Эхлэл ЭДИЙН ЗАСАГ Д.Батсүрэн: Малын зүй бус хорогдол цаашид буурах төлөвтэй байна

Д.Батсүрэн: Малын зүй бус хорогдол цаашид буурах төлөвтэй байна

177
0

С.ИЧИНХОРЛОО

ХХААХҮЯ-ны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.БАТСҮРЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улсын хэмжээнд хаваржилт хэр байгаа вэ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хаваржилт хүндэрсэн аймаг, сумд бий юу?

-Мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал хэвийн, бүх нутгаар хур тунадас орж, тодорхой хэмжээнд хөрсөнд чийг өгсөн байна. Одоогоор хаваржилт хүндэрсэн аймаг, сум байхгүй. Өнгөрсөн жилийн зуншлага тааруу, ургамлын гарц муу байснаас өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймагт эрсдлийн үнэлгээ хийж, хаваржилтын үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газар, УОК-оос тодорхой, шат дараалсан арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч ажилласнаар хаваржилт харьцангуй хүндрэл багатай, хэвийн үргэлжилж байна.

-Мал төллөлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Мал төллөлт, төл бойжилтын талаарх мэдээг долоо хоног бүрийн пүрэв гарагт орон нутгаас хүлээн авдаг. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 24 сая эх малын 60.2 хувь буюу 15.3 сая нь төллөөд байна. Мал төллөлтийн байдлыг авч үзвэл баруун бүсэд 75.8, хангайд 58.6, төвийн бүсэд 55.5, зүүн бүсэд 63.5 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч,14.8 сая төл бойжиж, төл бойжилт 96.6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа юм.

-Төл бойжилт хэвийн байгаа юу. Цасан болон шороон шуурга зэрэг байгалийн хүчин зүйлээс шалтгаалан төл хүлээн авахад хүндрэл учирсан уу. Тухайлбал гуравдугаар сарын 14-нд болсон шуурганд 12 аймгийн 50 гаруй сум өртсөн шүү дээ?

-Мал төллөлтийн ажил эхлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагуудтай цахим хурал хийж, төл хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, малчид, мал аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллах талаар чиглэл өгдөг. Тэд төл хүлээн авах бэлтгэлийг сайн хангаж ажилласнаар мал төллөлтөд үүссэн хүндрэлгүй, хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд болсон цасан болон шороон шуурга нийт нутгийг хамарч, зарим аймагт нөхцөл байдал хүндэрч, мал хээл хаях, хорогдох тохиолдол гарсан. Уг асуудалд Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, олон улсын төсөл хөтөлбөрүүд анхаарлаа хандуулж дэмжлэг туслалцаа үзүүлж, малчидтайгаа хамтран бэрхшээлийг даван туулсан.

-Отрын малыг гаргах маршрут, хуваарийг хийж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Аймаг дундын отрын бүс нутгуудыг малын хөлөөс чөлөөлөх ажлыг орон нутгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох албаны хүмүүстэй хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аймаг дундын отрын бүс нутгаас 478 өрхийн 431.7 мянган толгой малыг гаргаж, гүйцэтгэл 65 хувьтай байна. Орон нутагт хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан 205 өрхийн 232.2 мянган малыг отрын бүсээс чөлөөлөх ажил хүлээгдэж байна.

-Малын зүй бус хорогдлын талаар мэдээлэл өгөөч. Улсын хэмжээнд хэчнээн мал хорогдоод байна вэ?

-Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүр орон нутгаас авч байна. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 1.3 сая мал хорогдсон нь оны эхэнд байсан нийт малын хоёр хувьтай тэнцлээ. Мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Төв зэрэг аймагт нийт 1.1 сая мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 86.4 хувийг эзэлж байна. Малын зүй бус хорогдол цаашид багасах хандлагатай байгаа.

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хаврын ажил ид өрнөж байна. Халдварын эрсдэлгүй ажиллах нөхцөл байдлаар хэрхэн хангаж байгаа вэ?

-Ковидын нөхцлөөс шалтгаалан улсын хэмжээнд цаг үеийн ажил амаргүй байдалтай байгаа ч хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажлыг технологийн хугацаанд хэвийн явуулахад яамны зүгээс онцгой анхаарч байна. Мал төллөлт, тариалалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлт, малын үзлэг ангилалт, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ гээд манай салбарын олон ажил яг энэ цаг мөчид эхэлдэг. Бүх ажил технологит хугацаатай бөгөөд орон нутгийн мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх шаардлагатай учраас тариаланчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгууллаа. Мөн орон нутагт вакцинжуулалтын ажил эхэлсэн тул мэргэжлийн байгууллагын албан хаагч, малчин, мал аж ахуй эрхлэгчид дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн. Бүх шатанд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч байна.

-Яамны зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн хувьд бие даасан, чадвартай болгон хөгжүүлэхийн суурь нь цахимжуулах явдал гэж харж, салбарын хэмжээнд “Цахим хөдөө аж ахуй” хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлыг хийж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Мал аж ахуйн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, малын бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, мөшгих тогтолцоог бий болгож байна. Энэ ажил малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлснээр эхлэх тул ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг зарласан. Аяны хүрээнд үржилд ашиглаж буй хээлтүүлэгч, баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн хээлтэгч, төвийн бүсийн үхэр сүргийг эхний ээлжинд бүрэн ээмэгжүүлж, Бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулна. Цаашид бүх малыг бүртгэлтэй болгох ажлыг шат дараатай зохион байгуулж, төсвийн урамшууллыг бүртгэлийн мэдээлэлд үндэслэн олгодог болох, бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалдаг болох зорилтыг тавьж байна. Мөн сүргийн эргэлтийн тооцоолол бодох программыг “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгтэй боловсруулж, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд ашиглахад бэлэн болоод байна. Энэхүү программыг ашигласнаар малчин, мал аж ахуй эрхлэгчдийн тухайн жилд өсгөн бойжуулах, зах зээлд худалдан борлуулах малын мэдээлэл тодорхой болж, малчин өрхийн жилийн орлого, зарлагын тооцоолол бодитой гарах боломж бүрдэж байгаа юм. “Цахим хөдөө аж ахуй” хөтөлбөрийн хүрээнд тухайн салбарт ашиглаж буй бүх мэдээллийг нэгдсэн нэг цонхоор харах, мэдээлэл авах боломжоор хангах зорилготой ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here