Эхлэл ЗАХИДАЛ Цагаан монгол, ногоон дэлхий

Цагаан монгол, ногоон дэлхий

132
0

Хорлоогийн ЦЭВЛЭЭ /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

Мунхгийн харанхуй Монголыг нөмөрлөө, харамсалтай байна. Уурын мунхаг улс төрийн амьдралыг ээдүүллээ, хайран байна. Гэвч цээлийн ус ширгэж цэгээн чулуу хагарсан ч монгол түмний сэтгэлийн нар хэзээ ч хүүшилдэггүй. Одоо бидний тархи толгойд олон сайхан юм бодогдоод их аятайхан байна. Хавар ирлээ, сайхан байна. Ханш нээгдлээ, сайхан байна. Тэнгэрийн муухай ариллаа, сайхан байна. Хүний муухай ч бас арилж хатуу хөл хорио тогтоолоо, сайхан байна. Төр түмний үнэн цагаан сэтгэл шуналын мунхгийг дийллээ, сайхан байна. Тухайлбал, айл өрх бүхэнд цахилгаан дулаан, уур усны төлбөрийг зургаан сар чөлөөлж өглөө сайхан байна. Басхүү иргэн бүрд нэг удаа 300 000, хүүхэд бүрд сар тутам 100 000 төгрөг өглөө, сайхан байна. Түүнчлэн хувиараа аж ахуй эрхлэгчдэд арван их наяд төгрөгийн санхүү зээлийн боломж олголоо, сайхан байна. Хамгийн чухал нь гадаад дотоодын амаргүй хүнд нөхцөлд ард иргэдээ вакцинжуулж амжлаа, сайхан байна. Монгол төрийн түүхэнд тод үсгээр тэмдэглэх учиртай билэг оюуны шинэ үе ирж явааг эдгээр баримтаас олж харлаа, сайхан байна. Үүрийн шаргал туяа шөнийн харанхуйг үлдэн хөөх мэт өнөөгийн мунхгийн харанхуйг сайхан сэтгэлийн гэрлээр гийгүүлж чадсан цагт амар амгалан амьдрал айлчлан ирнэ гэж өвөг дээдсийн минь үлдээсэн өнийн түүх хүүрнэж байна.Учир байдал нэгэнт ийм байх тул ямарч атугай ариун цагаан сэтгэлийнхээ ач буянаар монгол үндэстнээ бүхэлд нь мөхөл сүйрлээс аварч чадсан эзэн богд Чингисийнхээ алтаар бичигдсэн үеийг эргэж нэг дурсах нь зөв буй за.

Үүний тулд юуны өмнө найман зууны тэртээх монгол түүхийн нэвтэрхий толь болж байдаг “Монголын нууц товчоо”(МНТ) гэдэг алдарт судар номыг ахин дахин сөхөж үзлээ. Чингээд онцын сургамжтай ганц хоёрхон баримт түүж авсныгаа өөрийн бичсэн энгийн борог тайлбартайгаар толилуулъя гэж зориглолоо. Буурал замбуулингийн чанх зулай дээр гишгэж төрсөн Чингис гэдэг тэр их хүн бол хувь хүнийхээ хувьд ижилгүй ховор сайхан монгол хүн байсан гэж тэрхүү МНТ судар хүүрнэдэг юм байна.

Баримт түшье.

Нэг.“…тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлүн үжин, хөвүүдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нүүж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,

Цээлийн ус ширгэв

Цэгээн чулуу хагарав

гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй, цааш нүүж “Чи ингэж ятгах буюу” гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.

(МНТ-ны 73. 5.) Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов.

Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: “Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав” гэвэл Тэмүжин түүнийг үзээд уйлж гарав” гэсэн хэдэн үг МНТ-ны 73 дугаар зүйлд байдаг юм байна. Ургийн судраас нь хөөж үзвэл Чирха өвгөн, Тэмүжин хүү хоёр чинь тийм ч ойрын төрөл хүмүүс биш байна. Бодончар богд өвөөгийн зургаа дахь үеийн хүн гэдэг Байшинхор догшны дараах зургаа дахь үеийн буюу их холын садан улс юм билээ. Тэмүжин тэгэхлээр холын хүнийг ч өрөвдөөд уйлдаг уян хайлган хүн байсан нь эндээс харагдана. Хэрэвхүйеэ тэр үед Тэмүжин хүү биш эдүгээгийн хэн нэгэн тэр тусмаа манай сайд дарга нэгэн байсан бол Чирха өвгөнийг өрөвдөж уйлах болов уу, яах бол оо гэж бодож үзлээ. Тэгсэн тань Чирха өвгөнийг тайтгаруулахаар баахан цэцэн цэлмэг сургаал номлол айлдаад, “Түргэн эдгээрэй, би танд хайртай шүү өвөө” гэж хэлээд толгойг нь нэг илчихээд гараад явчих байсан байх бий дээ, яана аа гэх бодол сэрхийх шиг болдог байна. Бид жинхэнэ ариун цагаан сэтгэлийг тийнхүү ёс төдий саймшрал болгон загварчилж нэгнийгээ хуурдаг ёсорхолд ийнхүү дасчихсан юм биш үү! Чингисийн гудиггүй цайлган чанарыг харуулсан олон баримт сэлт ном хэвлэлийн хуудсанд үлдсэн байдаг ажээ.

Баримт 2. Нэгэн удаа хүү Өгөөдэй нь “Та хүмүүсийг өрөвдөөд бас л нулимс унагааж байна уу” гэж түүнээс асуусан тухай мэдээ “Чингис хааныхны монголчууд” номонд үлджээ. “Бас л нулимс унагаж сууна уу” гэснийг бодвоос Чингис бусад хүний төлөө уйлдаг хүн байсныг л нотлох мэт ээ.

Баримт №3. Чингис хаанд алдарт Чан Чунг дагалдан бараа бололцож явсан лам Ли Че-чан гэгч бээр ”Хятдуудын хэт тансаг амьдралаас тэнгэр бурхан залхжээ. Би (Чингис) умар зүгийн атар онгон нутгийн хүн. Энгийн борог орчиндоо очиж сэтгэл амар суумаар байна. Миний өмсдөг хувцас, иддэг хоол бол үхэрчин адуучныхтайгаа адилхан. Цэргүүдийг дүү нар шигээ үздэг” хэмээн өгүүлж байсан гэж бумбын шашны гүн ухааны толь бичигт тэмдэглсэн байдаг гэнэ ээ. Цэргүүдийг өөрийн дүү нар шиг үздэг гэж хэлсэн тэр гайхамшигтай содон гоё үг дэлхийд нэртэй тэр нэгэн толь бичигт тийнхүү монгол хүний мөс жудгийг илтгэн мөнхөрчээ. Бас “Би (Чингис) умар зүгийн атар онгон нутгийн хүн. Энгийн борог орчиндоо очиж сэтгэл амар суумаар байна” гэж хүүрнэн ярьсан байдгийг ухаарвал энэ хоёр бяцхан өгүүлбэрт Чингис хаан бээр өөрийнхөө уугуул монгол хүний жинхэнэ дотоод мөн чанарыг яруу тод зураглан хэлснийг харж болох байна.

Монголчууд бид даяаршилд уусаж Монголоо алдахыг хүсээгүй бол их хааныхаа хүсэмжилж байсанчлан монгол нутгаа тийм л атар онгон байдлаар нь хадгалж тэндээ сэтгэл амар амьдарч суух учиртай юм байна. Мөн тэнд байгаа ”Хятадуудын хэт тансаг амьдралаас тэнгэр бурхан залхжээ” гэдэг үг нүд чихний баясал төдий болгоод орхих аргагүй том сургаал мөн байна. Би буруу ухаараагүй бол хэт тансаглал гэдэг чинь эдүгээ цагийн Монгол Улсын давагдашгүй гашуун бэрх зовлонгийн нэг томоохон үүр уурхай болсон байна. Ерөөсөө энэ айхавтар атаархал, үгүйсгэл, тансаглал гурав бол Монголыг хойш татан чөдөрлөж байгаа чөдрийн гурван алга мөн гэж хэлмээр байна. Одоо энд тэр цагийн Тэмүжин хүүг улам хүмүүнлэг бөгөөтлөө эр зоригтой, эрс шийдэмгий болоход нөлөөлсөн байж мэдэх нэг сонин баримтыг МНТ номоос эшлэн авч сонордуулъя.

Баримт 4. Атаархахдаа алтан амийг нь бүрэлгэхээр завдаж байсан. Тайчуудаас оргон Онон голд урсгал даган нуугдаад хэвтэж байсан Тэмүжинийг анх олж харсан сүлдүсний Сорхон-шар “Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгүй” гээд өнгөрөн одсон, тэр шөнөө сайхан сэтгэлт Сорхоншар хэмээх тэр айлд түр нуугдан хоргодож амиа аврахаар шийдэн тэднийд ороход түүний хоёр хөвүүн Чимбай, Чулуун нар, “Болжмор шувуу, харцгаас дутааж бутын ёроолд хоргодвол бут түүнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хүн хоргодох гэж ирэхэд түүнийг бут шиг л аврах ёстой” гээд гэртээ нууж амь алдах аюулаас аварч орон гэр лүү нь явуулсан баримт тэнд байна. Энэ тохиолдол нь үхэлтэй халз тулгарсан хүний амь насыг зөвхөн ариухан цагаан сэтгэлтэн л аварч хамгаалдгийг бяцхан хүү Тэмүжиний сэтгэлд нь шингээж өгсөн биз. Ялангуяа ухаант хүмүүн бид харцаганаас дутаасан болжморыг нууж авардаг хээрийн харгана бутнаас дор байх ёсгүй гэсэн аугаа их санаа чухмыг хэлбэл Тэмүжиний хувьд төдийгүй өнөөдрийн манай улс төрийн зүтгэлтэн эрхмүүдэд амьдралын нэг том сургууль болоосой гэж энэхүү баримтыг энд шигтгэв.

Тийм ээ, энэхүү зангаа хувиргадаггүй байгаль дэлхийн барин тавин баримтаас эш үндэс аван сэхээрэхэд бэлгэ оюунт монгол хүмүүн бид ямарч их цас бороо, ус үер, салхи шуурганд хазайж хэлтийдэггүй, өндөрсөж намсдаггүй, байгаагаараа л байж байдаг Бурхан Халдун, Отгонтэнгэр, Суваргахайрхан уулс шигээ хэзээ ямагт нэг зангаараа өөрөөр хэлбэл хайр, хүндлэл, талархлын сайхан сэтгэлээ тогтвортой хадгалж байваас аз жаргал бидний дэргэд ойрхон байна.

Энэ юу хэлнэ вэ гэвээс сэлэм жад, буу зэвсгээр нэгийг дийлнэ, мэргэн ухаан, эрдэм мэдлэгээр хоёрыг дийлнэ, ариун цагаан сэтгэлээр бүхнийг дийлнэ гэдгийг бидний хайртай хайрхан уулс маань хараа булаасан сүрлэг сайхан дүрээрээ хэлээд л байх шиг санагдана. Эдүгээ цагийн монгол амьдралыг ерөнхийд нь харвал найман зууны тэртээх шиг ариун цагаан сэтгэл хамгийг хаанчлах хүчтэй хэвээр байгааг олж харлаа, сайхан байна. Гайхамшигтай сайхан жишээ нь манай шинэ Үндсэн хууль юм. Энэхүү үндсэн хууль бол олон зуун жил магадгүй нүүдэлч малчин амьдралтай хамт бий болж монгол хүмүүсийн бие цогцос, сэтгэл зүрх, зан суртахуунд нэвт шингэсэн ариун цагаан сэтгэлийн сор дээж хуран цогцолсон Үндсэн хууль мөн байна. Заримыг онцолж нэрлэвээс нэгдүгээрт, “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт бол бүхэлдээ цагаан сэтгэлийн хаанчлалыг орчин үеийн хуулийн хэллэгээр илэрхийлжээ. Хоёрдугаарт, хүний эрхийн 18 заалт нэн ялангуяа Монгол Улсын иргэн хүн “амьд явах эрхтэй”, “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэхчлэн заасан нь яалт ч үгүй л монгол хүнийг ээжийн уураг сүү шиг ариун цагаан сэтгэлээр энхрийлэн бөөцийлж байна.

Басхүү тун саяхан монгол төр засгийн түүхэнд урд нь үзэгдэж харагдаагүй бөгөөд өнөө үеийн Засгийн газрын сайд, дарга нарын жинхэнэ энэрэнгүй дотоод сэтгэлийн бэлгэ чанарыг илэрхийлсэн ёс зүйн нэгэн томоохон үйл явдал болж олон түмнийг цочирдууллаа. Юу гэвэл “Өргөө” амаржих газрын болон ХӨСҮТ-ийн эмч сувилагч нар яарч тэвдсэнээсээ болж ковидын халдвар авсан нялх биетэй нэгэн эхийг өвлийн хүйтэнд нимгэн хувцас, гэрийн шаахайтай, хүүхдийг дан өлгийтэй тэврэн хөхөө өвлийн хүйтэнд гарган машин хүртэл алхуулан ёс алдсан учир шалтгааны улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд, Онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Мөнхсайхан нар уучлалт гуйж улмаар тус Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон явдлыг ариун цагаан сэтгэл, энэрэнгүй зөөлөн зан араншингийн тод илрэл боллоо хэмээн олон нийт харж байна. Арга ч үгүй биз. Энэ бол 1990 оны гуравдугаар сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо огцорсныг эс тооцвол бас л анхных байлаа. Энэ бол Монголын өнөө ба ирээдүйн бодит зүй тогтол мөн биз.

Бурхан тэнгэрийн таалалтай зүйрлэж болмоор цаглашгүй ач тустай ариун цагаан үзэл санааны манаанд ээлжгүй зогсдог мэргэшсэн манаач нарыг нэр цохон тэмдэглэе. Тэд бол эрүүлийг хамгаалахын эмч сувилагч, асрагч нар, хэвлэл мэдээллийн сэтгүүлч сурвалжлагч, нийтлэлчид, урлаг соёлын уран бүтээлчид, сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, шашин номын санваартан хуврагууд, төр засгийн удирдах зүтгэлтэн хийгээд төрийн хууль цаазыг сахин хамгаалдаг хууль хүчний байгууллагын шударга ажилтнууд байгаа юм. Өнөөдрийн энэхүү цар тахлаас хамгаалах фронтын тэргүүн шугаман дээр эмч, сэтгүүлч, цагдаа, онцгойгийнхон л бүхнээс түрүүнд очоод зогсож байна.

Миний бодоход ялангуяа манай эрүүлийг хамгаалахын эмч, эрдэмтэн мэргэжилтнүүд бол 1939 онд Халхын голд, 1945 онд Жанчхүүгийн даваанд тулалдаж явсан баатарлаг дайчидтайгаа адилхан эх орныхоо дуудлагаар ард иргэдийнхээ алтан амийг амар мэнд хамгаалж авч үлдэхийн төлөө өдөр шөнөгүй тулалдаж явааг зориуд сануулмаар байна. Яагаад гэвэл тэдний тийнхүү ядарч туйлдтал мачийн зүтгэсээр байгааг харсаар үзсээр байх бөгөөтлөө тэрхүү байлдааны цагийнхтай адилтгах хэмжээний үнэнч ажиллаж байгаа гавьяа зүтгэлийг мөнхүү байлдааны цагийн дэглэмээр цаг цагт нь үнэлж төр засаг одон медаль, алдар цолоо хүртээж байгаасай хэмээн олон түмэн хүсэж байна. Цалин хөлс чухал боловч тэр нь тэдний гавьяаг мөнхлөн хадгалж чадахгүй тул төрийн одон медаль, алдар цолоор давхар давхар шагнах нь эцэстээ зөв болно. Монгол Улсын одоогийн Засгийн газраас боловсруулж төрийн эрх баригч дээд байгууллагаар батлуулж нийтээр дагаж мөрдөх албан ёсны бодлого болгосон “Алсын хараа 2050“ хөтөлбөрийг талархан дурдахгүй өнгөрч яавч болохгүй гэж санана. Хэрвээ би эндүү ташаа ухаараагүй бол энэхүү шинэ бодлогын ачаар ууртай хэрүүлтэй, хэл ам ихтэй байгаа өнөөдрийн монгол орон эвтэй найртай, хайртай халамжтай амьдардаг сүүн цагаан зорилготой монгол болох замдаа орж байгаа юм байна. Бүр цаашлаад инновацад суурилсан оюунлаг монгол, эрүүл ухаанд шүтсэн аюулгүй монгол, хөдөлмөрчин бүтээлч хүмүүсийн бийлэг монгол, цахимжсан монгол, шилэн монгол, шударга монгол, эцэст нь тэгээд аз жаргал ундарсан ариухан цагаан монгол орон болох алтан шар зам энэхүү хөтөлбөрөөр нээгдэж байна гэдгийг онцолж байна.

Ялангуяа ядуу зүдүү ямаачин удамтай, баячуудын ад шоо үздэг ямааг бусдаас илүү хайрладаг буурал өвгөн миний хувьд онцгой олзуурхаж байгаа нэг асуудал энд орсон байгаа юм.

Юу гэвэл Монголыг дан ганц гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай дээр түшиглэн хөгжүүлнэ гэх олон он жил ноёрхсон хазгай хэлтгий бодлогыг тэгшитгэн засварлаж ямартай ч гэсэн хэзээ ямагт өөрөө нөхөн сэргэж байдаг мал аж ахуйн гаралтай үйлдвэрлэлдээр тулгуурлан хөгжүүлэх язгуурын нүүдэлчин удмын монголжуу үзэл санаа “Алсын хараа 2050” хөтөлбөрөөр дамжин хэрэгжих ерөөл тавилантай байж хэмээн хуучцуул бид талархаж байна. Энэ бодлого бол дөч, тавиад онд манай нам төрийн ахмад удирдагчдын дэвшүүлж байсан “ноос бол алт”, малын “амьсгалаас бусдыг алт мөнгө болгон ашиглая” зэрэг нүүдлийн соёл иргэншлийн язгууртай жинхэнэ монгол бэлгэ оюуны залгамж халаа болсон “Цагаан монгол, ногоон дэлхий, ургадаг алт” гэж нэрлэвээс зохилтой холч мэргэн үзэл санаа энэ хөтөлбөрийн чандаас харагдаж байх шиг.

Нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан амьдрал бол яалт ч үгүй байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан байдаг учраас түүнийг уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ унаган төрхөөр нь хөгжүүлэхийг зорьсон Монголоо алдаагүй монгол төр засгийн монгол бодлого гэж хэлэхэд алдаа болохгүй байх. Одоогийн нөхцөл байдлыг харахад нэг маш том агаад шийдвэрлэхэд туйлын хүнд бөгөөтлөө шийдвэрлэхгүй бол Монголыг минь монгол биш болгох аюултай асуудал байх шиг байна. Энэ бол өмнийн элсэн говийг цэцэг навч, ой мод, зүлэг ногоо, гол мөрөн, нуур цөөрөм хосолсон ногоон говь болгох явдал байх болно. Үүнийг дэлхийн олон улсын том төслөөр шийдвэрлэхгүй бол Монгол дангаараа дийлэхгүй байж мэднэ.

Харин энэ удаад тэр тухай биш түүний угтвар болсон цагаан монгол, өөрөө ургадаг алт хэмээх урд өмнө нь хэлж огт дадаагүй шинэ үзэл санааны талаар багахан тодруулж хэлмээр байна. Миний бодлоор цагаан монгол гэдэг чинь монгол хүний тархи толгой дахь бодол санаа нь цагаан, аюулхай цээжин дэх сэтгэл нь цагаан, төвхнөн тухалдаг орон гэр нь цагаан, адгуулан малладаг хонь мал нь цагаан, эдэлдэг ноос ноолуур нь цагаан, хайрладаг сэтгэл нь цагаан, амьдардаг зорилго нь цагаан, амтат идээ нь цагаан, уудаг цай ундаа нь цагаан, ийм учраас бидний монгол бол цайлган цагаан монгол яалт ч үгүй мөн.

Бидний оршин амьдарч байгаа энэхүү байгаль дэлхий бол байгаагаараа л байж байдаг, байнга өөрийнхөө дотоод зүй тогтлоор ургаж нөхөн сэргэдэг ногоон өнгөтэй, цагаан дотортой агаад хамаг амьтны эх болсон энэрэлт хорвоо мөн билээ. Монголын мал аж ахуй бол мал бэлчээр, өвс тэжээл, өвөлжөө хаваржаа гээд бүхэлдээ тэрхүү байгаль эхийн салшгүй нэгэн хэсэг мөнөөсөө мөн. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн мал аж ахуй бол монгол хүнийг, цаашлаад Монгол Улсыг бүгдийг тэжээж байдаг байгаль ээж. Бид бол бэлчээрийн мал аж ахуй гэдэг энэ л байгаль ээжийн хүүхдүүд. Чингэхлээр Монголыг мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр тулгуурлан хөгжүүлэхээр заасан “Алсын хараа 2050” хөтөлбөрийн агуулга нь яалт ч үгүй цагаан Монголыг ногоон дэлхий хэмээх энэрэлт ээжийн асрамжид дулдуйдан хөгжүүлэх үзэл санаа юм байна гэж олзуурхаж байна.

Энэ бодлогыг арай ондоо үгээр илэрхийлбэл өөрөө нөхөн сэргээгддэг алт мөнгөний “амьд уурхайг” нээн ашиглахаар шийджээ хэмээн хэлж болох байна. Алт мөнгөний амьд уурхай гэж юуг хэлнэ вэ гэвэл ноолуур өгдөг ямаа, ноолуур шиг ноос өгдөг ботго тором, ноолуур шиг хөөвөртэй сарлаг үхэр, ноолуур мэт ахар хурганы ноос өгдөг хонин сүрэг нь үеийн үед Монголыг тэжээж чадах хамгийн үр ашигтай, өөрөө “ургадаг алтны уурхай” мөн юм. Бараг бүх суманд ноолуур эдлэлийн орчин үеийн цомхон үйлдвэр байгуулж болох ирээдүй байгааг малчин удмаас төрсөн манай намын залуу удирдагчид олоод харчихсан юм байна. Ноолуур эдлэлийн үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүртэл хөгжүүлэх нь нүүдлийн соёл иргэншлийг даяаршлын дайралтаас хамгаалж авч үлдэх хамгийн үр нөлөөтэй чухал гарц мөн тул энэхүү ташрамыг ашиглан ийнхүү онцлов.

Газрын доорх алт мөнгө нөхөн сэргээгдэхгүй тул эрт орой нэгэн цагт дуусна гэхээс гадна хамаа намаагүй ухаж сэндийлбэл эх дэлхийгээ ч эвдэж магадгүй. Харин өөрөө ургадаг алт бол дуусахгүй ургасаар л байх болно. Тэр л мөнхийн онгон дагшин байгаль дэлхийн амьд суурин дээр Монголын сайхан эх орон минь ариухан цагаан бадам цэцэг шиг дэлгэрч байх болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here