргаан үүсэж бужигнуулсан түүх түүнд бий. 2008 онд парламентад хөл тавихын тулд Иргэний хөдөлгөөний эвсэлд нэгдсэн. Гишүүн болмогцоо эвслийнхэнтэйгээ таарамж муу болсон. 2012 оны сонгуульд намын даргын зангараг үзүүлж чадалгүй хойш суусан гэх мэт хэл яриа гарч байв. Эндээс харахад Д.Энхбат бол багийн тоглолтгүй, хувь хүний амбийцтай, амиа хичээсэн хүн. Тийм атлаа 2009 онд “Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлтгэгдсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай. Нам удирдаж чадахгүй хүн төр тэргүүлэх нь юу л бол. Хэлж ярьж байгаа нь уран цэцэн. Энэ нь магадгүй анх “Форум” гэж нэвтрүүлэг хөтөлж олонд танигдсантай нь холбоотой биз. Нэвтрүүлгийг гайгүй хөтөлдөг байж мэднэ. Улс орныг хөтөлж, манлайлна гэдэг өөр. Жиргээнд титэм үг бичээд дагагчдаа бишрүүлдэг ч хэлэх, хийхийн зааг ялгаа нь асар хол. Хэзээ ч улс төрийн эр зориг, манлайлал гаргаж чадахгүй гэдгийг нь олон нийтийн сүлжээнд ч иргэд шүүмжилсэн байдаг. Ц.Элбэгдорж шиг уран цэцэн ярих боловч амьдрал дээр өөр гэдгийг нь ч бас хэлсэн хүн бий. Товчхондоо бол олон нийтэд таалагдахын тулд уран гоё ярих, олон нийтийн төлөө ажиллах хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Хэзээ ч бүтэхгүй мөрөөдлүүд ярьж хүнийг татна гэдэг популизм. Жиргээнд бичсэн мөрөөдлөө жинхэнэ амьдрал болгох хэцүү.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хувьд олон нийт байтугай нам дотроо хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа улстөрчид. АН-ын хоёр хуваагдан хагарсан шалтгааны эхийг тавигчид ч гэж болно. С.Эрдэнэ парламентын сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа үүрэх ёстой боловч үүдээр гараад тооноор орж ирнэ гэгч болж, өөрийн удирдсан бүлэглэлийн дэмжлэгийг авч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан. Хариуцлага, ёс зүйг түүнээс нэхээд ч нэмэргүй болчихсон. АН-ын дарга болоод намынхаа дотоод ардчиллыг үгүй хийж, дарангуйлал тогтоож, мөнгөний нам болгосон гээд С.Эрдэнийн булхай, зальхай олон. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэдгийг гудамжны нохой ч мэдэх болсон. Ц.Элбэгдоржийн заавраар УИХ-д нэр дэвшигчдээ тодруулж суусан нь жилийн өмнөх явдал.

Н.Алтанхуягийн хувьд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ тэргүүтэнтэйгээ түнжин хагармагц Х.Баттулгад очиж наалдсан. Зөвлөхөөр нь хүртэл хэсэг ажилласан. Тэр бол улс төрд маш зальжин тоглогч, нөгөө талаар овсгоотой, сүйхээтэй нэгэн. АН-ын хагарал талцлын эхийг тавьсан гол дүрийн нэг ч гэж болно. Намаасаа хөөгдөж, бие даан нэр дэвшин УИХ-ын гишүүн болоод буй. Тиймээс Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байгаа нь мөн л үүдээр хөөгдөж гараад тооноор орж ирэн хойморт тухлахаар зүтгэж байгаа гэсэн үг. Товчхондоо бол хоёр нэр дэвшигчийн дунд тэлүүлж суугаа АН-ын хувьд С.Эрдэнэ бол хариуцлагагүй байдал, ёс зүйн ялзрал доройтлынх нь хэмжээ, Н.Алтанхуяг бол дүрэмгүй тоглолт, зарчимгүй явдлынх нь хэмжээ юм.

МАН-аас намынхаа бүх шатны байгууллага болон социологийн судалгаа, намын нийт гишүүдийн гаргасан судалгаанд үндэслэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгах, хараат бус шударга шүүх, прокурорын тогтолцоог төлөвшүүлэх чиглэлд олон санал санаачилга гаргаж, манлайлан ажиллаж буй улстөрч. Нийгмийн захиалга, олон нийтийн шаардллага ч гэж болох нэг асуудал бол байгалийн баялгийг тэгш бөгөөд шударга хуваарилах явдал. Үүнд У.Хүрэлсүх анхаарал хандуулж, Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа алдагдсан орд газрууд, байгалийн баялгийг төрийн төдийгүй нийт ард түмний мэдэлд авчрах томоохон ажлуудыг хийж эхлүүлсэн. Үүний дотор Оюутолгойн гэрээг засаж сайжруулах зорилготойгоор Дубайн гэрээг цуцлах, Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Эрдэнэтийн 49 хувийг Монголын төрийн, ард түмний мэдэлд авчрах томоохон шийдвэрийг зоригтойгоор гаргасан бөгөөд үр шимийг нь Монголын ард түмэн хүртэж эхлээд байгаа. Тухайлбал, коронавирусийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед ард иргэдийн орлого багасч буй нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэх шийдвэрийг Ерөнхий сайд байхдаа гаргасан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн олж буй ашгаас нийт айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын тог цахилгаан, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэглэсэн шийдвэр нь Монголын ард түмэн нэн хүнд цаг үеийг эрсдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон том бүтээн байгуулалтын ажлуудыг хөдөлгөж, тулгамдсан асуудлуудыг шийдэж чадсан. Үүгээрээ тэр хамгийн бүтээлч Ерөнхий сайд байв. 2016 оныг хүртэл улсын эдийн засагт учирсан уналт, саад бэрхшээлийг эхний ээлжид тогтворжуулах, цаашлаад богино хугацаанд огцом өсөлтийг бий болгох зорилт тавин ажилласан нь өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгсөн. Энэ хүрээнд нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, төмөр замын бүтээн байгуулалт, автозамын шинэчлэлийн бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлуудыг амжилттай эхлүүлэн үргэлжлүүлж байгаа билээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулсны дараа хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн зэрэг өнөөгийн Монголын нийгэмд ард түмнээ талцуулж хуваадаг бус эв эеийг эрхэмлэн, зөвшилцөл ойлголцлыг чухалчилдаг албан тушаал юм. Тийм ч учраас МАН төрийн өндөрлөгүүд нь нэг зүгт харан эв эетэй байж, богино хугацаанд Монгол Улсад хөгжил дэвшил бий болгож, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах чиглэлд хамтран ажиллах зорилго тавин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь хяналт тавих бус эв нэгдлийг эрхэмлэгч, эв эеийг хичээгч, хагарч бутарсан улс төрийн намууд, ард иргэд, тодорхой түвшний хүмүүсийг зөвшилцүүлэх, эвлэрүүлэх томоохон үүргийг хүлээдгээрээ илүү онцлог юм. Тийм учраас МАН Монголын нийт ард түмний итгэл, сэтгэлийг авч сонгогдох чадвартай итгэл дааж ажиллах, бусад төрийн институцтэй хамтран богино хугацаанд улс эх оронд хөгжил дэвшил авчирч чадах хүнийг нэр дэвшүүлсэн гэдгийг та бүхэндээ хэлье” хэмээн онцолсон юм. Төрийн институциуд харилцан ойлголцож, нэг зүгт харж, хамтран ажиллах хамгийн чухал. Энэ талаас харсан ч, мөн дээр дурдсан давуу талуудыг нь харгалзсан ч МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг илүү жин дарж байна. Түүний мөрийн хөтөлбөрт туссан улс орны хэмжээнд хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого, хууль, шүүхийн шинэчлэлийн талаарх үзэл баримтлал нь эрх баригч намын бодлого, мөрийн хөтөлбөртэй уялдсан тул хэрэгжих бүрэн үндэслэлтэй юм.

Г.ХАНГАРДИ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here