Эхлэл Баримт, тайлбар Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо өдөрт 2500-3500 хүрэх байжээ

Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо өдөрт 2500-3500 хүрэх байжээ

147
0

С.ЮМСҮРЭН

Сар орчмын хугацаанд тогтоосон хөл хорио үр дүнтэй болж, сүүлчийнх байгаасай гэж хүн бүр хүсэж, дор бүрнээ хичээцгээсэн. Үр дүнгийн тухайд Засгийн газар зорилго, зорилтоо хангалттай түвшинд биелүүлсэн бол сүүлчийнх байх эсэх нь одоо иргэд, олон нийтээс хамаарна. Засгийн газар “COVID-19” халдварын голомтыг хумьж, тархалтыг хязгаарлахын зэрэгцээ вакцинжуулалтыг эрчимжүүлж, үр дүнд хүргэх зорилгоор өнгөрсөн сарын 10-наас мөн сарын 25 хүртэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон. Нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү шийдвэрийг дахин 14 хоног сунгаж, улмаар энэ сарын 8-ны 06:00 цагаас хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Ингэхдээ 18 байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр үлдээхийн зэрэгцээ орон нутаг руу зорчих хөдөлгөөн болон нийслэл дэх томоохон захуудыг энэ сарын 22-ныг хүртэл нээхгүй байх шийдвэр гарган мөрдөж байна. Хөл хориог ийн үе шаттайгаар сулруулсан ч цар тахалгүй болж буй гэсэн үг биш тул иргэд дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал юм. Хөл хорио тогтоосон дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тухайд улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 70 гаруй хувийг вакцины нэг дэх, 30 гаруй хувийг хоёр дахь тунд хамруулжээ. Харин нийслэлийн хувьд 18-аас дээш насны хүн амын 93.2 хувийг вакцины нэг дэх, 50 орчим хувийг хоёр дахь тунд хамруулаад байна. Одоогоор 65-аас дээш насныхныг “Спутник-V” вакцинаар дархлаажуулж буй бөгөөд дөрөв, тавдугаар сард зорилтот бүлгийн хүн амаа үе шаттай вакцинжуулалтад хамруулах Засгийн газрын зорилт биелж, төлөвлөснөөс арав орчим хоногоор түрүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

ЕСДҮГЭЭР САРД НИЙТ ТОХИОЛДОЛ 190000-200000 ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ БАЙСАН

Дараагийнх нь халдвар илрүүлэлтийг нэмэгдүүлж, өдөрт батлагдах тохиолдлын тоог бууруулах явдал юм. Хөл хорио тогтоохоос өмнө хөл хөдөлгөөн их, харьцангуй цөөн тооны хүнийг илрүүлдэг байсан бөгөөд халдвартай хүмүүсийн хуримтлал үүссэн байжээ. Харин хөл хорио тогтоосны дараа гол замуудын хөдөлгөөн 37, ажлын байрных 44 хувиар багассан бол орон сууцны дэргэдэх хөдөлгөөн 27 хувиар нэмэгдсэн байна. Хөл хорио тогтоонгуут зүй тогтлоороо эхний долоо хоногт илрүүлэлт нэмэгддэг ч холбогдох албаныхны таамаглаж, тооцоолж байснаас харьцангуй бага байсан аж. Тодруулбал, өмнө нь хуримтлагдсан халдварын илрүүлэлт 3040 хувиар нэмэгдсэн байна.

Дотоодод халдвар бүртгэгдсэн арваннэгдүгээр сараас хойш хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон бөгөөд тухайн хөл хорио ямар үр дүнтэй байсан бэ гэдгийг холбогдох албанынхан тогтоожээ. Тодруулбал, арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорио үр дүн сайтай байжээ. Харин шинэ жилийн үеэр тогтоосон хөл хорио 80 орчим, Цагаан сарын үеийнх 90 орчим хувийн үр дүнтэй байсан бол хамгийн сүүлд тогтоосон хөл хорио 60 хувийн үр дүн, чанартай байсан гэдэг тооцоолол гаргасан байна. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол ирэх есдүгээр сарын 1 гэхэд халдварын нийт тохиолдол 190000-200000 хүрэх магадлалтай байсан гэдгийг УОКын дэргэдэх Судалгаа шинжилгээ, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн хэллээ. Тэрбээр “Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт гарах тохиолдлын тоо улам өссөөр байх байсан. Тодруулбал, тавдугаар сарын 11ний байдлаар ойролцоогоор 2500 тохиолдол хүрэх хандлагатай байсан. Хөл хорионы чанар сайн байвал тохиолдлын тоо эрчимтэй буурч эхэлдэг. Тэгэхээр саяны хөл хорио ямар үр дүнтэй байсан бэ гэвэл, ойролцоогоор 60 хувийн чанартай байсан тооцоолол гаргасан” гэлээ.

Т.БЭГЗСҮРЭН: НАЙМДУГААР САР ГЭХЭД ХАЛДВАРЫН ТОО 90 ХУВЬ БАГАСАХ ДҮР ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА

Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт гарах тохиолдлын тоо хэд хүрэх байсан бэ гэдэг тооцооллыг мөн гаргажээ. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт гарах тохиолдлын тоо өссөөр тавдугаар сарын сүүлчээр оргил үедээ буюу өдөрт 25003500 хүрэх байжээ. Харин хөл хорио тогтоосноор энэ байдлыг багасгасан гэсэн үг юм. Тодруулбал, эхний долоо хоног тохиолдлын тоо өсөж байгаад аажимдаа буурч эхэлсэн бөгөөд одоо 800900 руу орох төлөвтэй байна. Гэхдээ халдвар 7-10 хоногийн дараа иргэдийн хийж байгаа үйл явдлаас шалтгаалж өсөх магадлалтай аж. Учир нь, “COVID19” халдварын нууц үеийн хугацаа 710 хоног байдаг тул нийгэмд халдвар тараагч байх магадлалтайг УОКын дэргэдэх Судалгаа шинжилгээ, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн анхаарууллаа.

Тэрбээр “Одоо хөл хөдөлгөөн нэмэгдвэл өдөрт гарах тохиолдлын тоо энэ сарын 11-нээс буцаад өсөх магадлалтай. Гэхдээ энэ нь вакцины нөлөөгөөр аажимдаа бууна. Гэсэн ч халдварыг нэмэгдүүлэхгүй байхын тулд аль болох найз нөхөдтэйгөө уулзахгүй, олон хүн цуглуулахгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, ажлын хамт олонтойгоо удаан хугацаанд байхгүй байхаас гадна амны хаалт зүүж, зайгаа барьж, гараа угаах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ барих шаардлагатай. Халдварын тархалт ирэх наймдугаар сар гэхэд 90 хувь буурах магадлалтай гэж тооцож байна. Үүнийг Израйлийн жишээгээр харьцуулж хэлж байна. Учир нь, Израйль улс Монгол Улстай нэлээд ойролцоо арга хэмжээ авсан. Тодруулбал, тус улс вакцинжуулалтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл явуулсан. Энэ хооронд хөл хориог сар гаруй хугацаанд тогтоосон. Ингэснээр вакцинжуулалт эхлэхэд мөн хөл хорио тогтоосон ч өдөрт гарах тохиолдлын тоо өссөөр байсан. Харин хөл хорионы чанарыг нэмэгдүүлж, хоёрдугаар тунгаа хийж эхлэхэд өдөрт гарах тохиолдлын тоо буурсан. Үүний дараа хөл хориог хэдий зогсоож, ч бага зэрэг өсөлттэй байсан ч вакцинжуулалтыг гуравдугаар сарын эхэнд хийж дуусгасан. Ингээд нэг сар өнгөрөхөд буюу дөрөвдүгээр сарын үед тус улсад өдөрт гарах халдварын тоо 90 хувиар буурсан. Монгол Улсын Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг ирэх долоодугаар сарын 1ний дотор вакцинжуулж дуусгах мэдэгдэл хийсэн. Үүнд тооцоолж үзэхэд ойролцоогоор наймдугаар сар гэхэд өдөрт гарах халдварын тоо 90 хувь багасах дүр зураг харагдаж байна” хэмээн танилцууллаа.

ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ВАКЦИНЫГ БОГИНО ХУГАЦААНД НИЙЛҮҮЛНЭ

Засгийн газраас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ныг хүртэл нээхгүй байх шийдвэр гаргаж, орон нутгийн иргэдийг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомт болон Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллаж, экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч буйг мэдэгдлээ. Тухайлбал, PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэхийн зэрэгцээ Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дуулгаж, цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Улаанбаатар хотын хувьд энэ сарын 8ны байдлаар 888354 хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол орон нутагт 648361 хүнийг дархлаажуулжээ. Нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн энэ сарын 7ны байдлаар нэгдүгээр, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТ РУУ ШИЛЖИЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ мөн ТавантолгойГашуунсухайт, ТавантолгойЗүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Засгийн газар ТавантолгойГашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж буй. Одоогоор газар шорооны ажил 80 гаруй, дээд бүтцийн барилга угсралт 67 хувийн гүйцэтгэлтэй буюу 233 км гол замын 201 км-ийг нь хийж гүйцэтгэжээ. Стратегийн ач холбогдол бүхий тухайн хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээ авч буйг Ерөнхий сайд мэдэгдлээ. Тэрбээр “Улстөржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ” гэв.

Төмөр замыг ашиглалтад оруулснаар дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 3050 сая тонн нүүрс экспортлох, бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасах, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэх, жилд 20-28 сая ам.долларын татвар төлөх боломж бүрдэх юм. Мөн байнгын 2000 орчим ажлын байр бий болно. Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан талаар Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ уурхайчдад танилцуулахын зэрэгцээ цаашид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу шилжүүлж буйг дуулгав.

Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулах бөгөөд жилд 30 сая тонн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тонн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчнийхийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийжээ. Мөн Тавантолгойд 450 мВтын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон. Энэхүү станц томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх юм. Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөжээ. Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж тул үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here