Эхлэл СОЁЛ УРЛАГ Б.Баттогтох:  Гиннесийн номд бүртгүүлэх үзэсгэлэнд Монголоос 100 зураачийг оролцуулахаар ажиллаж байна

Б.Баттогтох:  Гиннесийн номд бүртгүүлэх үзэсгэлэнд Монголоос 100 зураачийг оролцуулахаар ажиллаж байна

231
0

Б.Сийлэн

Дэлхийд хамгийн томд тооцогдох уран зургийн “Be**pART” үзэсгэлэнг дэлгэж Гиннесийн номд бүртгүүлэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү өргөн цар хүрээтэй ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд Монголоос уран бүтээлчид хараахан оролцоогүй байгаа юм. Тиймээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Баттогтохтой холбоо тогтоож, монгол уран бүтээлчдэд үзэсгэлэнгийн талаар мэдээлэхийг хүсчээ. Тэрбээр Итали улсаас эх орондоо ирсэн даруйдаа энэ тухай онлайнаар мэдээлсэн юм. Харин бид түүнтэй холбогдож дэлхийд хамгийн томд тооцогдох үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид хэрхэн хамрагдах талаар тодруулан ярилцлаа.

-Дэлхийд хамгийн томд тооцогдох уран зургийн үзэсгэлэнг дэлгэх гэж байгаа тухай та мэдээлсэн. Харин та энэхүү үйл явдлын талаар хэзээ мэдсэнээ уншигчдад маань сонирхуулна уу?

-Би өнгөрсөн онд Монгол Улсаа төлөөлөн “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцсон. Тэмцээний үндэсний хувцасны шалгаруулалтын зургийг найзынхаа галерейд авахуулах үед Гиннесийн номд бүртгүүлэх үзэсгэлэнд оролцохоор зарим уран бүтээлч зургаа өгснийг мэдсэн. Миний хувьд ийм томоохон үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа талаарх мэдээллийг өмнө нь найзаасаа сонссон л доо. Тиймээс үндэсний хувцасны зургаа авч дууссаны дараа олон улсын уран бүтээлчдийг хамруулсан энэхүү үзэсгэлэнд Монголынхоо зураач нарыг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж, гэрээ байгуулан өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо ирсэн. Гаднын орноос Монголд ирж байгаа хүмүүсийг тусгаарлаж байгаа учраас би энэ хугацааг өнгөрөөсний дараа Монголынхоо уран бүтээлчдийг дэлхийд хамгийн томд тооцогдох үзэсгэлэнд оролцуулах ажлаа эхлүүлээд байна. Бүтээлүүдийг Италийн “Atelier Montez” галерейд дэлгэх бөгөөд уг төслийг санаачлагч нь Жоржио Капогросси юм. Жоржио үзэсгэлэнг ийм өргөн цар хүрээтэй болно гэж бодолгүйгээр ажлаа эхлүүлжээ. Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс улс орон бүрд хөл хорио тогтоож, уран бүтээлчид орлогогүй болсон байна. Тиймээс Ром хотын зураач нартаа 10х10 см хэмжээтэй 30 зургаар үзэсгэлэн гаргах санааг анх танилцуулсан. Гэтэл энэ санал санаачилга олон орны хэмжээнд өрнөж, өөр улсаас үзэсгэлэнд бүтээлээ өгөх хүмүүс түүнтэй холбогдсон. Тэр үеэс олон улсын үзэсгэлэн гаргаж, Гиннесийн номд бүртгүүлэх бодол түүнд төрсөн юм билээ.

-Төслийг санаачлагчид хэчнээн уран бүтээлчийг хамруулахаар төлөвлөөд байна. Одоогоор Монголоос хэдэн хүн уг үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна вэ?

-Дэлхийн хэмжээний энэхүү үзэсгэлэнд 45 мянган зураг багтаах зорилготой байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, 1500 зураачийн бүтээлийг авна гэсэн үг юм. Учир нь, нэг хүн 10х10 см хэмжээтэй 30 зургаар оролцоно. Одоогоор нийтдээ 1000 орчим зураач бүтээлээ өгсөн. Манай улсын хувьд, 50 гаруй зураач энэхүү үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд зургаа зурж байна.      

-Мэргэжлийн гэлтгүй сонирхогчид ч энэхүү үзэсгэлэнд оролцох боломжтой гэж ойлгосон. Гэхдээ дүрслэх урлагийн ямар төрлөөр оролцохыг заасан уу?

-Зохион байгуулагчдын зүгээс энэ үзэсгэлэнд заавал мэргэжлийн зураач оролцуулна гэж заагаагүй. Мөн тодорхой сэдэв тогтоогоогүй. Тиймээс зураач нар сэдвээ өөрөө сонгож үзэсгэлэнд оролцох юм.

-Та Монголоос 50 гаруй зураач оролцохоор бүртгүүлсэн гэлээ. Бүтээлээ өгөөд байгаа хүмүүс ихэвчлэн ямар сэдэв сонгож байгаа бол. Энэ тал дээр зохион байгуулагчдаас зөвлөсөн зүйл бий юү?

-Усан болон тосон будгаар гээд олон төрлөөр зураач нар оролцож байна. Ер нь заавал тийм цаасан дээр, ийм материал ашиглан зурна гэж заагаагүй учраас олон улсын үзэсгэлэнд хэрхэн оролцох нь зураач нараас бүрэн шалтгаална.  

-Оролцогчдод насны хязгаар заасан уу. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэхүү олон улсын үзэсгэлэнд оролцож болох уу?

-Насны хязгаар байхгүй. Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байгаа хүмүүсийн хамгийн бага нь 10 настай бөгөөд Англи улсаас бүтээлээ ирүүлсэн. Маш гоё зурдаг, авьяастай хүүхэд бий. Тэгэхээр авьяас чадвараа сорихыг хүссэн хүн бүр энэхүү үзэсгэлэнд оролцох боломжтой гэсэн үг. Artists Mongolia пэйж хуудсанд үзэсгэлэнгийн тухай бүх мэдээлэл бий. Тиймээс тэдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа надтай холбогдоорой гэж хүсмээр байна.

-Та Монгол талыг хариуцан ажиллаж байгаа төлөөлөгчийн хувьд бүтээл авах сүүлийн хугацааг хэрхэн тогтоогоод байна вэ?

-Тавдугаар сарын 15 гэж тогтоож байгаад зургаадугаар сарын 1 болгож хойшлуулсан. Учир нь, олон зураач үзэсгэлэнд оролцох хүсэлтэй ч бүрдүүлэх материал дутуу байсан юм. Дээр нь хөл хорионы үе таарсан учраас хугацаагаа хойшлуулах шаардлага тулгарсан. Ер нь үзэсгэлэнд оролцогчдын материалыг хүргүүлэх ажлыг эмх журамтай зохион байгуулна. Олон хүнийг нэг дор цуглуулж болохгүй учраас зураач нартай өмнө нь холбогдож, ажлаа цэгцтэй хийнэ гэж бодож байгаа. Зургаадугаар сарын 1 гэж хугацаагаа тогтоосны учир нь, зураач нарын зураг Италид хүрэхэд багадаа долоо хоног шаардлагатай. Мэргэжлийн хүмүүс тэдгээр бүтээлийг хүлээж авах бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэх номд зураг болон мэдээллийг багтаах юм. Бид энэхүү номд Монголоос багадаа 100 зураачийн зургийг оруулна гэж төлөвлөсөн.

-Тэгвэл зургаадугаар сарын 1-нээс хойш зураач нар бүтээлээ өгөх шаардлагагүй гэсэн үг үү?

-Өгч болно. Ганцхан үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэж байгаа номд тухайн зураачийн бүтээл болон мэдээлэл нь орохгүй. Харин зургаадугаар сарын 1-нээс хойш бүтээлээ өгсөн зураач Гиннесийн номд бүртгүүлэх үзэсгэлэнд оролцож, дараа нь батламжаа авах боломжтой юм.

-Олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг Гиннесийн номд бүртгүүлэх үзэсгэлэнгийн нээлт ирэх аравдугаар сард болно. Ямар онцлогтой болох талаар мэдээлэл өгнө үү?

-Үзэсгэлэнгээ албан ёсоор нээчихсэн байх ёстой ч цар тахлын улмаас хойшлуулсаар өдийг хүргээд байна. Одоо байгаа мэдээллээр ирэх аравдугаар сард Итали улсын парламентын ордонд үзэсгэлэнгийн талаар олон нийтэд танилцуулна. Мөн энэ үеэр оролцогчдын бүтээл болон мэдээллийг багтаасан номын нээлт болно. Энэхүү арга хэмжээнд олон орны Элчин сайдууд оролцох юм. Хэрвээ боломж олдвол би энэ үеэр зарим зураачийнхаа бүтээлийг танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Тухайн үеийн байдлаас хамаарч өөрчлөгдөх магадлалтай. Энэ үзэсгэлэнд Монголын сор болсон зураач нар бүтээлээрээ оролцож байгаа. Тэдний зургаас монгол үндэсний онцлогийг харуулсныг нь сонгон парламентын ордонд болох үйл явдлын үеэр танилцуулбал эх орноо сурталчлах боломж олдох юм.

-Энэхүү үйл явдлын дараа Монголын уран бүтээлчид зургаа борлуулах боломжтой юу. Мөн олон улсын үзэсгэлэнгийн дараа дуудлага худалдаа зохион байгуулах уу?

-Мэдээж сүүлд үнэлгээг нь мэргэжлийн хүмүүс тогтооно. Амжилтаа Гиннесийн номд бүртгүүлсний дараа аппликэйшн дээр бүтээл болгон үнэлгээтэйгээр тавигдана. Зургийн нийт үнэлгээний  45 хувийг зураачид олгоно. Тиймээс одоо зураач нартай гэрээ хийгээд байгаа юм. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here