Эхлэл Мэдээ Улсын төсвийн хөрөнгөөр анх удаа өвлийн спортын ордон сүндэрлэж байна

Улсын төсвийн хөрөнгөөр анх удаа өвлийн спортын ордон сүндэрлэж байна

127
0

Б.МӨНХЗУЛ

Манай улсад өвлийн спортоор хичээллэгсэд нэмэгдэх хандлагатай байгаа. Ялангуяа хоккей, цана, биатлоноор хичээллэх сонирхолтой залуус олон бий. Үүнээс гадна уран гулгалт, тэшүүр зэрэг спорт ч сонирхогчдын анхаарлыг татаж буй. Харамсалтай нь, жилийн жилд тэшүүр, хоккейн тамирчид гадаа талбайд тэмцээн уралдаан явуулсаар ирсэн. Уран гулгалтын талаар бүр ярих ч хэрэггүй байлаа. Бэлтгэл хийх орчин нөхцөл байхгүйн улмаас өнөөдөр энэ төрлөөр бид тамирчин бэлтгэж чадахгүй байгаа нь нууц биш. Мэргэжлийн дасгалжуулагч, стандарт талбайтай бол Монголд тэшүүр, хоккей, уран гулгалт хөгжих боломжтой. Тэр ч бүү хэл олон улсын тэмцээн уралдаан ч хүлээн авах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Яармаг, Буянт-Ухаагийн дэнж дээр хувийн хэвшлийн байгууллага “Мөсөн ордон” байгуулж байгаа билээ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Шинэ ордны ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд холбогдох албаныхан барилгын ажилтай танилцжээ. Анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй энэхүү өвлийн спортын байгууламж нь А, Б блокоос бүрдэх бөгөөд дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсэгтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, усан бассейн ашиглалтад орсон.Цар тахлын хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширсныг албаныхан онцлов. Гэвч тус ордны мөс тавихаас бусад ажил үндсэндээ дуусчээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна. Дээрх мөсөн ордон ашиглалтад орсноор хоккей, тэшүүрийн тамирчид тав тухтай орчинд тэмцээн уралдаанаа зохион байгуулахаас гадна бэлтгэлээ хангах боломжтой болох юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here