Эхлэл Баримт, тайлбар Бэлэн байдлын зэргийг сулруулж, вакцинд бүрэн хамрагдсан иргэнд урамшуулал олгоно

Бэлэн байдлын зэргийг сулруулж, вакцинд бүрэн хамрагдсан иргэнд урамшуулал олгоно

157
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, манай улс өнгөрсөн сараас гамшгаас хамгаалах бэлэн байдлын “улаан түвшин”-д шилжиж, хатуу хөл хориог мөрдсөн. Энэ хугацаа ирэх бямба гарагт дуусах бөгөөд зэрэглэлийг “улбар шар” түвшинд шилжүүлж, бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд, Сангийн болон Эрүүл мэндийн сайд нар нэмэлт мэдээллийг өгсөн юм.

Мэдээллийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хийсэн хэлэлцээрийн хүрээнд иргэдээ долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд дархлаажуулалтад бүрэн хамруулах боломж бүрдсэн гэдгийг онцолсон. Түүнчлэн “Спутник” вакцины нэг сая тунг худалдан авах гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэвч ОХУ дотооддоо нийлүүлэлтээ хангаж чадахгүй, гадаад улс орон руу нийлүүлэх боломжгүй байгаагаас үүдэн татан авалт удааширсан. Сая тун вакцины гэрээ хийсний 20 мянган тун нь ирсэн. Үүнд 65-аас дээш насны иргэдээ хамруулна гэдгийг хэллээ. Түүнчлэн цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрд 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг гаргах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Вакцин сайн дурынх боловч “COVID-19” цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй. Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа. Манай ард иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй байна. Харин энэхүү арга хэмжээнд зарцуулагдах санхүүжилтийг төсвийн шинэчлэлийн хүрээнд шийднэ. Цөөн хүн эрхээ эдэлж байна гээд олонхынхоо эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй тул нийгмийн хариуцлагаа нэгдүгээрт тавьж, вакцинжуулалтдаа хамрагдах нь чухал байна. Үүнийг хариуцлагажуулахаар албадлагын арга хэмжээг авч байгаад эрүүл мэндийн эсрэг заалттай хүмүүсийг оруулахгүйгээр тусгайлан үзнэ. Энэ талаарх тоо судалгааг Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргаж, танилцуулна” гэлээ.

ЭМЧ, СУВИЛАГЧ, ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭР НЬ ҮНЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байхаар болов. Үүний дагуу цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5000, цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5000, өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70.000, хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ. Энэ тухайд Сангийн сайд “Өнгөрсөн жил 2021 оны төсөв батлахдаа эрүүл мэндийн салбарын багцыг 1.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, сардаа 120 тэрбум орчим төгрөгийн гүйцэтгэл гарч байх ёстой салбар. Гэтэл тавдугаар сар гарчихаад байхад дөнгөж 220-оод тэрбумын гүйцэтгэлтэй явж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн шинэчлэлийн хүрээнд салбарын санхүүжилтийн хувьд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл удаашралтай байсан тал бий. Иймээс Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэд гаргаад явах шийдэлд хүрсэн. Вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд бүтээмжээрээ үнэлэгдэж, цалин нь очно гэсэн үг” хэмээн тодотгосон. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Тус салбарын тусламж, үйлчилгээний санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилан ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлээд байна. Энэхүү гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд “COVID-19”-ийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний санхүүжилтийн журмыг Сангийн болон Эрүүл мэндийн яам хамтран гаргалаа. Вирусийг илрүүлж оношлох, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, мөн хөнгөн хэлбэрээр өвдөж тусламж үйлчилгээ авч буй иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтаар санхүүжүүлэхээр болсон. Мөн өрх, сум, тосгонд хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэн, тусламж үйлчилгээ үзүүлэх санхүүжилттэй болно. Эрсдэл өндөртэй хөнгөн, хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлэхэд биеийн байдлаас хамаарч 650 мянгаас дөрвөн сая 300 мянган төгрөг байхаар тарифыг шинэчлэн тогтоосон” гэлээ.

ХИЛЭЭР НЭВТРЭХ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨН НЭЭХИЙГ ХОЙШЛУУЛЛАА

Манай улс энэ сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд мэдээлж байсан бол энэ хугацааг сунгажээ. Ингэснээр улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг өөрчилсөн байна. Тодруулбал, автозам болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэж үзжээ. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Харин Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцож, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээв-рийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагд-сан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгалаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here