Эхлэл Нийтлэл Зам, тээврийн салбарын нийт үйлчилгээний 50 хувийг цахимжуулжээ

Зам, тээврийн салбарын нийт үйлчилгээний 50 хувийг цахимжуулжээ

152
0

Д.МӨНХЖАРГАЛ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар байгуулагдаж, танхимаа бүрдүүлсний 100 дахь хоног өчигдөр боллоо. “COVID-19” вирусийн цар тахлын дунд өнгөрүүлсэн эдгээр хоногт Засгийн газраас багагүй арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрч байгааг Ерөнхий сайд ард түмэндээ тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэдгээрээс энэ удаа зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар онцолж байна.

Өнөөдөр Монгол Улсын нийт зорчигч тээврийн 98, ачаа тээврийн 65 хувийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна. Үүний дотор улс хоорондын ачаа тээвэрлэлтийн 10 чиглэлд 5000 орчим тээврийн хэрэгсэл гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа бол Орос, Хятад, Украйн, Казахстан, Турк, Солонгос, Беларусь зэрэг 11 улстай “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлт хийж байгаа билээ. Мөн Польш, Чех, Австри, Герман зэрэг Европын долоон улс оронтой ийм хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Зам, тээврийн салбарт иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг 90 гаруй үйлчилгээ байдгаас одоогийн байдлаар 50 орчим хувийг цахимжуулаад байгаагийн дотор төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д жолоодох эрхийн долоо, авто тээврийн дөрвөн үйлчилгээг амжилттай холбожээ. УИХ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар Хүүхдийн төлөө санг байгуулж авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн онцгой дугаарыг борлуулсны орлогыг тус санд төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Одоогоор улсын дугаарын дуудлага худалдаагаар 606.5 сая төгрөгийг хуримтлуулжээ.

ТӨМӨР ЗАМ УРАГШИЛСААР

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхүйц бүтээн байгуулалт хэмээн үзэж, төр засгаас ихээхэн ач холбогдол өгч, санхүүжилтийг тасралтгүй хийсээр байна. Үүний үр дүнд энэ оны дөрөвдүгээр сарын эхний байдлаар 414.6 км төмөр замын барилгын ажлын газар шороо, хоолой, ус хангамж, бетон дэрний үйлдвэрлэлийн ажил бүрэн дуусаж, гүүрийн ажил 95.4, буталсан чулууны үйлдвэрлэл 66.2, гол замын үе угсралт 89.2, өртөө зөрлөгийн барилга байгууламжийн ажил 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэхээр тооцож байгаа юм. Улмаар Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамдаа найман ам.доллараар буурч, авто замаар тээвэрлэж буй зардал дөрөв дахин багасна. Эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай энэхүү төмөр замын 207 км-ийнх нь газар шороо, хоолой, дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, одоогоор гүүрийн ажил 70.7, Тавантолгойн өртөөнөөс салбарлах төмөр замын доод бүтцийн 99, ачилтын тойргийн доод бүтэц 86.2, хил холболтын төмөр замын газар шорооных 66.5, дээд бүтцийн ажлын гүйцэтгэл 80.7 хувьтай явж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж ашигласнаар Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Зүүн бүсэд эдийн засгийн томоохон төв, зангилаа бий болж, 2000 орчим шууд ажлын байр шинээр нэмэгдэж, уул уурхайн компаниуд хямд зардлаар олон улсын зах зээлд өрсөлдөх, орон нутгийн дэд бүтэц хөгжих боломжийг бүрдүүлэх юм.

УЛААНБААТАР-ДАРХАНЫ АВТО ЗАМЫГ ДОЛООДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Энэ онд авто замын салбарт 95 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршилд 1338.6 метр урт төмөр бетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх зорилттой ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлсэн. Уг ажлын хүрээнд олон улс болон улсын чанартай авто замын дагуу 100 км тутамд амрах байр, 200 км тутамд үйлчилгээний цогцолбор барьж байгуулах, замын дагуух зогсоол болон тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг эхлүүлэх юм. Мөн иргэд, зорчигчдын анхаарлын төвд байдаг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гурван багц хэсгийн ажлыг энэ оны гуравдугаар сараас үргэлжлүүлснээр нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа бөгөөд долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин хоёр багц хэсгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бол Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжих 202.4 км авто замын нэмэлт хоёр эгнээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, замын барилгын ажлыг энэ оны гуравдугаар сараас эхлүүлээд байна. Мөн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.2 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын сонгон шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгчийг тодруулаад байна.

МАНАЙ УЛС АГААРЫН ТЭЭВРЭЭР НАЙМАН ОРОНТОЙ ГЭРЭЭТЭЙ АЖИЛЛАДАГ

Монгол Улсын Засгийн газар дэлхийн 39 улстай Агаарын харилцааны тухай хоёр талт хэлэлцээр, Европын хамтын нийгэмлэгтэй “Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай” хэлэлцээр байгуулсны дагуу гадаадын 100 гаруй хот, дотоодын зургаан хот, аймгийн хооронд нислэг гүйцэтгэх, 17 улстай аяллын дугаар ашиглах зохицуулалтыг бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар дотоодын дөрөв, гадаадын агаарын тээвэрлэгч найман компанитай байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа юм. Түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ-тай хоёр талаас, Хонконг, Япон, ХБНГУ-тай Монголын талаас, БНТУ, БНКазУ-тай нөгөө талаас нислэг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Сүүлийн жилүүдэд 10 орчим хувийн тогтмол өсөлттэй байсан агаарын тээврийн үзүүлэлт цар тахлын улмаас огцом буурч, 2009 оны түвшинд хүрсэн бөгөөд нислэгийн тоо 48, ачаа болон зорчигч тээвэр 54-72 хувиар буурсан байна. Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх хөлгийн тоо, олон улсын болон орон нутгийн нислэг буурснаар орлогын хэмжээ өмнөх оныхоос 67 хувиар багасаж, 140 тэрбум төгрөг болсон төдийгүй 100 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тиймээс ЗТХ-ийн болон БОАЖЯ, ИНЕГ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын холбоо, агаарын тээврийн болон аялал жуулчлалын тур оператор компаниудын төлөөллийг оролцуулан хамтарсан зөвлөл байгуулан ажиллаж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар агаарын тээврийн орлого 25.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 51.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн агаарын тээврээр 25.2 мянган хүнийг тээвэрлэж, 731.3 мянган тонн ачаа зөөсөн гүйцэтгэлтэй байна. Харин төмөр замаар зорчигч тээвэрлээгүй ч ачаа эргэлт 14.7 хувиар нэмэгдэж, 8.1 сая тонн болжээ. Ингэснээр төмөр замын тээврийн орлого 191.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны нэгдүгээр улирлынхаас 9.9 хувиар өссөн дүнтэй байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here